ОЛОН УЛСЫН ХИЛ ДАМНАСАН КОНТРБАНДЫН ХЭРГИЙН СЭЖҮҮРИЙГ ПРОКУРОР АЛДУУЛАВ

2015 оны 04 сарын 28

Хүмүүн бид байгаль дэлхий, ан амьтандаа хэрцгийгээр хандсанаар өнөөдөр бид зарим ан, амьтнаа устаж, мөхсөн, үгүй болсон хэмээн “Улаан ном”-д бүртгэсээр сууж байна. Монголчууд бидний байгаль дэлхий рүүгээ дайрч, ан амьтнаа хэрцгийгээр устгасаны харгайгаар олон зуун жилийн өмнөөс амьтад дайжиж зугтсан түүх бий. Үүний тод жишээ нь соргог бөхөн. Манай улс эртнээс ан амьтнаа хайрлаж хууль журамдаа оруулж байсан түүх бий. Үүний тод жишээ бол соргог бөхөн агнахыг хориглосон шийдвэр 1930-аад оны үед гаргаж байсан хууль. Гэвч 1956 он хүртэл Монгол Улсад, Зүүн гарын говьд нутаглаж байсан энэ амьтан өдгөө огт үзэгдэхээ больж, Казахстан, Узбекистан, Туркменистан, ОХУ-д л цөөн тоогоор идээшлэх болсон. Дэлхийн байгаль хамгаалах сангийнхны судалгаагаар ердөө 90 орчим мянган бөхөн л байгаа гэнэ. Уг амьтан ингэж ховордсоны шалтгаан нь дорно дахины буюу Хятадын уламжлалт эмийн найрлагад ордог түүхий эдийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн бөхөнгийн эврээс гаргаж авдагтай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, хирс, соргог бөхөн зэрэг амьтад эврээсээ болж устаж байна ч гэж хэлж болохоор.

“Зет” зочид буудлын 203 тоот өрөө

81 БӨХӨНГИЙН 162 ЭВЭР ӨӨРСДӨӨ ЗОЧИД БУУДАЛД БУУХ УУ

2014 оны аравдугаар сарын 23. Баянгол дүүргийн 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Зет” гэх зочид буудлын 203 тоот өрөөнд буудаллаж байсан Д.Батхүү, А.Ганбаатар, Ц.Цолмон нарыг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч шалгаснаар Дэлхийн “Улаан ном”-д орсон нэн ховор амьтанд тооцогдож буй соргог бөхөнгийн 162 эвэр борлуулахаар хадгалж байсныг тогтоов. Улмаар тэдэнд Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шинжээчдээр экологид учирсан хохирлыг нь тооцуулсан юм. Энэ тооцоогоор 172 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учирсан гэж дүгнэжээ. Гэтэл энэ хэргийг www. shuud.mn, www.24tsag.mn, www.unen.mn зэрэг цахим хуудаст энэ онд болсон мэтээр бичсэн байгаа нь ташаа мэдээлэл аж. Хэрэгт сэжиглэгдсэн дээрх гурван хүн Монголоос дайжсан соргог бөхөнг ингэж олноор нь агнаагүй нь ойлгомжтой. Бөхөнгийн эвэр бугынх шиг өөрөө унана гэж байхгүй. Тиймээс хулгайн анчид л агнаж, эврийг нь тайрч авсан нь мэдээж.

Түүнийг нь манай улсын гурван иргэн хил давуулан оруулж ирж, цааш нь өмнөд хөрш рүү гаргахаар төлөвлөж байсан байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, хил давуулан контрбанд хийхийг завдсан байх магадлалтай. Яагаад ийн хардах болов гэхээр өмнөд хөршид ч тэр, бөхөн нутагладаг дээрх орнуудад ч тэр эврийг ширхгээр нь тоолж бус, граммаар нь жинлэн борлуулдаг гэсэн мэдээлэл бий. Манайхан ч бас жинлэж авсан байх. Тэднээс эд мөрийн баримт болгож ACS маркийн электрон жин, бөхөнгийн эврүүдийг цагдаагийнхан хураан авсан байдаг. Харин хилээр хэрхэн оруулж ирсэн, хаанаас гаралтай гэдгийг нь тогтоохоос өмнө уг хэрэгт хяналт тавьж байсан Дүүргийн II прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэл энэ оны нэгдүгээр сарын 7-нд хэрэгсэхгүй болгосон байгаа юм.

Үүнийгээ холбогдох байгууллага, БОНХАЖЯ-нд ч мэдэгдээгүй аж. Хэвлэл мэдээллийн байгууллагынхны мэдээллээр л тус яамныхан нэг сар орчмын өмнө мэдэж, хүсэлт гаргаснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг нь гуравдугаар сарын 26-нд мэдэж, үүнээс хойш долоо хоногийн дараа хуулбар хувийг нь олж авчээ. Уг тогтоолд дурдсанаар “…Д.Батхүү нар бөхөнг хууль бусаар агнасан, барьсан гэх үндэслэлгүй, улсын хилээр оруулж ирсэн гэх нотлох баримт байхгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 172 сая төгрөгийн хохирол нь Монгол Улсын амьтны аймаг, түүний нөөцөд учруулсан нь тогтоогдохгүй, хохирол учраагүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэжээ.

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ МОНГОЛ УЛС ЗӨРЧИХӨД ПРОКУРОР НӨЛӨӨЛЖЭЭ

Д.Батхүү, А.Ганбаатар, Ц.Цолмон нарт холбогдох эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн, ан агнуурын тухай хууль зөрчсөн гэх хэргийг прокурор хэрэгсэхгүй болгохдоо Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Үндсэн хуулийн заалт, нэгдэн орсон гэрээ конвенц зөрчсөн бололтой. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Манай улс Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-д 1995 оны тавдугаар сарын 4-нд нэгдэн орох тухай тогтоол УИХ баталж, 1996 оны дөрөвдүгээр сарын 4-нөөс уг конвенц хүчин төгөлдөр болсон юм.

“Вашингтоны конвенц” буюу англи хэл дээрх товчлол болох “CITES” гэсэн нэрээр танил болсон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц 1973 онд нь батлагдаж, 134 орон нэгджээ. Уг конвенцийн хоёрдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Энэхүү конвенцийн заалтуудыг зөрчиж, 1, 2, 3 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх биетийг худалдах явдлыг талууд зөвшөөрөх ёсгүй”, наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Талууд энэхүү конвенцийн заалтуудыг хэрэгжүүлэх болон энэ конвенцийн заалтуудыг зөрчиж биетүүдийг худалдах явдлыг хориглон зогсоох талаар холбогдох арга хэмжээг авна”, “тухайн биетүүдийг худалдсан буюу эзэмшсэнийх нь төлөө хариуцлага тооцож, биетүүдийг хураан авах” гэж заажээ.

Дээрх гурван хүний авч явсан 81 хос буюу 162 ширхэг соргог бөхөнгийн эврийг энэ конвенцийн дагуу хураан авах тогтоол прокурор үйлдсэн атлаа хариуцлага тооцох талаар огт дурдаагүй нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зөрчихөд прокурор нөлөөлсөн нь харагдаж байна. Түүнээс гадна дээрх хүмүүс Монгол Улсын амьтны тухай хууль зөрчсөн байгаа юм. Амьтны тухай хуулийн долдугаар зүйлийн гуравт “нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно”, 37 дугаар зүйлийн гурав дахь заалтад “амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасныг ч зөрчсөн нь тодорхой байгаа юм.

Бөхөн гэдэг амьтан нь байгаль орчинд тодорхой үүрэг, нөлөөтэй нэг төрөл зүйл. Тал хээрийн экосистемд хөрсийг нь сайжруулах гол үүрэгтэй энэ амьтныг олноор нь устгаснаар экологи доройтолд учрах аюултай. Ийм чухал ач холбогдолтой, нэн ховорт тооцогдож буй амьтнаас эврийг нь авахын тулд 81-ийг нь хядаж, улмаар хил дамжуулан худалдсан нь хүн төрөлхтний аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй гэмт хэрэг мэт. Харин манай зарим прокурор хууль, гэрээ конвенцоо бүрэн гүйцэд уншиж, судлаагүй байдаг юм уу, эсвэл хуулийн жижиг цоорхойг ашиглан хэн нэгний ашиг сонирхолд үйлчлээд байдаг юм уу, бүү мэд.

Юутай ч олон улсын хил дамжсан контрбандын сүлжээнээс атгасан цагдаагийнхны гарыг прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол хэмээх хоёр нүүр ч хүрэхгүй цаасаар мухарлачихав. Түүгээр зогсохгүй олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол Улс зөрчихөд ч нөлөөлчихлөө. Ийм хариуцлагагүй үйлдэл гаргадаг зарим албан тушаалтандаа хариуцлага тооцох, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгах нь шударга ёсонд нийцэх биз ээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
69.143.127.6 Бөхөн биш хар сүүлт байна шүү дээ ..
202.179.15.26 Та юу гэж бодож байна ...соргог бохон биш монголд байдаг хорхой бохонгийн эвэр байна ш дээ
202.61.97.81 Тэр энэрэл гэгчийг нь олж алах л үлдэж дээ
202.131.227.42 хууль новш болж дээ.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд