30 ОРЧИМ МЯНГАН ШИР хил нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байцаагч нарыг хорив

2015 оны 03 сарын 17

Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбайгаар дамжуулан нэгдүгээр сарын 30-нд 45 мянган ширхэг адууны арьс хил давуулах гэж байсныг саатууллаа гэсэн мэдээлэл мөрдөн байцаах болон тагнуулын байгууллагад ирсний дагуу Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан газар дээр нь очиж шалгажээ. Үзлэг, тооллого хийхэд тэнд 29600 адууны шир хил гаргахаар бэлтгэсэн, улмаар МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газраас экспортын гэрчилгээ олгосон байсан гэнэ.

Уг нь Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолоор “Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”- ыг баталж, улмаар хонь, ямааны боловсруулаагүй арьс, үхрийн шир хилээр гаргахыг хоригложээ. Энэ тогтоолд Засгийн газар 2014 оны 330 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж, адуу, тэмээний ширийг боловсруулаагүй бол хилээр гаргахгүй байхаар тогтоожээ. Мэдээж энэ бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих төрийн бодлогын хүрээнд гаргасан тогтоол. Гэвч сайтар судлалгүйгээр уг тогтоолыг баталсан бололтой. Учир нь өнөөдөр Монголд адуу, тэмээний шир стандартын дагуу боловсруулах үйлдвэр хараахан байхгүй юм билээ.

Уг нь Арьс ширний үйлдвэрлэлийн холбооныхон адуу, тэмээний шир боловсруулах техник оруулж ирнэ хэмээн төрөөс хоёр тэрбум гаруй төгрөг авсан ч юунд зарцуулсан нь тодорхойгүй. Хэрэв өгсөн мөнгөөр нь техникээ авчирч, арьс ширээ боловсруулж эхэлсэн бол энэ төрлийн гэмт хэрэг гарахгүй ч байсан юм бил үү. Засгийн газрын ийм тогтоол гарчихаад байгааг мэдсээр байж, түүнийг нь зөрчин 30 орчим мянган адууны шир хилээр гаргах экспортын гэрчилгээ олгосон МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнуудад ямар нэг ашиг сонирхол байж болзошгүй гэсэн хардлагын үүднээс эрүүгийн хэрэг үүсгэн хууль хяналтын байгууллагын ажилтнууд шалгаж эхэлсэн гэнэ.

МХЕГ-ын шинэ даргын халаа сэлгээнд өртөж, ажлаасаа өөрчлөгдсөн Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Баярхүү, мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Батболд нарт Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Хориглож, хязгаарласан эд зүйлийг онц их хэмжээгээр хил нэвтрүүлэхээр завдсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон цагдан хориод буй аж.

Г.ОРЧЛОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд