Зам гарч явсан хүн дайруулж амиа алдав

2015 оны 03 сарын 26

Явган зорчигчид гарцтай гэрэл дохиотой газраар улаан гэрэл ассан үед явах, эсвэл гарцгүй газраар зам хөндлөн гарснаас болж автомашинд мөргүүлж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Сүхбаатар дүүргийн нутагт уржигдар ингэж амиа алдсан тохиолдол гарчээ. “Монгол эм импэкс” компанийн урд, Нарны замд “Ниссан Марч” маркийн автомашины жолооч Б нь 35-40 орчим настай явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироожээ. Ослын газрын орчимд явж байсан хүмүүсийн ярьж буйгаар талийгаач зам хөндлөн гарахдаа гарцгүй газраар, ойртон яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүй явснаас ийм байдалд хүрсэн гэнэ. Зам тээврийн осолд өртсөн иргэдийг насны байдлаар нь үзвэл 18-34 насны  эрчүүд буюу ид ажиллаж хөдөлмөрлөх насны, замын хөдөлгөөнд идэвхтэй оролцогч хүмүүс байгаа нь харамсалтай. Явган зорчигч нар замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, хэнэггүй, согтуудаа замын хөдөлгөөнд оролцдог зэрэг нь ийм байдалд хүргэж буй бололтой. Тиймээс Улаанбаатар хотын ЗЦГ-аас жолооч нарт хандаж, замын нөхцөлд хурдаа тохируулах, явган зорчигч, иргэдийг Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу гарцаар, гэрэл дохиогоор гарч байхыг санууллаа. Улаанбаатар хотын ЗЦГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтэст өнгөрсөн мягмар гаригт 300 дуудлага, мэдээлэл ирсний 11 нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжтэй байжээ. Зам тээврийн осол, хэргийн улмаас нэг хүний амь хохирч 13 иргэн гэмтжээ. Гэмтсэн хохирогчдын гурав нь бага насны хүүхэд байсан гэнэ. Энэ өдөр согтуугаар автомашин жолоодсон 63 жолоочийг илрүүлж болзошгүй, осол хэргээс урьдчилан сэргийлж чаджээ. Тэдгээр жолооч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хассан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд