Буруу бүхэн бусдынх уу

2015 оны 03 сарын 30

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж явахдаа хутгалуулж хүнд гэмтээд Яаралтай тусламжийн төвд хандахад дуудлагын эмч хугацаа алдан ирсэн гэнэ. Мэдээж Яаралтай тусламжийн төвд нэн яаралтай тусламж хүссэн иргэд л аврал эрэн ханддаг. Шөнө дундаас хойш өгсөн дуудлагад Яаралтай тусламжийн төвийн эмч нар уг нь цаг алдалгүй оччихож болмоор. Өдрийн цагт нийслэлийн замын түгжрэл гэх мэтээс шалтгаалаад цаг алдах тохиолдол бий. Шөнө дунд 04.00-05.00 цагийн үед нийслэлийн замд түгжрэл үүсдэггүйг хүн бүр мэднэ. Ийм үед дуудлага өгөхөд 40-50 минутын дараа арай гэж ирээд, уучлал гуйхынхаа оронд хэрүүл маргаан хийж байгаа нь эмчийн ёс зүйд нийцнэ гэж үү.

СОГТУУ СОЛИОРЛЫН НИЙГЭМД ТАРЬСАН УРШИГ

“Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ” гэсэн үг бий. Сархад хэмээх савнаасаа бусдыг дийлдэг ундааг хэмжээ хязгаартай хэрэглэж сураагүй залуус ууснаа шингээж чадахгүй хоорондоо маргалдаж зодолдоход нөгөө л цагдаа нар хамгийн түрүүнд очдог. Цагдаа, эмч нарын хооронд үүссэн үл ойлголцол, маргааны эхлэл нь согтуу залуугийн балмад үйлдлээс үүдэлтэй. Чингэлтэй дүүргийн X хорооны нэг гудамжинд зодоон болж байгаа дуудлагаар тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн офицер, ахмад Энхтөр жолооч цагдаагийн хамт очжээ. У гэх 28 настай залуу болон өөр хоёр ч залуу хавьтсан ойртсон руугаа агсарч байв. Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ахмад Энхтөр танхайрагч Сонгинохайрхан дүүргийн харьяат залуугийн үйлдлийг таслан зогсоохоор шаардлага тавьсан нь мэдээж. Гэвч У үгийг нь үл ойшоосноор барахгүй, хүмүүсийг айлгаж байсан хутгаараа цагдаагийн ахмадын хөл рүү хутгалж гэмтээжээ.

Энэ үед хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаатайгаа нийлж, танхайрагч этгээдийн үйлдлийг таслан зогсоож, саатуулан, Эрүүлжүүлэх байранд хүргэжээ. Ахмад Энхтөр, жолооч-цагдаагийнхаа хамт Цагдаагийн хэлтсийн байрандаа ирээд болсон явдлыг танилцуулж, балмад этгээдийг хүргэж өгөхөд цус маш их алдаж байсныг хэлтсийн ерөнхий жижүүр, ахмад Ц.Баатарболд хараад Яаралтай тусламжийн төвд дуудлага өгч, анхны тусламж үзүүлэн, чангалуур боолтоор цусыг нь тогтоох арга хэмжээ авсан гэнэ. Дуудлага өгөөд байхад Яаралтай тусламжийн төвийнхөн ирэхгүй болохоор нь тэнд байсан энгийн иргэд ч, цагдаагийнхан ч удаа дараа 103 дугаарын утас руу нь залгаад байж. Нийтдээ 40 гаруй удаа залгажээ.

Аргаа барсан цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүр, ахмад Ц.Баатарболд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ерөнхий эмчтэй нь ярьж цагдаагийн ажилтны бие муудаад байгааг хэлсний дараа удалгүй Яаралтай тусламжийн төвийн эмч Г.Отгон-Эрдэнэ иржээ. Хэрэв У гэгч агсамнагч эр цагдаад гэмтэл учруулаагүй байсан бол эмч дуудлагад удаж байж ирсэн, цагдаа намайг зодсон гэх маргаан дэгдэхгүй байсан шүү дээ. Өөрөө ч хэрэгтний ширээнд суухгүй байсан нь ойлгомжтой. Өдгөө иргэн У-д төрийн төлөөлөгчийн биед хүнд гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцоод байгаа юм.

НОЙРНООС МОРИО, ЧӨМӨГНӨӨС ХУТГАА

Цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүр гэдэг бол тус хэлтсийн дарга нарыг ажлаа дуусгаад явсны дараа ээлжтэй алба хаагчдаа хариуцаж үлддэг, ямар нэгэн аюултай хэрэг гарлаа гэхэд бүх цагдаагаа түргэн цугларалтаар цуглуулдаг гээд хариуцлагатай ажил. Удирдлага дор нь албан үүрэг гүйцэтгэж буй нэг цагдаа нь хүнд гэмтэж, цус их алдаж байгаа үед түүний амь насыг аврахын тулд Ц.Баатарболд багагүй сандарч мэгдсэн нь дамжиггүй. Түүгээр зогсохгүй Яаралтай тусламжийн төвийн эмч нар ирэхгүй болохоор нь уурлаж бухимдаж ч байсан биз. Дуудлага өгснөөс хойш 40 минутын дараа арай гэж ирсэн эмч Г.Отгон-Эрдэнэд хандаж ахмад Ц.Баатарболд “Ямар их удаж байж ирдэг юм бэ. Энэ хүний бие муу байна шүү дээ” хэмээн бухимдангуй хэлсэн бололтой. Хариуд нь Г.Отгон-Эрдэнэ эмчийн ёс зүйд баймааргүй зан гаргаж “Юун сүртэй юм бэ. Энэ хүн чинь үхэх гээд байгаа юм бол та нар машинаараа аваад явахгүй яасан юм бэ” гэж маргаан дэгдээж, төрийн өмнө тангараг өргөсөн эмч, цагдаагийн хооронд үл ойлголцол үүсэв. Сурвалжлагч би бээр эмч залуу унтаж байгаад нойроо харамлахдаа ийм болчимгүй үг хэлэв үү хэмээн хардаж байна.

Түүгээр ч зогсохгүй ажлаа хийж байсан, алба хаагчийнхаа амь насыг аврах гэж хичээж явсан цагдаагийн офицерийг хилс хэрэгт гүтгэчихэв үү. Эмчийн ёс зүйд таарахгүй дээрх үгийг хэлснээрээ өөрийнхөө ч, эмч нарын ч, эрүүл мэнд, яаралтай тусламжийн байгууллагынхаа нэр хүндийг хөсөр унагааж байгаа юм. Яаралтай тусламжийн төвд дуудлага өгөхөөр харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд ханд гэдэг. Дүүргийнхээ Яаралтай тусламжийн салбарт (Хүүхдийн түргэн тусламж) хандахад заримдаа утсаа авахгүй. Утсаа авсан тохиолдолд “Халуурч байвал лаа хий. Спиртээр биеийг нь арч” гэж хэлчихээд утсаа тасалдаг. Уг нь иргэд эмч нарыг ирээд үзээд өгөөч, оношийг нь тогтоож, анхны тусламж үзүүлэх байх гэсэндээ л 103 руу залгадаг шүү дээ.

Гэтэл зарим тохиолдолд Яаралтай тусламжийн төвийн автомашинаар хувь, хувьсгалын ажил амжуулаад явж байгаа баримт олон. Дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртөж хүмүүс дуудлага өгөөд цаг гаруй болоход ирээгүй тохиолдол гараад удаагүй байна. Ослын газарт очсон нэгэн телевизийнхэн Яаралтай тусламжийн төвийн машин хажуугаар нь дохиогоо хангинуулаад явахад нь “Ашгүй дуудлагаар очиж хүүхдүүдэд тусламж үзүүлэх гэж байна” гээд дагатал цалингаа хөөцөлдөж байгаа нярав, нягтлан нь суучихсан явж байсан бичлэг зурагтаар гарсан. Нэг удаа шөнө сурвалжлага хийж байхдаа гудамжинд хэвтэж буй согтуу эрийн биеийг үзүүлэх гээд дуудлага өгөхөд Яаралтай тусламжийн төвийн машинууд хажуугаар давхиад өнгөрч байгаа атлаа зогсоогоод “Үзээд өгөөч” гэхээр миний дуудлагын хүн биш гээд явж байхтай би хэдэн жилийн өмнө таарч байв.

ХЭН НЬ ҮНЭН ЯРИАД БАЙНА ВЭ

Болсон асуудлыг үнэн зөвөөр уншигчдад хүргэхийн тулд цагдаа, тэнд байсан жирийн иргэнтэй утсаар холбогдсон юм. Яаралтай тусламжийн төвийн эмч Г.Отгон-Эрдэнэ www.eagle.mn цахим хуудаст ярилцлага өгөхдөө “Хөлөндөө хутгалуулсан цагдаад үзлэг хийх гэтэл цагдаа нар “Дуудлага өгснөөс хойш удаж байж ирлээ, та нар” гэж хэл амаар доромжилсон. Намайг ороход дотор гурван цагдаа хоёр энгийн хувцастай эмэгтэй хүн байсан. Үзлэг хийн боолт хийж байхад ахмад цолтой нэг цагдаа нь араас өшиглөөд эргээд харахад боосон. Нөгөө ахлах ахлагч цолтой цагдаа нь мөн цохисон. Би цагдаа нарт зодуулаад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Миний толгой, ахар сүүл маань өвдөөд байгаа” гэж ярьжээ. Бид цагдаагийн ахмад Энхтөрийн утсанд холбогдоход “Согтуу хүмүүс зодолдсон гэх дуудлагаар очоод хутганд нь өртөж шархадсан.

Түүнтэй ноцолдож байж үйлдлийг нь таслан зогсоогоод хэлтэстээ 05.00 цагийн үед хүргэж ирсэн. Тэр үед хөлнөөс цус алдаад байхаар нь манайхан дуудлага өгсөн юм билээ. Гэвч ирэхгүй нэлээд удсан. 05.40-05.45 үед Яаралтай тусламжийн төвийн эмч ирээд намайг үзэж эхэлсэн. Намайг цус алдаад бие муудаад ирэхээр манайхан сандарсан байх. Тэгээд удаж байж эмч ирэхээр нь “Яасан удаж байж ирдэг юм бэ” гэж цагдаа нар маань ч, тэнд байсан жирийн иргэд ч бухимдсан. Түүнээс биш тэр эмч залууг барьж аваад зодож нүдсэн, боомилсон явдал байхгүй. Хэрэв боомилсон бол хүзүү, хоолойд нь шинж тэмдэг үлдэнэ шүү дээ. Цохиж нүдсэн бол энд тэндээ хөх няц болох байсан. Тэнд жирийн иргэд ч олон байсан. Тэд бүгд л болсон явдлыг харсан. Хэрэв тэр эмчийг унагааж өшиглөсөн бол шалаар нэг асгарсан байсан миний цус түүний хүрэм, хувцсанд үлдэнэ биз дээ.

Тэр эмч намайг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт 06.00 цагт хүргэж, би тэнд 23 оёдол тавиулж одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа” гэв. Цагдаагийн хутгалуулсан офицер хэлтсийнхээ байранд цусаа урсган сууж байхад тэнд жирийн иргэд байсан. Цагдаагийн хэлтэст саатуулагдсан ар гэрийнхнээ авах гэсэн хоёр ч эмэгтэй тэнд байсныг эмч залуу ярьсан байгаа. Хоёр эмэгтэйн утсыг олж холбогдлоо. Иргэн Д “Яасан удаан ирдэг юм бэ гээд цагдаагийнхан бухимдаж байснаас биш тэр эмч залууг цохиж зодоогүй. Өчигдөр (өнгөрсөн бямба гаригт) цагдаагаа шалгадаг албанаас нь бид хоёроос тайлбар авсан. Бид болсон явдлыг нь үнэнээр нь л ярьсан. Заамдалцах нь заамдалцсан, гэхдээ хэн нь ч цохиж зодоогүй” гэлээ.

ТӨРД ТАНГАРАГ ӨРГӨСӨН АЛБА ХААГЧДАА

ХАМГААЛАХ АРГА ОЛДОХГҮЙ ГЭЖ ҮҮ

Эмч ч бай, цагдаа ч гэсэн Монгол төрийн өмнө тангараг өргөж тухайн албанд ордог, нийгэмд чухал үүрэгтэй ажил эрхэлдэг хүмүүс. Харин тэднийг өнөөдөр төр маань хэрхэн хамгаалж байна вэ. Аюул заналхийлж байгаа гэмтний эсрэг цагдаагийн алба хаагч ямар ч хамгаалалтгүй л ордог. Хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл, гав, бороохойгоо гэмтний эсрэг хэрэглэхээр “Цагдаа намайг зодсон” хэмээн гомдол гаргаж, өөрийн гэмт үйлдлээсээ мултрахыг оролдох тохиолдол олон. Бусдад зодуулж, дээрэмдүүлэх, эд зүйлээ хулгайд алдах, амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлж байгаа тохиолдолд хүн бүр л цагдаагаас тусламж хүсэж аврал гуйдаг. Тэгсэн атлаа цусаа гоожуулаад амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа алба хаагчаа аврахын тулд бухимдсан цагдаа дуудлагаар ирсэн эмчийг зодсон мэтээр дайрч давшилж, цагдааг өмөөрөх нэг ч хүн олдохгүй нь харамсалтай.

Эмч ч ялгаагүй ажлаа хийж яваад эрсдэлтэй учрах явдал гарах нь бий. Харин энэ үед тэднийг хэн хамгаалах вэ. Нөгөө л “муу нэртэй, луу данстай” цагдаа хамгаална. Ийм байхад төрд тангараг өргөсөн энэ хоёр байгууллагынхан нэг нь нөгөөгөө гүтгэж, нийгэмд худлаа мэдээлэл цацаж байгаа нь ичгүүртэй хэрэг биш гэж үү. Бидэнд олдсон мэдээллээр зодуулж гэмтсэн гэх Яаралтай тусламжийн төвийн эмч Г.Отгон-Эрдэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзлэг шинжилгээ хийж гэмтлийн зэргийг нь тогтоохоор болсон аж. Гэвч түүний биед ямар ч гэмтэл учраагүй гэсэн дүгнэлт гарч байгаа. Өнөөдөр холбогдох байгууллагад нь дүгнэлтийг нь албан ёсоор танилцуулах талаар тус хүрээлэнгийн эх сурвалж хэлсэн юм. Цагдаагийн ажилтнууд албан үүргээ гүйцэтгэж яваад хэн нэгний гарын шүүс болж гэмтэх, амь насаа алдах явдал цөөнгүй тохиолддог. Өнгөрсөн 2014 онд гэхэд 81 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж бэртжээ.

Үүний нэг нь маш хүнд гэмтсэн бол гурав нь хүнд, үлдсэн нь хүндэвтэр гэмтэл авсан статистик тоо байгаа юм. Үүнд цагдаагийн ажилтны хувцсыг нь урах, мөрдэсийг нь тасдаж хаях зэрэг халдлага огт тооцогдоогүй юм билээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх журам шинэчлэн батлагдаагүй, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь гараагүй өнөөгийн нөхцөлд тэд албан үүргээ хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй, хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрхэн хэрэглэх нь нэг мөр болоогүй ийм нөхцөлд тэд гэмт хэрэгтэй гар нүцгэн тэмцэж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс тангараг өргөсөн алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах талаар төр арга хэмжээ авч, хууль, журмыг нь шинэчлэн сайжруулах талаар нэгийг бодох цаг болжээ.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.123 amar amgalan amidraliin tuluu hamtdaa
112.72.13.123 tsagdaach hum emchij munl hun iim duudlagan deer irj baij ingej so ug heleed orj irj baidag emch gej dee hun geh setgelgui emch baijdee. gemtej bertesen tsagdaa hurdan idgerej uls orniihoo tuluu zutgeerei turduu urgusun tangarahdaa unch bainshuu uragshaa minii mongoliin tsagdaa naraa
122.201.24.198 Та юу гэж бодож байна ...shunu bitgii hel udur ni dohiogoo hanginuulaad tsagdaagiin mashinaas ch ilvv erh dahtai ursgal suruud hamag hurdaaraa yawj bdag. Emnelgiinhen arai l bishee. Bie uvduud vzvvlehed ch hvndreltei bdag.
103.9.90.130 Чингэлтэй дүүргийн түргэн арай л хүнд сурталтай. Болж өгвөл ирэхгүйг л хичээдэг. Тэгж лаа хий, ингэж тийм эм өг гээд л, авч ирээд үзүүл гэнэ. Ер нь л хүнд сурталтай. Цагаан сараар хүүхэд халуураад очиж үзүүлэхэд эмч нь мэндийн солиогүй л доромжлоод эхэлсэн. Утсаар түргэн дуудах болгонд хэрүүл болгодог нь эмч нарын гэм биш зан болсон гэлтэй. Энд 100 хувь эмчийн буруу. Учир нь тэд хийж буй ажлынхаа хариуцлага, зорилгоо ухамсарлах чадваргүй байна шүү дээ. Дуудлага өгч байгаа хүмүүс бол яаж ч бодсон сандарсан, бухимдсан л хүмүүс байдаг тэрийг эмч хүн улам өдөөж үл ойлголцол үүсгэх биш аль болох тайвшруулж тайтгаруулж гэмээнэ бид эмчийг үзэн ядахгүй, эмч бидэнд адлагдахгүй шүү дээ.
203.194.118.98 Та юу гэж бодож байна ...Gudamjind uhaangui unachihsan sogtuu huniig duudaj ogohod dundajaar 1tsagiin daraa heden udaa shaarduulj bj irdeg.
203.194.118.98 Та юу гэж бодож байна ..103-n udirdlaga zohion baiguulalt arai l bolohgui bgaa ym shig sanagddag. Er nihugatsaa aldaad ochihod ymar ch hariutslagiin togtoltsoo baidagguitei holbootoi ni todorhoi
203.194.118.98 харин тийм. Тэгээд бас хүн болгоныг загнаж доромжилно
  • 2015 оны 03 сарын 30
103.229.122.29 Та юу гэж бодож байна ...103t duudlaga ughuur boloogui bn odo garch bn gdg udharl ni dahin zalgahad gartsan geed shuud utsa tasaldag duudlaga huleen awagch ni hurtel huni yaria guitset sonsdoggui haritsani dogodoltol
103.229.120.167 Та юу гэж бодож байна Ajlin hariutslaga. Hunleg setgel dutagdsan bna .Bolson uil yvdald emnelehin baiguullaga buruugui .neg emchiin aldaa geheer bna.Ug ni hoyulaa l neg zuiliin toloo tangarag orgoson ulsuud ...
112.72.13.199 ааааааааааааааа аааа
112.72.13.199 зөв зв сэтгүүлч үнэнийг олж бичсэн бна.
85.26.231.41 tsagdaag omoorson iim niitlel gwrgasan tanai hamt olond bayrlalaa
43.242.243.165 Төлбөртэй утасны зуучлагч хийлгэх гэж 103-ынхныг ажиллуулж цалинжуулдаггүй биз дээ
43.242.243.165 Эмнэлгийн тусламж хэрэгтэй болж яарч сандарсан хүн л 103 утсанд хандана шүү дээ. Гэтэл яриа гүйцэд сонсохгүйгээр 18001908 утсаар зөвлөгөө ав гээд утсаа тасалчихдаг

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд