Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарыг улсын нууц задруулсан буруутайд тооцлоо

2015 оны 03 сарын 23

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Д.Цогтбаатар болон тус газрын ажилтнууд болох Д.Энхтөр, Б.Чингүүн, П.Гансүх, М.Бат-Эрдэнэ, иргэн Н.Наранбаяр нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар өнгөрсөн баасан гаригт ялтан, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уг хэргийг 2014 оны аравдугаар сарын 24-нд хэлэлцээд Д.Цогтбаатар, Д.Энхтөр, П.Гансүх, Б.Чингүүн, М.Бат-Эрдэнэ нар бусдад эрүү шүүлт тулгасан нь нотлогдоогүй гэж үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгон, Д.Энхтөр, П.Гансүх, Б.Чингүүн, М.Бат-Эрдэнэ нарыг цагаатгасан.

Тэднийг кино найруулагч Г.Бадамрагчаад эрүү шүүлт тулган, онц хүнд гэмт хэрэг хүлээлгэхээр оролдсон гэж прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин Д.Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1-д зааснаар таван жил, 149.2-т зааснаар мөн хугацаагаар хорих ял оноосон. Үүнээс бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг нь 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэлтрүүлж, биечлэн эдлэх ялыг таван жил байхаар тогтоосон юм.

Түүнийг ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлиан Леонардыг улсынхаа банкийг залилан их хэмжээний мөнгө аваад оргон Монголд орж ирэхэд нь сүрдүүлж эд хөрөнгийг нь авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Түүнчлэн иргэн Н.Наранбаярыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэн нэг жил тэнсэн харгалзах ял оноосон. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх уг хэргийг 2014 оны арванхоёрдугаар сарын 18-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.228.130 Энэ мэдээг ойлгосонгүй ээ?????

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд