ӨВГӨДӨӨС УЛАМЖИЛСАН БУРХАН ШҮТЭЭНИЙГ ӨРӨӨЛД ЗАРАХ ГЭСЭН БИШ ЯЛТАН БОЛОВ

2015 оны 05 сарын 05

Туурга тусгаар Монгол Улсын түүх соёлын дурсгалт зүйлс, үнэт өвийг харьд аваачин цааш нь гуравдагч орны зах зээлд гарган өндөр үнээр худалдах гэмт хэрэг сүүлийн үед багагүй гарах болсон. Зөвхөн Монгол Улсын гэлтгүй бусад улс орны түүхийн дурсгалт эд зүйлс, соёлын хосгүй үнэт өвийг ч олон улсын дуудлага худалдаагаар борлуулж байгааг бид цахим мэдээллийн хэрэгслээр үзэж, сонсож байдаг. Зарим дуудлага худалдааг болиулах оролдлого, санал санаачилга олон нийтийн сүлжээгээр гарч байсныг санаж байгаа байх. Харин харийнханд түүх соёлын хосгүй үнэт өв, дурсгалаа хямдаар худалдаж тэдэнд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байж болзошгүй хүмүүсийг манай хууль хяналтын байгууллагынхан илрүүлэн шалгадаг ч хэрэг нь тэгсгээд л намждаг. Хилээр бурхан шашны холбогдолтой эртний эд зүйл нэвтрүүлэхийг завдсан ээж, хүү хоёрт холбогдох хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын IX шүүх шийдвэрлэжээ.

ХҮНД НОМ УНШИХАД ШАШНЫ 70 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ХЭРЭГТЭЙ ЮҮ

Увс аймгийн Түргэн суманд төрөөд ажил амьдралын эрхээр эх орны өмнөд хил, говийн бүсийг зорьсон Ц.Энхтайван гэх эмэгтэй гэр бүлээрээ Замын-Үүдэд амьдраад нэлээд оныг үджээ. Хүүхдүүд нь ч өсөж том болж, өөрөө ч өндөр насны тэтгэвэртээ суужээ. Ямар эз нь татсан юм бэ, бүү мэд ээж хүү хоёр нийлж, эцэг өвгөдөөс өвлөж ирсэн эртний эд зүйлийг хилээр гаргахыг завдан ийн хэрэгтэн болов. Хүү С.Эрдэнэсүх нь хөлөглөдөг “Пажеро” маркийн машинаа худалдаж, 54-54 УБИ улсын дугаартай “Хуашиан Ланд” маркийн автомашин худалдан аваад 2013 оны арваннэгдүгээр сарын 24-нд Эрээнийг зорьсон байна. Уг машин нь хилээр чөлөөтэй нэвтрэх эрхтэй байсанд нь эрэмшсэн үү, хил, гаалийнханд шалгуулахгүй гэж ээж хүү хоёр бодсон бололтой, хаалганы хавтсаар нь эртний эд өлгийн зүйлс дүүрэн чихсэн байжээ. Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй байх тангарагтай гаалийнхан уг машиныг шалгалгүй өнгөрүүлсэн ч хилчдийн сонор соргог байдал, түүх соёлын дурсгалт зүйлс хилээр гарахаас урьдчилан сэргийлж чадсан байна.

Хилийн шалган нэвтрүүлэх ангийн хилчин “Гаалийн хяналтын талбайгаас гарч ирсэн 54- 54 УБИ улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Ланд” маркийн суудлын автомашинд шалгалт хийж байхдаа хаалганы самбарыг барьж явсан халиваараа хөшиж зай гарган харсан аж. Тэнд хүрэн өнгийн боодолтой зүйл харагдахаар нь би жолооч С.Эрдэнэсүхийг дуудаж, машинд нь гүнзгийрүүлсэн шалгалт хийхээр болсон. Ингээд машины хавтаснуудыг нь тайлаад үзэхэд зөв талын урд хаалга болон буруу талын урд, хойд талын хавтаснуудад шашны эд зүйл болох бурхан, цөгц, суварга, бурхны зураг, судар, цамын баг, хэнгэрэг зэрэг олон тооны эд зүйлс гарсан” хэмээн мэдүүлжээ. Энэ машинаас гарсан шашны эд зүйлийг шинжээчид “35.3 сая төгрөгийн үнэ бүхий 26 дэсийн 68 нэр төрлийн 70 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлс байна” хэмээн дүгнэж, тооцоолсон байна.

Уг эртний эдлэлийн эзэн гэх 55 настай Ц.Энхтайван “Би хүүгээ Эрээн рүү гарч машинаа засуулна гэхээр нь хамт явахаар болж хэдэн хүнд ном уншиж өгөх санаатай ном судраа авсан юм. Хаана хийхээ мэдэхгүй байж байгаад машины хаалганы хавтаснуудад багтаасан. Үүнийг хүү маань мэдээгүй” хэмээн шүүх хурлын үеэр мэдүүлжээ. Харин хавтаст хэрэгт “Би хүүдээ ном судрыг маань аваарай гэж захитал, чемодан байхгүй байна, торонд хийчихлээ гээд аваад ирсэн байсан. Тэгэхээр нь би хүний нүдэнд тусахааргүй газар тавиарай гэсэн чинь хаалганы хавтсанд хийсэн байна лээ” хэмээн мэдүүлгүүд нь зөржээ. Түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг сийрүүлбэл “Би өвөг дээдсээс өвлөж ирсэн энэ бурхан шүтээнийг авч явж чадахгүй юм шиг байна. Тиймээс улсын орлого болгоод шийдчихвэл яасан юм бэ. Би Хятадад биш Монголдоо хураалгасандаа баярлаж байна” гэсэн байгаа юм.

Харин хүү С.Эрдэнэсүх мөрдөн байцаалтад уг эд зүйлийг өөрөө машиныхаа хавтсанд хийсэн мэтээр тэс өөр зүйл ярьж байснаа шүүхийн хэлэлцүүлгийн үед “Эрээн гарах үед ээж машины хаалганд бурхны ном судраа хийсэн байсныг би мэдээгүй. Хилийн цэргийнхэн түүнийг илрүүлэхэд нь сандраад өндөр настай ээжийгээ хэрэгт хийгээд яах вэ гэж бодоод “би хийсэн” гэж хэлсэн юм. Ээжийг машины хаалганд юм хийсэн гэж би мэдээгүй” хэмээн мөрдөн байцаагчид ярьжээ.

ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛД ХАМААРАХ ЭД ЗҮЙЛ БОЛОХЫГ ШИНЖЭЭЧИД ТОГТООВ

Ээж хүү хоёрын хилээр нууж гаргахыг завдсан эд зүйлийн үнэлгээг тогтоолгохоор цагдаагийнхан хөрөнгийн үнэлгээний компани болон Соёлын өвийн төв зэрэг мэргэжлийн байгууллагад ханджээ. Шинжээчид эд мөрийн баримт болох 26 дэсийн 70 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлсийн үнэлгээг Сангийн сайдын 2013 оны зургадугаар сарын 17-ны 140 дүгээр тушаалаар батлагдсан Түүх, соёлын дурсгалт, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн үнэ тогтоох журмыг үндэслэн үнэлжээ. Ингэхдээ зарим судрынх нь хуудас дутуу байсан тул жишиг үнээс бууруулан тооцоод нийт үнэлгээг 35.3 сая төгрөг гэж тооцсон аж.

Ц.Энхтайван, С.Эрдэнэсүх нарын авч явсан шашны холбогдолтой 70 ширхэг эд зүйл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу түүх соёлын дурсгалт зүйл гэсэн ангилалд хамаарахыг ч энэ үеэр шинжээчид баталж өгсөн байна. Уг хэргийг Сум дундын IX шүүх энэ оны нэгдүгээр сарын 15-нд хэлэлцэн шийдвэрлэхдээ Түүх, соёлын дурсгалт зүйл гэсэн ангилалд багтсан 70 нэр төрлийн шашны эд зүйлийг Ц.Энхтайванд эцэг өвгөдөөс нь өвлөн ирсэн гэдгийг тогтоож, хуудас дутуу зэрэг шалтгаанаар улсын орлого болгох боломжгүй, тэдгээр зүйлсийг эздэд нь буцаан олгохоор болов. Харин эд зүйл хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашиныг нь улсын орлого болгохоор шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Энхтайван, С.Эрдэнэсүх нарт нэг жил дөрвөн сар хорих ял шийтгэж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.160.55.2 дэс гэж юу гэж байгаан бол?

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд