“Саусгоби сэндс” 35 тэрбум төгрөг төлөх ёстой гэдгийг баталлаа

2015 оны 03 сарын 26

“Саусгоби сэндс” компанийн удирдах албанд ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппиний иргэн Хиларион Кажуком, Кристобал Дэвид нарт холбогдох Монгол Улсад төлөх татвараас зайлсхийсэн хэргийг давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээлээ. Хэдийгээр анхан шатны шүүх дээрх гурван хүний буруутайг тогтоон таван жил зургаан сараас таван жил арван сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн ч тэд Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн. Анхан шатны шүүх хэргийн оролцогч буюу иргэний хариуцагч тал болох “Саусгоби сэндс” компаниас 35 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг тус компанийнхан үл зөвшөөрч давж заалдсан билээ. Хэргийн аль нэг оролцогч анхан шатны шүүхийн тогтоол шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүйд тооцдог. Гэм буруугийн асуудлаар маргаж буй зарим тохиолдолд давж заалдах шатанд холбогдогчдыг оролцуулж шийдвэрлэдэг ч энэ удаад Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхээ хэтрүүлэн хэрэглэж, Жастин Капла нарыг ялаас чөлөөлсөн хэмээн шүүмжлүүлж буй. Ийм онцгой тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг хянаад Жастин Капла, Хиларион Кажуком нарыг татвараас зайлсхийсэн хэргийн зохион байгуулагчаар, Кристобал Дэвидийг гүйцэтгэгчээр оролцсон буруутайд тооцсон тогтоолыг хэвээр баталлаа. 35 тэрбум 252 сая төгрөгийн татварыг төлөхгүй гэж гомдол гаргасан “Саусгоби сэндс” компани болон өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн гомдлыг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзэж, уг мөнгийг тус компаниас гаргуулан Сангийн яаманд оруулахаар болсон нь үндэслэлтэй гэж үзэв. Улмаар Хаан “Голомт”, Худалдаа хөгжлийн банкинд битүүмжлэгдсэн 600 гаруй сая төгрөг, 1.3 сая ам.доллар, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах объектууд, LIEBHEER маркийн хоёр ч эксковаторыг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр боллоо. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд