Шавь нар нь багшдаа номон суварга босголоо

2015 оны 03 сарын 15

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө биХөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөндХоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би…Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” хэмээх энэ сайхан шүлгийг мэдэхгүй монгол хүн үгүй. Түүнд зориулан Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол, соёлын гавьяат зүтгэлтэн Жүмпүрэлийн Саруулбуян нар номон суварга бүтээж, эхний бүлгийг нь эл шүлгээр нь нэрлэжээ. “Явуу багш” номын нээлт өнгөрсөн баасан гаригт Явуугийн цэцэрлэгийн ард орших 23 дугаар сургуульд болж, номын олон садан, зохиолч, яруу найрагч, түүнтэй хамтран уран бүтээл туурвиж байсан хөгжмийн зохиолчид ч ирж оролцсон. Энэ үеэр дээрх шүлгийг 23 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид монгол, орос, англи, япон, солонгос, хятад хэлээр уншиж сонирхуулсан нь Б.Явуухулангийн шүлгийг олон оронд судалдгийн илрэл биз. Таван бүлэгтэй энэ номноос түүний угсаа гарал, Явуухулан нэрийн учрын тайлал, анхны шүлгүүд, ханьдаа зориулсан мөртүүд, уран бүтээлийнх нь шүүмж судлал, Орос, Английн судлаачид уран бүтээлийг нь хэрхэн дүгнэв гээд Монголдоо төдийгүй олон улсын түвшинд найраг зохиолоороо хэдэнтээ танигдсан түүний намтар уран бүтээлийн өвөрмөц шинж чанарыг залуу хойч үе мэдэж, судлах боломжтой аж.  Номыг ариутган шүүсэн хэлбичгийн ухааны доктор Дожоогийн Цэдэв “ Цаг улирахын эрхээр мартах санахын дэнс савлана. Харин Б.Явуухуланг, түүний бүтээснийг марталгүйгээр дурсгалыг нь мөнхжүүлэх үйлс үргэлжилж буйгийн нэг илрэл нь энэ ном” хэмээсэн бол зохиогч Төрийн шагналт Д.Цоодол “Б.Явуухулан нэгэн цагийн үзэгдэл биш. Хөх тэнгэрийн дор Монгол найраг байсан цагт хүмүүс түүнийг хайрлан уншиж, уярч, ухаарсаар байх болно” гэсэн юм. “Явуу багш” номыг хэвлүүлэх зардлыг Чингэлтэй дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас гаргажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.17.110 Амжилт хүсье, багшдаа номон суварга бүтээнэ гэдэг их үйлс юм.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд