ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг гурван жил хорихоор болов

2015 оны 04 сарын 21

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-т багагүй хугацаанд шалгагдсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх хоёр өдөр хэлэлцэж шийдвэрлэлээ. Н.Түмэндэмбэрэл дээрх албан тушаалыг хашиж байхдаа тус яамнаас зарласан тендерт хувийнхаа “Лабтех” компанийг ялуулан төсвийн хөрөнгийг завшсан гэж буруутгагдсан бөгөөд үүнд нь тус яамныхан ч холбогдсон юм. Анхан шатны шүүх яллагдагчаар татагдан ирсэн найман хүний хоёрыг нь цагаатгаж, үлдсэн зургааг нь эд хөрөнгө завшсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцлоо. ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг гол зохион байгуулагч гэж үзэн гурван жил хорих ял ногдуулсан бол, “Лабтех” компанийн захирал Б.Болор, ЭМЯ-ны Эмнэлгийн эмчилгээ, оношлогооны хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхтуул нарыг хоёр жил хорих ялаар шийтгэв. Мөн уг хэргийн холбогдогч Түвшинтөр, Даваа, Мөнхдэлгэр нарт нэг жил зургаан сар хорих ял оноож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд уг ялыг тэнсэн харгалзахаар шийджээ. Харин ЭМЯ-ны  Эмнэлгийн эмчилгээ, оношлогооны хэлтсийн мэргэжилтэн Баяртогтох, Отгонжаргал нарын гэм буруутай нь тогтоогдоогүй гэж үзээд цагаатгав. Уг нь энэ хэрэгт ЭМЯ-ны дээрх хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Батзориг нарыг гэм буруутай хэмээн хорьж шалгаж байсан ч дээрх хүмүүст прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй аж. Өдгөө С.Батзориг нь Түлэнхийн төвийн хашааны урд талд хэсэг эмч нартай хамтран БНСУ-ын хөрөнгө оруулалттай эмнэлэг байгуулан ажиллаж буй гэсэн. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд