ГАЗПРОМБАНК “АЛТАН ДОРНОД МОНГОЛ”-ЫН МАРГААН ШҮҮГЧДИЙГ ХӨЛДӨӨ ЧИРЭХ НЬ

2015 оны 03 сарын 10

Арилжааны болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хосолсон үйлчилгээ үзүүлдэг ОХУ-ын Газпромбанктай, “Алтандорнод Монгол” ХХК-ийг С.В.Паушок удирдаж байхдаа ашигт малтмалын долоон зөвшөөрөл болон бусад эд хөрөнгөө барьцаалж, 2006 оны хоёрдугаар сарын 9-нд 30 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулжээ. Дараа жилийнхээ тавдугаар сард буцаан төлөх ёстой байсан зээл төлөгдөлгүй, хүү болон алдангитайгаа нийлээд өдгөө 47 сая 710 мянган ам.доллар болоод байгаа аж. Энэ гэрээнд маргаан гарвал ОХУ-ын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр тусгасан аж. Үүний дагуу маргааныг тус улсын арбитрын шүүх хэлэлцээд, 47 сая 710 мянган ам.долларыг “Алтандорнод Монгол” төлөх ёстой гэж дүгнэжээ.

Харин “Алтандорнод Монгол” ХХК-ийнхан “үүнийг бид төлөхгүй” гэж үздэг юм. Тиймээс Газпромбанкныхан 2014 оны есдүгээр сарын 15- нд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд хандаж, шүүгч З.Доржнамжин ОХУ-ын Арбитрийн шүүхийн шийдвэр хүчинтэй болохыг баталгаажуулжээ. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй. Харин “Алтандорнод Монгол”-ынхон хууль зөрчин гомдол гаргасныг 2014 оны мөн сарын 26-нд шүүгч О.Номуулин хянаад “Гомдол гаргах эрхгүй байна” гэсэн шийдвэр гаргасан юм билээ. Хоёронтоо баталгаажсан Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа хийх ёстой ч “Алтандорнод Монгол” ХХК-ийнхан хоёр шүүгчийн талаар Авлигатай тэмцэх газар, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ёс зүйн хороонд гомдол гаргасан аж.

Шүүгчийн шийдвэрт давж заалдах эрхгүй байсаар байтал “Алтандорнод Монгол”-ынхны гаргасан гомдлын дагуу өчигдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэхээр болсон юм. Гэвч шүүх хурлыг ирэх даваа гариг хүртэл хойшлуулжээ. Газпромбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа шүүхэд гаргасан гомдолдоо “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах энэхүү шүүх хурал нь Олон улсын болон Монголын олон хуулийн заалтыг зөрчиж байна. Олон улсын конвенцийг мөрдөх үүрэгтэй Монгол Улсын шүүх ОХУ-ын арбитрийн шүүхийн захирамжийг үг дуугүй биелүүлэх ёстой атал “Алтандорнод Монгол”-ын гомдлоор шүүх удаа дараа хэлэлцэж, хууль зөрчлөө. Шүүгчийн гаргасан захирамжтай нь холбоотой сахилгын хэрэг үүсгүүлэн хараат бус байдалд нь ямар нэг аргаар нөлөөлөх гэж оролдож байна” гэжээ. Харин “Алтан дорнод Монгол” компанийн төлөөлөн очсон эмэгтэй хэвлэлийнхэнд “ОХУ-ын иргэн В.С.Паушок нь “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ 2006 онд ОХУ-ын Газпромбанкнаас Монгол Улсад уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийнэ, машин техник худалдан авч ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах зориулалтайгаар 30 сая ам.долларын зээл авсан боловч харамсалтай нь уг мөнгийг Панам улсын оффшор бүсийн компанийн данс руу шилжүүлээд хувьдаа завшсан юм.

Үүнээс үүдээд нэг талаас зээл олгосон гэх Газпромбанкны гомдолтой асуудал, нөгөө талаас огт авч ашиглаагүй зээлийн мөнгөний хиймэл өрөнд орсон “Алтан дорнод Монгол” ХХК-ийн асуудлыг шүүх хянаж байгаа билээ. Газпромбанкны өмгөөлөгч нь маргаантай асуудлыг хурцатгах, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа удаа дараа гаргах, хууль зөрчсөн захирамж шийдвэр гаргуулах, хурал хойшлуулах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар сунжруулан хугацаа алдах, шүүхийн өмгөөллөөсөө гадуур хэн нэгэн гуравдагч этгээдтэй хуйвалдан хэрэг маргаанаас хувьдаа ашиг хонжоо хайх, хэвлэлээр шүүхийн маргаантай асуудлаараа буруу зөрүү ташаа мэдээлэх, том албан тушаалтны нэр барих зэргээр шүүх хууль хяналтын байгууллагад нөлөөлөхийг оролдож, хуульч өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээгээ умартаж уландаа гишгэж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм. Харин шүүгчийн захирамжид дурдсанаар ОХУ-ын арбитрын гурван шатны шүүхийн шийдвэр гарч, хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг баталгаажуулчихаад байгаа юм.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.4.127 Odoogiin orosuud bol hamgiin uudgui naidvargui gahainuud bolson. Khan Resource deer S.Bayriig yatgaj baigaad Dornodiin urand orosuud hamtrana geed kanaduudiin litsenziig bulaalgasan odoo Mongol shuuhed torguulid unahad orosuud tag chig muu novshnuud.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд