“Хан ресурс” ХХК-д ялагдсан Засгийн газар ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС 100 САЯ АМ.ДОЛЛАР ГАРГУУЛАХ УУ

2015 оны 03 сарын 04

Монгол Улсын Засгийн газар Канадын “Хан ресурс” компанийн хооронд олон жилийн турш үргэлжилсэн маргааныг Парис дахь олон улсын арбитрийн шүүх шийджээ. Шүүх хурал анх 2012 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө “Хан ресурс” компанийн талд шийдвэр гаргасан байна. Ингэснээр манай Засгийн газар 100 сая ам.доллар буюу 200 тэрбум орчим төгрөг харийнханд өгөхөөр болж байгаа аж. Эдийн засаг хүндэрсэн, “Чингис”, “Самурай” бонд зэрэг өрийн дарамтад байгаа Засгийн газар ард түмний халааснаас л энэ мөнгийг гаргуулах нь дамжиггүй. Манай Засгийн газар, Канадын “Хан ресурс”-ийн хооронд анх 2009 оны долдугаар сард хэрэг үүссэн юм.

Дорнод аймаг дахь цацраг идэвхт ашигт малтмалын орд газарт уран олборлох байсан тус компанийн “охин” “Төв Азийн уран”-ы 237А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, Монгол-Оросын хамтарсан “Дорнод уран” компани байгуулан лицензийг нь түүнд шилжүүлснээр маргаан эхэлсэн түүхтэй. Дорнодын талд ураны Дорнод, Мардай, Гурванбулагийн гэсэн стратегийн орд газар нь 53.807 га талбайг эзлэн оршдог. Дээрх ордуудаас ураны нөөцөөрөө Монголдоо тэргүүлдэг нь Дорнодын орд бөгөөд баталгаажсан нь 28.868 тонн. Уг ордыг Монгол, Оросын хамтарсан хайгуул судалгааны баг илрүүлж байсан гэдэг. Засгийн газар ОХУтай хамтран “Дорнод уран” компанийг байгуулсан ч арбитрийн шүүхийн маргаантай холбоотойгоор үйл ажиллагааг нь зогсоосон гэхэд хилсдэхгүй.

Энэ хугацаанд Оросын тал үйл ажиллагааг нь явуулахыг шаардсаар байсан гэдэг. Хэрэв “Дорнод уран” үйл ажиллагаагаа явуулсан бол ОХУ-ын ураны хэрэглээний дөрөвний нэгийг тус ордоос хангах боломжтой гэж үзэж байсан юм. Шүүх хурал эхлэхээс өмнө тухайн үед буюу 2011 онд Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан С.Энхбат арбитрийн шүүхэд “Хан ресурс”-ийг ялах боломж бий гэж ярилцлага өгч байсан бол Арбитрийн шүүхэд бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг ч “Шүүхийн эцсийн шийдвэрийг урьдчилан хэлэх боломжгүй ч тус компанийг ялах хангалттай нотолгоо бий” гэж ярьж байсан.

Гэвч Парисын арбитрийн шүүх “Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний гэрээгээ болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтаа зөрчсөн” гэж дүгнэсэн байна. Улмаар “Хан ресурс” компанид учирсан хохирлыг компанийн шинжээчдийн гаргасан тайланд бус, ТЭЗҮ-д зарцуулсан хөрөнгийн одоогийн өртгөөр тооцжээ. 2009 оны долдугаар сард 237А тусгай зөвшөөрлийг цуцалснаар тус компанид 80 сая ам.долларын хохирол учирсан. Үүнийг Монголын Засгийн газраас гаргуулах нь зүйтэй. Үүн дээр нэмээд олон улсын банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR- ын хоёр хувийг нэмэх, арбитр, өмгөөллийн зардал болох 9.1 сая ам.долларыг гаргуулан нэхэмжлэгч “Хан ресурс” компанид олгохоор шийдвэрлэжээ.

Арбитрийн шүүхийн шийдвэр гарсны дараа тус компанийн захирал Грант Эди “Арбитрийн шүүх шударга шийдвэр гаргасанд баяртай байна. Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчсөн гэх нэрнээсээ бид саллаа. Монгол Улсын Засгийн газар хууль бус үйлдэл хийснийхээ хариуд арбитрийн шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлбөрөө шуурхай олгохыг хүсье” гэж ярьжээ. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчөөр оролцсон ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгээс арбитрийн шүүхийн шийдвэрийн талаар тайлбар авахыг хүссэн ч ямар нэгэн хариулт өгөөгүй юм.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.46.206 Будлианы эзэн С. Баяр, Сү.Батболд нараар төлүүл
202.126.89.199 төрийн хулгайч нар аа.гадаадад байгаа офшор данснаасаа тэр мөнгөө гарга.Ард түмнээсээ юуг нь авах гээд байгаа юм.
43.242.243.64 Татвар төлөгч би төлөхгүй тэр С. Баяраараа төлүүл
202.179.18.60 Би өрх толгойлсон ажилгүй эмэгтэй, надад байгаа ганц хөрөнгө 4 ханатай гэрээ зараад мөнгий нь өгье, С.Баяр, Бадамдамдин, Элбэгдорж ...нараас юугий нь авах вэ, хөөрхийс ажлаа л сайн хийгээд над шиг ядарсан ард олноо бага шиг хуурч мэхэлвэл болох нь тэр...
103.230.82.210 Одоо тэр лицензийн цуцлуулсан орсуудаасаа 100 сая доллороо нэхэмжилээч төлөхгүй гэвэл дуудлагаар зараач,,,

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд