Улаан талбайд гурван удаа бэлтгэл хийнэ

2015 оны 04 сарын 29

Эх орны дайны  ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргүүд Москвагийн Улаан талбайд, “Тэмүүжин өрлөг” сургуулийн сурагчид Ангарск хотод ялалтын парадад алхахаар ОХУ-ыг зорьсон билээ. Улаан талбайд уухай нэмэх манай дайчид ОХУ-ын болон тус парадад хөл тавих бусад орны цэргүүдтэй хамтарсан бэлтгэлээ базаагаад эхэлсэн аж. Тэд энэ сарын 25-нд Москвад очсон бөгөөд тэднийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе,  бригадын генерал Г.Энхбаатар угтан авчээ. Бүрэлдэхүүнийг ахалж  яваа ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг  “Энэ сарын 26-27-нд Москвагийн ойролцоох Алабины цэргийн сургалтын төвд нэгдсэн бэлтгэл хийлээ. Манай бүрэлдэхүүний бэлтгэл жигдэрч, сайн байгаа. Өнөө шөнө (дөрөвдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө) Улаан талбайд хамтарсан бэлтгэл хийнэ. Мөн ирэх сарын 4, 7-нд Улаан талбайд шөнийн бэлтгэл хийнэ” гэсэн мэдээлэл өгөв. Дашрамд дурдахад, Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд  14 мянган цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн сүрт жагсаал хийхээр бэлтгэж буй. Энэ арга хэмжээнд манайхаас гадна БНХАУ, Энэтхэг, Азербайжан, Армен, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 орноос  тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг рот оролцохоор Москвад бэлтгэлээ базааж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд