Ялалтын баярын парадад оролцох МОНГОЛ ЦЭРГҮҮД БЭЛТГЭЛДЭЭ ГАРЛАА

2015 оны 03 сарын 06

Монгол дайчид Моск­вагийн Улаан тал­байд уухай хадааж, жигдрэн алхана. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэг­доржийн урилгаар хойд хөршийн Төрийн тэргүүн өнгөрсөн онд манай улсад айлчлах үеэрээ Монгол Улсын цэргийн алба хаагчдыг Эх орны дайнд ялсны 70 жилийн ойн ёслолын сүрт жагсаалд оролцуулах талаар ярилцсан юм.

Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр ал­бан ёсны урилгаа ирүүлсэн аж. Ингээд манай Зэвсэгт хүчин, хи­лийн цэргийн алба хаагчдаас 80 хүнийг сонгон шалгаруулж, Улаан талбайд “хөл тавих” дайчдыг сон­гожээ.

Энэ талаар Ёслолын жаг­саалд оролцоход бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, БХЯ-ны Ст­ратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайхан­баяраас тодрууллаа.

-Парадад оролцох цэргүүдийг ямар шалгуураар сонгосон бэ?

-Урилга ирсний дагуу БХЯ, ЗХЖШ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, ажлаа төлөвлөн Зэв­сэгт хүчний болон хилийн цэр­гийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдаас сонгон шалгаруулсан. 180-185 см өндөр­тэй, бие бялдрын хөгжил сай­тай, зөв төрхтэй, элдэв сорви, шивээсгүй, цэргийн хэргийн болон жагсаалын дүрмийн мэд­лэгийг гол шалгуур болгосон юм. Шалгаруулалтад Зэвсэгт хү­чин, хилийн цэргийн бүх анги салбарынхныг хамруулж, эхний шатанд 166 хүн сонгосноос дахин шалгаруулалт явуулж, нөөц­тэйгөө 80 орчим хүнийг үүрэгт ажлаас нь түр чөлөөлөн, бэлтгэл хийлгэж эхэллээ. Эндээ бэлтгэл хийж байгаад ОХУ-д очиж жагсаалын хамтарсан бэлтгэл хийх байх.

Хэдийгээр тус улсыг зорих вэ. Мэдээж буу барьж алхах байлгүй. Эндээсээ авч явах уу, оросууд буу бэлтгэж өгөх үү?

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн талбайд өдөр бүр жагсаалын бэлтгэл хийж байгаад дөрөвдүгээр сарын 20-доор ОХУ-д очно. 25-наас нэгдсэн бэлтгэлд оролцох байх. Зэвсгийн тухайд хоёр тал тохиролцоод ОХУ-ын талаас АКА буу бариулах болсон гэв.

Зэвсэгт хүчний анги салбараас хугацаат цэргийн зургаан алба хаагчийг сонгосон бөгөөд тэдний хамгийн отгон нь 19 нас хүрч байгаа бол бусад нь 20-21 настай гэнэ. Ёслолын жагсаалд оролцох цэргийн алба хаагчдын бэлтгэлтэй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар өчигдөр танилцсан юм. Энэ үеэр ЗХЖШ-ын хугацаат цэргийн алба хаагчид төдийгүй Зэвсэгт хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч нараас гадаад хэлний тэр дундаа орос хэлний мэдлэгийг нь илүүтэй лавлаж байсан. Харамсалтай нь хугацаат цэргийн алба хаагчдын нэг нь ч хойд хөршийн хэлийг бүү хэл англи хэл мэднэ гэж хариулсангүй.

Офицер, ахлагч нарын бүрэлдэхүүнээс ОХУ-д цэргийн сургууль төгссөн хүмүүсээс бусад нь мөн л очих гэж буй орныхоо хэлийг мэдэхгүй гэж байлаа. Харин Зэвсэгт хүчнийхнээс сонгогдсон цэргүүдийн ихэнх нь НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах бусад ажиллагаанд оролцсон бол хилчдээс нэг л ахлагч “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцжээ. Офицер, ахлагч нарын бүрэлдэхүүний хамгийн ахмад нь 40 хүрч байгаа бол бусад нь 25-36 насныхан. Жагсаалд оролцох цэргүүд Зэвсэгт хүчний алба хаагчдын өмсдөг ёслолын хувцсаар ижилсэх гэнэ.

Манай цэргийн алба хаагчид Улаан талбайтай ойролцоо хэмжээ, зай талбайтайгаар нь тээврийн хэрэгсэл явах зам болчихоод байгаа Урт цагааны талбайд жагсаалын бэлтгэл хийхээр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т хүсэлт тавьжээ. Жагсаалын бэлтгэл ажилтай танилцсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан цэргүүдэд хандаж “Эх орны дайны түүх, энд Монгол Улс холбоотноор оролцсон байдалтай танилцан, худам монгол бичиг уншиж бичдэг болгох нь чухал. Монгол Улс Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буй бусад орноос түүх соёл, уламжлал, босоо бичгээрээ ялгарна. Гурван сая монголчуудаа төлөөлж та бүхэн Улаан талбайн парадад анх удаа “хөл тавих” гэж байна.

Монголын нүүр царай болж очиж байгаа та бүхэн сахилга баттай, үлгэр жишээч байж, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд сайнаар дуурсгаж, дэлхийн цэрэг болсноо харуулахыг хүсье. Парадад монгол цэргүүд алхах болсонд Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгаа. Бэлтгэл хийхэд тусалж дэмжихээ илэрхийлсэн” гэсэн юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Монгол цэрэг Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын сүрт жагсаалд алхах болсон нь маш том аз завшаан. Энэ арга хэмжээнд оролцохоор сонгогдсон та бүхэнд баяр хүргэе. Хамгийн гол нь маш хариуцлагатай байж, бэлтгэл сургуулилалтаа сайтар базаахыг хүсэж байна.

Энэ бол монгол цэргийн сүр хүчийг олон улсад дахин гайхуулах түүхэн арга хэмжээ. Дэлхийн бусад орны цэргүүдэд та бүхэн Монголын түүхээ ярьж, эх орноо сурталчлах учиртай” гэлээ. Тавдугаар сарын 9-нд Улаан талбайд жагсах монгол дайчдыг Зэвсэгт хүчин, хилийн цэргээс, эх орны өнцөг булан бүрээс сонгосон гэдгийг дээр дурдсан. Ховдын хязгаар, Дорнодын уудам талд эх орныхоо эс ширхэг бүрийг хамгаалж буй цэргийн алба хаагчид энд багтсан. Тэдний нэг Дорнод аймгийн Баян-Уул сум дахь хилийн цэргийн 0275 дугаар ангийн заставын орлогч, дэслэгч П.Баттулга “Эх орноо төлөөлөн энэ том арга хэмжээнд оролцохоор сонгогдсондоо маш баяртай байна.

Монгол цэргүүдийнхээ нэр, хилчдийнхээ яруу алдрыг дуурсгахын төлөө хичээж бэлтгэлээ базаах болно” гэж ярилаа. ОХУ-ын Москва хотын Улаан талбайд тавдугаар сарын 9-нд болох ялалтын парадад 20 гаруй орны 14 мянга орчим алба хаагч жагсана гэх мэдээлэл бий. Оролцох орон, цэргийн алба хаагчдын тоо нарийвчлан гараагүй байгаа ч Монгол, АНУ, Их Британи, Франц, БНХАУ, БНАСУ, Армен, Казахстан, Молдав, Беларусь, Польш зэрэг 20 гаруй орны цэргүүд оролцохоор уригдсан албан бус мэдээлэл байгааг БХЯ-ныхан хэлэв. Эх орны дайны ялалтын 65 жилийн ойн ялалтын сүрт жагсаалаас эхлэн (таван жилийн өмнөөс) гадаадын цэргийн бүрэлдэхүүн парадад алхаж буй аж.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.89.199 арамсалтай нь хугацаат цэргийн алба хаагчдын нэг нь ч хойд хөршийн хэлийг бүү хэл англи хэл мэднэ гэж хариулсангүй гэсэн эн өгүүлбэр бол Насаараа яаманд бүгсэн бэртэгчин Г.Сайханбаярт чиний одоо удирдсан газрын харьяа цэргийн штабуудын ажлын нүүр царай.дандаа эгэл ардын хүүхдийг цэрэгт дайчилдагын чинь гор.Тийм сүрхий юм бол Орос 3, бас 18,23 болон бусад хувийн сургууль төгсөх хүүхдүүдээс наад параданд орох цэргээ бүрдүүл.
66.58.202.234 putin uhaantai hyn.bidniig bish umaa gehed mongol tsergiin syr javhaa zorig tevcheer hetsyy yed ni hamt bsn zergiig bodood urisan.mash ih utga aguulgatai ner hyndtei urilga shyy.yeiin yed gantsaarduulj bsn odoo ch tiim l bn.gehdee orosuudyg sohroono gej bhgyi sh te.bid ch odoonoos tedend zov handah yostoi.amerikiig dagaj 25 jil daldagnaad u hojiv.ene ulsaa nuraagaad hayachihsan.yag ynendee bol orosuudyn barij ogson Erdenet uildver baigaagyi bol bid zygeer l bangladesh bolchihson bsn.25 jiliin dotor mal aj ahui aj yildveriin geh todotgoltoi eryyl mend bolovsrol soyol shinjleh uhaany tsogts salbartai armi hiliin tseregtei huulia deedeldeg hulgai hiideggyi bsn uls shyy dee bid chini eniig yndseer ni nuraaj hayalaa daa.
66.58.202.234 um medej bas bodoj bj bichij bai.hen ni oroh hen ni orohgyig hyrtel meddeg mundag hyn bn.bid dain ehelhees duustal hamt bsn.ulaan armiin egneend baildaj bsn mongol tsergyyd tshoohon bish hsyy.hervee hyniihee too ter yeiin ediin zasgiin bolomj zergee ergeed harval bidnees oor chamlamgyi tusalsan uls baihgyi
220.191.168.13 Sain baina
195.93.129.114 Хуучин ЗХУ-ын Армен, Казахстан, Молдав, Беларусь-аас л жагсах байх. Бусад нь ирэхгуй. Миний бодлоор, монгол цэрэг Европ дахь дайнд оролцоогуй. Оросууд ч монголыг дайны найдвартай ар тал болсныг хулээдэггуй. Далдгануураараа Элбэгээ л очоод жаал хошгирч яваад ирсэн нь дээр дээ. Энэ хэцуу уед зардал ч бага гарна.
124.158.74.185 Та юу гэж бодож байна ...Чингэсийн талбайдаа бэлтгэлээ хийгээч.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд