96 саяар үнэлэгдэх алт эх орондоо үлдэж, ЭЗЭН БҮСГҮЙ ЯЛТАН БОЛОВ

2015 оны 03 сарын 24

Монголчууд эртнээс л “Алт хар мөртэй”, “Алтаар баяждаггүй”, “Алтаар олсон мөнгө юм болдоггүй, гай болдог” гэх зэргээр ярьдаг. “Алт” хөтөлбөр хэрэгжүүлээд баяжвал баяжихаар л хугацаа болж байна. Гэвч улс орны эдийн засаг сайжирсан зүйлгүй, харин ч дордож, элгээрээ хэвтэхэд хүрээд байгаа. Түүнээс гадна Монгол орны минь онгон байгалийг алт олборлогч нэртэй нам нийлж сэм хоршсон хүмүүс, “нинжа” нэртэй хүн-оготнууд сүйрүүлсээр. Тэд олсон алт болгоныг нь Монголбанкинд тушаадагсан бол эдийн засаг одоогийнхоос арай дээр байж ч болох. Харамсалтай нь ченж нэртэй гадаад, дотоодынхны гараар оруулан, нууцаар хил давуулдаг хүмүүсээс болж Монгол орны минь баялаг хямд үнээр харийнханд очиж, эргээд бид тэднээс өндөр үнээр буцаан авч байгаа гэхэд хилсдэхгүй. Хууль бусаар баялгийг маань харийнхан, тэдний гар хөл бологчид хилээр гаргаж байгаа ч, хил, гааль, тагнуулын байгууллагынхан бишгүй л үйлдлийг таслан зогсоож улс орны эдийн засагт учрах байсан их хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлж чадаж байгаа юм.

ЭРЛИЙН ҮЗҮҮРИЙГ ИЛЭРХИЙЛСЭН ТӨМӨР УТАС

2014 оны тавдугаар сарын 8-нд эх орны өмнөд хилийн боомтуудын нэг Өмнөговь аймгийн Шивээхүрэнгээр алт их хэмжээгээр гаргахыг завдсан эмэгтэйг, “Ланд Круйзер-100” маркийн автомашины жолоочийн хамт хилчид саатуулсан юм. Тэднийг 35-66 ӨМӨ улсын дугаартай дээрх машинаар их хэмжээний алт хил давуулж болзошгүй гэсэн мэдээлэл тагнуулын байгууллагад ирсэн аж. Уг нь гаалийнхан автомашиныг шалгасан боловч ямар нэг сэжигтэй зүйл ололгүй, хил нэвтрэх эрх олгоод явуулсан байжээ. Хилийн хяналтын бүсэд орж ирэхэд нь мэдээлэл авсан тагнуулынхан анхны үзлэг хийсэн боловч юу ч олоогүй гэнэ. Тиймээс түр саатуулах хашаанд үлдээн маргааш нь дахин нэгжлэг хийжээ.

Ингэхдээ жолооч Гантөмөр болон хамт сууж явсан О.Гүндэгмаа гэх эмэгтэйн дэргэд нарийвчилсан үзлэг хийсэн аж. Энэ үед жолооч “Та нар миний машинд үзлэг хийх эрх байхгүй” гэх мэтээр нэлээд дургүйцжээ. Хилчид автомашины урд салон, нөөц дугуй, тээш гээд бүхий л газрыг үзсэн боловч бас л юм олдсонгүй. Тиймээс автомашины суудлуудыг сууриар нь авч үзэх болов. Энэ үед жолооч болон хажууд нь сууж явсан эмэгтэйн царай хувьсхийгээд явчихыг хууль хяналтын байгууллагынхан анзаарав. Улмаар шалгалтыг үргэлжлүүлж, жолоочийн суудал дор доторлогооны дэвсгэр нь урагдсан байсныг шалгав. Тэр уранхай хэсгийг сайтар шалгахад хилийн цэргийн офицерийн гарт төмөр утас дайралдаж.

Түүнийг сайтар чангаавал хар гялгар уутаар ороож, скочдсон хүнд зүйл гарч иржээ. Задлан жинлэж үзэхэд нэг кг 388.71 грамм алт байв. Уг алт нь тухайн үеийн Монголбанкны ханшаар 96 сая 250 мянган төгрөгөөр үнэлэгджээ. Хилчид, тагнуулынхан иргэдээс ирсэн мэдээллийг сайтар нягталж шалгасны дүнд дээрх хэмжээний төгрөгөөр үнэлэгдэх алт эх орондоо үлдэж чадлаа. Хэрэв залхуурч, нарийвчилсан үзлэгийг “гурилдсан” бол Монгол Улсын газрын хэвлийн 96 сая гаруй төгрөгийн үнэтэй баялаг харьд очих байв.

ЖОЛООЧИЙН НҮДИЙГ ХАРИУЛЖ БАЙГААД

ЭРДЭНЭСЭЭ НУУЖЭЭ

Уг хэргийг хууль хяналтын байгууллагынхан үргэлжлүүлэн шалгахад О.Гүндэгмаа хэргээ хүлээж, жолооч Гантөмөр гэм буруугүй болох нь тогтоогдов. Алтны эзэн мэд үүлэгтээ “Би Гурвантэс суманд хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Дэлгүүртээ байж байхад хүмүүс орж ирээд алт авах уу гэдэг. Би ч авчихдаг. Энэ алтыг алт мөнгөний нэг дархнаас худалдаж авсан юм. Тэр хүн надад “Мөнгөний хэрэг гараад байна, бөөн алт авчихаач” гэсэн. Улаанбаатар руу явуулж хайлуулаад, ая эв нь таарвал тэндээ борлуулчихаарай гэж дүүдээ захисан боловч “Авах хүн олдохгүй нь” гээд буцаагаад авчирсан юм. Тэгэхээр нь би хар гялгар уутаар ороож, төмсний шуудайн ам боодог төмөр утсаар гадуур нь ороосон. Нэг их удалгүй хил гарах ажилтай болж, цүнхэндээ алтаа хийсэн байснаа мартаад авч гарсан байна лээ. Тиймээс би машинд түүнийгээ нуусан” гэжээ. Алтыг илрүүлсэн хилчид мөрдөн байцаалтын явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Уг алтыг гаргаж авахад их хэцүү байсан. Зориуд нуусан нь илэрхий” гэж байжээ. Мэдээж хүний машиныг сайн мэдэхгүй хүн ингэж нууна гэдэг эргэлзээтэй.

О.Гүндэгмаа машинд үлдэж, Гантөмөр бууж явах хооронд ийм үйл явдал болсон байх магадлалтай гэж жолооч мөрдөгчдөд тайлбарласан байгаа юм. Тэрбээр “Би Гүндэгмааг машиндаа үлдээж дөрвөн ч удаа бууж, суусан байна. Сумаас гараад бие засахаар нэг буусан, гаалийн ажилчдын байрны гадаа албаны машиных нь дугуйг буулгаж өгөхөөр дахиад буусан. Энэ удаад бол 4-5 минут л болсон байх. Хил гарахаар дугаарлан зогсож байхдаа бас буусан. Энэ хооронд О.Гүндэгмаа машинд сууж үлдсэн. Намайг машиндаа эргэж орж ирэхэд тэрбээр бууж гаалийн шалгалтаар орсон. Миний машинаас олдсон алт О.Гүндэгмаагийнх биз. Түүнээс өөр надтай хамт ямар ч хүн яваагүй. Хэрэв ингэж хууль бус зүйл гаргах гэж байгааг нь мэдсэн бол би түүнийг авч явахгүй байсан” хэмээн Гантөмөр мэдүүлсэн байгаа юм.

АЛТАА ХИЛ ДАВУУЛЖ ЧАДСАН БОЛ

АСАР ИХ АШИГТАЙ АЖИЛЛАХ БАЙСАН УУ

Манай улсын нутаг дэвсгэрээс олдож буй алтыг хятад, солонгосчууд иргэдээс худалдаж аваад ямар нэгэн аргаар хил давуулахыг оролддог. Үүний нотолгоо нь хэдэн жилийн өмнө солонгосчууд шулуун гэдсэндээ их хэмжээний алт нууж гараад баригдсан юм. Хятадууд ч ямар нэгэн аргаар хил давуулж ирсэн алтыг өндөр үнээр худалдаж авдаг, Улаанбаатарт ирээд худалдаж авсан алтаа хил давуулж өгсөн хүн асар их шан харамж өгдөг гэх яриа байдаг юм билээ. Гэвч хил гаалийнхны шалгалт дээрх байдлаар илрүүлж чаддаг болсон учраас мөнгөнд шуналтаж, харийнхны гар хөл болсон хүнийг торны цаана суух хувь тавилан хүлээж байгаа гэдгийг үргэлж санаж явахад илүүдэхгүй биз. О.Гүндэгмаа 96 сая гаруй төгрөгийн үнэтэй алтаа хилээр гаргаж чадсан бол хэдий хэмжээний ашиг олох боломжтой байсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтоолгүй шүүхэд шилжүүлсэн юм билээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Сорьцын хяналтын албанаас алтыг шинжлээд “Алтан гулдмай сорьц 927.710, мөнгөний 67.000” гэсэн сорилтын дүн гарсан” гэж дүгнэжээ. Арай ч 999 сорьцтой алт биш ч чамгүй үнэд хүрэх байсан биз. О.Гүндэгмаа болон түүний өмгөөлөгч нар арай ч хил нэвтрүүлээгүй, хил гаргаж амжилгүй баригдсан учраас ял хөнгөрөх боломжтой гэж үзэж байсан аж. Харин Гаалийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “...Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ” гэж заасан бөгөөд гаалийн хяналтын талбайн хил нь тухайн хэсэгтээ гаалийн хилд тооцогддог. О.Гүндэгмаа нь 96 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх алтыг гаалын хяналтын талбайгаар нэвтрүүлсэн байдаг бөгөөд энэ үйлдлийг эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэжээ.

О.Гүндэгмаа болон түүний өмгөөлөгч нь алтыг улсын орлого болгоход ихэд дургүйцжээ. Тиймдээ ч өмгөөлөгч нь “Алтыг гаргаж болохгүй хуулийн заалт байгаа нь үнэн. Харин энэ алт маань гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олж авсан эд зүйл мөн үү. Алтыг худалдаж авахаар ямар зүйл заалтыг зөрчиж байгаа юм бэ. Иймд алтыг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хураах нь буруу гэж үзэж байна” гэжээ. Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүх О.Гүндэгмаад холбогдох хэргийг хэлэлцээд “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад зүйлийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хэрэглэнэ” гэж заасан.

О.Гүндэгмаа нь тухайн алтыг иргэдийн гар дээрээс худалдан авсан хэдий ч уг алтыг улсын хилээр гаргахдаа хүний машинд нууж гаалийн шалгалтыг өнгөрөөн хил гарсан байх тул энэ үйлдлийг хууль бус үйлдэл гэж үзэх юм. Дээрх замаар гаргасан эд зүйлийг заавал улсын орлого болгохоор заасан” гээд Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа гэх нэг кг, 388.71 грамм алтыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Улмаар шүүгдэгч О.Гүндэгмаагаас нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ялаар шийтгэв. Тэрбээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ой хоёр сартай хүүхэдтэй зэрэг байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээд ял эдлэх хугацааг хоёр жилээр хойшлуулахаар болжээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.103 Та юу гэж бодож байна ...Баянзүрх дүүргийн баруун талд шинэ 55,9м2 2 өрөө байр боломжийн үнээр зарна 99081752
203.91.117.4 baga altand yasan ih horih yl we? Boroo gold uchnuun tn oor hil tatwargui gargaa bizde? heden ter bumaar ni ideed gants hoer jiliin yl avdaggui gejuu ene huuli arai bishee
1.202.186.86 Найруулга яасан муу юм бэ, бас (нэг кг 388.71 грамм) , (нэг кг, 388.71 грамм). Тоогоор нь эсвэл үсгээр нь бичдэг гэж сургууль номд нь заагаагүй юу?

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд