ЦЕГ-ын дэд дарга нарыг томиллоо

2015 оны 05 сарын 04

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатар болон дэд дарга Д.Эрдэнэбаатар нарыг өөрчлөхөөр болсон талаар бид өмнө мэдээлж байсан. Өчигдөр тэдний оронд цагдаагийн хурандаа нарыг дээрх албан тушаалд томилжээ. Тухайлбал ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүхийг томилов. Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Ц.Ням-Очирыг, Дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан дэд даргаар Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад тус газар татан буугдахад ЦЕГ-ын боловсон хүчний мэдэлд очоод байсан хурандаа Ж.Буянбатыг томилжээ. Тэднийг өчигдөр 16.00 цагийн үед ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт ЦЕГ болон түүний харьяа газар, хэлтсийн удирдлагад танилцуулсан байна. Мөн энэ үеэр тавдугаар сарын 9 гэхэд шинэ бүтцийг алба хаагчдад танилцуулахаа мэдэгдсэн байна.Бидэнд олдсон мэдээллээр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыг салгаж, Эрүүгийн цагдаагийн болон Мөрдөн байцаах газрын буцаан байгуулахаар болж буй сурагтай. Харин үүнд нь мөрдөн байцаагч нарыг удирдлага дороо ажиллуулах дуртай эрүүгийн албаны зарим дарга нар ихэд дургүйцэж буй гэсэн. Түүнээс гадна Цагдаагийн албаны тухай хуулиар байх эсэх нь тодорхойгүй болсон Замын цагдаагийн газрыг Тээврийн цагдаагийн газар гэсэн бүрэлдэхүүнд багтаан сэргээн байгуулахаар болж буй гэнэ. Тээврийн цагдаагийн газарт Төмөр замын болон Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсүүд мөн багтах аж. Харин тус газрын даргаар нь Хууль зүйн сайдын ойрын хамаатан, хурандаа М.Отгонбаярыг томилохоор болж байгаа гэсэн яриа цагдаагийнхны дунд байна.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд