Ж.БАДАМБАЗАР: Өвөг дээдэс минь хөлс цусаа урсган байж, тусгаар тогтнолоо зөвшөөрүүлснийг мартах учиргүй

2015 оны 03 сарын 18

Хөрстийн түүхэнд анхны төрт улс хэмээн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Хүннү гүрний морьтон баатруудын залгамж, хөх тэнгэрийн дорх Их Монгол улсын дайчин өвөг дээдсийн хойч, ардын журамт цэргүүдийн үйл хэргийг үргэлжлүүлж буй шинэ цагийн Монголын Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Олон зууны тэртээд дэлхийн дайдад хүрч явсан монгол цэргүүдийн төлөөлөл өнөөдөр Ази, Африк, Америк гээд дэлхийн олон оронд улсынхаа нэр сүрийг өндөрт өргөж яваа. 2003 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг дэлхийн халуун цэг болсон Иракт энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор очиход тэнд дайтаж байсан өндөр хөгжилтэй орны зэвсэг, техник сайтай цэргүүд гайхаж, дооглонгуй хүлээн авч байсан гэдэг. Харин манай цэргүүдийн бэлтгэлжилт, цэрэгжилт, хаа ч дасан зохицох чадвар, сахилга баттай байдлыг нь мэдрээд хүндэлж, хүлээн зөвшөөрснийг энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргийн олон алба хаагч хэлж байлаа. 2003 онд анх цэргийн багаа захирч явсан хүн бол өдгөө ЗХЖШ-ын дэд даргаар ажиллаж буй, хошууч генерал Б.Баярмагнай, тус багийн орлогч нь ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын даргын албан тушаал хашиж байгаа, бригадын генерал Жамбаагийн Бадамбазар.

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Ж.Бадамбазар генералтай ярилцлаа.

-Таныг би Ирак руу цэргийн багийн захирагчийн орлогчоор явах гэж байхаас мэдэх болжээ. Түүнээс хойш тантай ажил хэргийн шугамаар цөөн асуултад хариулт авч байснаас биш, тухтай ярилцаж байгаагүй юм байна. Монгол Улс, бас та яагаад олон улсын энэ ажиллагаанд оролцох болов гэдэг нь сонин байна л даа.

-1990-ээд оноос Монгол Улс шинэ нийгэмд шилжиж, түүнийг дагаад Зэвсэгт хүчин маань ч шинэ бүтэц зохион байгуулалтад орсон. Энэ үед Үндсэн хууль, Зэвсэгт хүчний тухай хууль гээд бусад хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбогдуулаад Зэвсэгт хүчний чиг үүрэг ихээхэн өөрчлөгдсөн байдаг. Тухайн үед Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах талаар нэлээд ажил өрнүүлсэн. Тэр үед зарим хүн өөрсдийгөө яая гэж байж юун энхийг сахиулах вэ гэж байсан гэдэг. Гэвч УИХаас Цэрэг, цагдаагийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах тухай хууль баталж, 2002 онд Конго улсад цэргийн анхны ажиглагчдыг явуулснаас хойш НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих бусад ажиллагаанд Монголын цэргүүд оролцож эхэлсэн. 2003 онд Ирак дахь дайны дараах сэргээн босгох, энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс оролцохоор Ерөнхийлөгч, Засгийн газрын түвшинд яриа болж, шийдвэр гарсан юм. Эвслийн цэргийн бүрэлдэхүүнд цөөн хүн бус, цэргийн баг оролцуулах болж, хүмүүсээ сонгоход Б.Баярмагнай дарга захирагчаар, би түүний орлогчоор явахаар томилогдсон.

-Энхийг сахиулах ажиллагааны дөргүй шахам байсан анхны ээлжийнхэн өөрсдийгөө хэрхэн бэлтгэж эхэлсэн бэ?

-Бид анх сонгогдчихоод юунд явахаа ч үнэндээ сайн ойлгоогүй л байв. Гэхдээ өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлан, бэлтгэлээ хийж эхэлсэн. АНУ-ын талаас ч зөвлөгөө өгч байлаа. Манай баг нэлээд олуулаа, чамгүй хүчтэй, мотобуудлагын рот, барилгаинженерийн бүрэлдэхүүн очиж байлаа. Анх очоод хүнд байсан л даа. Гэвч сар орчим болоод л манай цэргүүд газар орондоо дасан зохицож, эмх цэгцэндээ орсон. Ний нуугүй хэлэхэд, хэдийгээр бид тухайн газар оронд нь очиж туршлага судлаагүй, “харанхуй” бэлтгэж байсан ч энэ сургалт, бэлтгэл маань үр дүнтэй болсон нь Иракт очоод л мэдэгдсэн.

-Ингэж энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноороо буу барьж тэмцэл хийх бус, өөр аргаар улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж байгаа гэж хэлж болох уу?

-Манай багаас хойш Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид олон ч оронд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Давхардсан тоогоор манай цэргийн 11 мянга орчим алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ. Манай улс энхийг дэмжих ажиллагаанд оролцоно гэдэг бол тусгаар тогтнол, аюулгүй байдлаа улстөр, дипломатын аргаар хангаж буйн томоохон илрэл. Мөн тайван цагт цэргийн албан хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцоно гэдэг маань мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, сэтгэлийн хат суух гээд олон ач тустай. Манай Зэвсэгт хүчний алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор НҮБ болон хамтарч ажилладаг бусад улс орныхондоо өндөр үнэлэгдэж байна. Энэ бол манай дайчдын эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдалд оруулж байгаа маш чухал хувь нэмэр.

-Та эхэлж Иракт оччихоод газар оронтой нь танилцаж, дараа нь цэргийн багаа эндээс авч явсан. Тэгэхэд 1945 оноос хойш анх удаа улс дамжин марш үйлдсэн байдаг. Энэ үеийг эргэн дурсахгүй юу?

-Манайхаас анх гурван хүнтэй туршуулын бүлэг явсан юм. Дараа нь үндсэн бүрэлдэхүүн 30 гаруй техник, 180-аад хүн 670 гаруй км газар буюу Кувейтээс Ирак руу маршаар явж “Чарли” баазад очсон юм. 1945 оноос хойш анх удаа хил давж марш үйлдсэн хүмүүс нь манай баг болсон. Манай өвөө бидэнд 1945 онд Хаалган, Жэхэгийн чиглэлд олон хоног маршаар явж Хятадын хот, тосгодыг чөлөөлснөө ярьдаг байсан юм. Түүнээс хойш олон улсад хэдэн зуун км зам туулсан монгол цэргүүд бид болжээ. Иракийн хил рүү ороход хөл нүцгэн, ус хоол зэрэг эд зүйлс гуйсан хүүхдүүд, нурсан барилга байшин гээд сэтгэл сэртхийлгэм дүр зураг, хуурай, халуун уур амьсгалтай орон биднийг угтаж байлаа.

-Монгол цэргүүд ЗХУ-ын үеийн хуучин техник хэрэгсэлтэй энхийг сахиулахаар очиход барууны орныхон гайхаж, үл итгэж байсан гэдэг. Танд тийм зүйл ажиглагдаж байв уу?

-Бид Иракт очоод баазын харуул хамгаалалтын үүргийг 2003 оны есдүгээр сард албан ёсоор хүлээн авсан юм. Анхандаа польш, америк цэргүүд бидэнд нэг их итгээгүй л байх. Эхний халдлага есдүгээр сарын 22-ны оройхон баазыг чиглэн явагдсан юм. Миномётын хоёр сум баазын хашаан дотор тусаж, нэг нь хашааны гадна орших нутгийн иргэдийн байшинг оносон. Тухайн үед тэр айлын хоёр хүүхэд шархадсан л даа. Энэ үеэр багийн захирагч болон бусад удирдах албан тушаалтнууд бид цагийн байдлыг дүгнэн, цэргүүдээ удирдан, төлөвлөгөөний дагуу хамгаалалт гаргасан. Тэгэхэд АНУ-ын цэргийн нэг ахмад манай удирдлагын төвд орж ирээд биднийг хэрхэн ажиллахыг ажигласан. Үүний маргаашнаас эхлээд АНУ-ын цэргүүд бааз дотор буугүй, хантааз, дуулгаа тайлж тавиад чөлөөтэй явдаг болсон. Энэ явдлаас өмнө америкууд бааз дотроо хантааз, дуулгаа тайлахгүй, бие засахдаа ч буунаасаа салахгүй явдаг байсан юм билээ. Ер нь манай цэргүүдийн, монгол хүний цусанд өвөг дээдсийн минь баатарлаг чанар, зүрх зориг, авхаалж, зорьсондоо заавал хүрэх гэж тэмүүлдэг чанар байдаг юм шиг санагдсан.

-Та сая өвөө маань Хаалган, Жэхэ чиглэлд чөлөөлөх дайнд оролцож байсан гэж ярилаа. Удам дамжсан цэргийн хүн юм аа даа?

-Удам дамжсан гэж хэлэхэд арай болохгүй болов уу. Аав минь 1937-1943 онд зүүн хязгаарт хилийн цэрэгт татагдаж, түрүүч, заставын улстөрийн орлогч зэрэг алба хашиж байгаад халагдсан хүн. Цэргээс ирээд төр, захиргааны байгууллагад олон жил ажилласан л даа. Манай ээжийн минь том ах Баднаанямбуу гэж хүн байсан юм. Тэр хүн 76 мм-ийн их бууны батерейн цэргээр Хаалган, Жэхэ хүрсэн юм билээ. Би өөрөө артиллерийн ашиглалтын инженер мэргэжлээр Цэргийн нэгдсэн дээд сургуульд 1980-1984 онд суралцаж төгссөн. Харин одоо хүү Б.Бямбадорж маань намайг залгамжлаад ч гэх юм уу, ОХУ-ын Рязань хотод шүхэр десантын мэргэжлээр цэргийн сургуульд сурдаг. Уг нь хүүгээ цэргийн хүн бол гэж албадаагүй. Өөрөө л хүсэл сонирхлоороо цэргийн сургуульд суралцаж байгаа. Миний үеэс эхлээд манай гэр бүлд цэргийн алба уламжлах л юм шиг байна. Тухайн үед ингэж өргөн фронтоор олон км зам туулан дайн тулаан дунд явна гэдэг бол амаргүй л байсан байх. Өвөг дээдэс минь ингэж тэмцэж, хөлс цусаа урсгаж явсны үр дүнд Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадсан. Энэ жил 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож, тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлиг гарлаа. Энэ ялалт бол монгол хүн бүрийн заавал санаж явах, үр хойчдоо сануулж байх үйл явдал.

-Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхий дахинд нэрээ дуурсгах бас нэг сайхан завшаан тохиолдож байгаа нь Улаан талбайд болох Эх орны дайны ялалтын баярын парадад оролцох явдал. Та үүнд бэлтгэх ажлын хэсгийг удирдаж байгаа шүү дээ.

-Тийм ээ. Энэ парадад оролцоно гэдэг бол маш сайхан завшаантай үйл явдал. Дэлхийн II дайны ялалтын баярын парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Бид маш их хичээж байгаа. Цэргийн жагсаал гэдэг бол маш чимхлүүр ажил. Хувь хүнээс маш их хатуужил шаарддаг учраас хүмүүсээ шахуу бэлтгэж байгаа. Монголчууд бид дэлхийн II дайны үеэр оросын ард түмэнд бүхий л чадлаараа тусалж байсан гэдгийг түүх мартаагүй. Мартах ч учиргүй. Хагас сая гаруй агт морьдоо, хүнс, үнэт эд зүйлээ, “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх эскадриль гээд маш их бэлэг барьсан. Өдгөө ОХУ-ын Владимир хотод “Хувьсгалт Монгол” танкийн бригадын суурь нь байдаг юм билээ. Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалан батжуулахад дэлхийн II дайн бас л чухал үүрэг, нөлөөтэй байсныг бид мартах ёсгүй.

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцож баг захирч явсан хүмүүсээс хэд хэдэн генерал төрсний нэг нь та. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий гэж ярьдаг. Та энэ цолонд хүрнэ гэж бодож байв уу?

-НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах бусад ажиллагаанд оролцож, цэргийн баг захирч явсан хүмүүсийн дотроос ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Суданд НҮБ-ын хойд секторын командлагчаар ажиллаж буй бригадын генерал Д.Баярсайхан, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр болон миний бие цэргийн эрхэм дээд цол хүртсэн. 1980 онд цэргийн бэлтгэл карантинд байж байхад манай салаан даргаар Готовдорж гэж хүн гарсан юм. Одоо тэр буурал маань бэлтгэл хурандаа болж, чөлөөндөө байгаа л даа. Тэр хүн бидэнд дээрх үгийг хэлж цэргийн анхан шатны бэлтгэлийг хэрхэн хийх талаар сургаж байсан юм. Тухайн үед тэр үгэнд нь нэг их ач холбогдол өгдөггүй байж. Одоо бодоход ч тэр үг үнэн байсан санагдана.

-Монгол цэргийн өдрийг зөвхөн цэргийн алба хаасан хүмүүсийн баяр мэт нэг хэсэг нь үздэг. Нөгөө хэсэг нь эр хүн болгоны баяр гэж хавтгайруулан тэмдэглэдэг. Хувь хүнийхээ үүднээс та аль нь зөв гэж боддог вэ?

-Энэ өдрийг тохиолдуулан ЗХЖШ-аас маш олон арга хэмжээ төлөвлөн зохион байгуулж байна. Үүний хүрээнд иргэд, ялангуяа залууст цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн, олон ажил хийж, өнөөдөр дуусаж байна. Цэрэг, эх орон гэдэг бол хэн нэгний өмчлөх зүйл биш. Монгол хүн бүрийн сэтгэлд байх ёстой зүйл болов уу гэж боддог юм. Гэр бүлээ сайхан авч явна, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, сайн хүн болгоно гэдэг бол хүн бүрийн эх орныхоо төлөө хийж буй ажил гэж би боддог.

-Та гэр бүлдээ хэр цаг зарцуулж байна вэ. Цэргийн дарга цаг наргүй ажилтай, энхийг сахиулна гээд олон сараар хол явчихна. “Ар тал” орхигддог явдал байдаг шүү дээ.

-Намайг өдий зэрэгтэй явахад миний хань Н.Энхтуяагийн хувь нэмэр их. Хөдөө гадаа томилолтоор явах тушаал авч хэд хоногоор алга болно. Ажлаас шалтгаалж шөнө оройтно. Эхнэр минь л ар гэрийнхээ амьдралыг зохицуулж явдаг юм.

-Сургууль төгсөөд ажлын гараагаа хаанаас эхлэв?

-Ажлын гараагаа Их бууны хороо буюу 019 дүгээр анги гэж мундаг ангиас эхэлж байлаа. Дараа нь Зэвсэгт хүчний 120, Зүүнбаян дахь 126 дугаар ангид ажиллаж, БХИС, Нийслэлийн цэргийн штаб, БХЯ гээд тойрч ажилласан. Энэ бүгдээс маш их туршлага, сургамж авч байсан нь цаашдын минь ажилд хувь нэмэр болж явна. Мөн Олон улсын цэргийн хамтарсан “Хааны эрэлд”-ийг хоёр удаа, ОХУ-тай хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн “Сэлэнгэ” сургуулилалтыг нэг удаа удирдсан. Сонирхуулахад, “Сэлэнгэ” хээрийн сургуулийг надтай хамт удирдсан оросын цэргийн багийн командлагч нь тус улсын баатар, хошууч генерал М.Ю.Теплинский гэж хүн байсан. Тэрбээр Чеченийн дайнд оролцож, ротын захирагч, ахмад цолтой байхдаа тус улсын баатар цол хүртсэн юм билээ. Хошууч генерал М.Ю.Теплинскийн суралцаж төгссөн Рязанийн шүхэр десантын сургуульд хүү минь суралцаж байгаа. Энэ дашрамд, өнөөдөр албаа хааж байгаа генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, гадаад улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй энхийг сахиулагчдадаа, чөлөөнд байгаа ахмад дайчиддаа, тэдний ар гэрийнхэнд, үр хүүхэд, найз нөхдөд, албаа хаасан, хаах гэж байгаа залуустаа Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе. Цаашдаа эх орныхоо хүлээлгэсэн үүргийг биелүүлэхэд амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.112.209 Minii general duu mundag shuu. Mongol tsergiin yaruu aldar badartugai
112.72.13.172 Та юу гэж бодож байна ...ystoil jinhene tsergiin darga daa ene saihan hvntei 2-udaa tsug vvreg gvitsetgej ywlaa jinhene er hvn dee tand ajiliin amjilt hvsie
122.201.31.101 Badambazar tand ajlin amjilt hvsey
202.126.89.199 Бадмаа генералдаа баярын мэнд хүргье...
202.21.106.148 Та гуцваа
103.26.195.24 Niitlel tun taalagdlaa.general badambazar tanda ajiiin undur amjilt husiye.Та юу гэж бодож байна ...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд