Дуулиан тарьсан хар тамхины хэрэгт ХОЛБОГДОГЧДЫН ХУВЬ ЗАЯА ХЭРХЭВ

2015 оны 03 сарын 03

Хар тамхи нэртэй цагаан тахалд чинээлэгт тооцогдох монгол залуус донтон, урхидуулах болсныг цагдаагийнхан хэлдэг. Ядуу айлын хүүхэд нэг удаа хэрэглэх бодист зарцуулах 300-400 мянган төгрөгөө хоногийн хоолондоо л зарцуулахыг хичээдэг бол чинээлэг айлын охид, хөвгүүд сэтгэл санаагаа засахын тулд хэрэглэдэг хэмээн тайлбарладаг. Хууль хяналтын болон төрийн бус байгууллагынхны хийсэн судалгаагаар ч боломжийн амьдралтай айлын хүүхдүүд хар тамхинд донтож, хэрэглэдэг гэсэн дүн гарсан. Тэгэхээр дэлхийн хар тамхины наймаачид Монголын ирээдүй хойч болсон залуусыг, тэр дундаа мэдлэг боловсролтой, хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүдийг онилж байна гэхэд нэг их буруудахгүй болов уу.

СУГАРЫН ЦОГ, ЦОГТБАЯРЫН ЭРДЭНЭБИЛЭГ НАРТ ДАХИН ЯЛ ШИЙТГЭЛЭЭ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү Цог нарын 12 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өчигдөр дахин хэлэлцэж эхэллээ. Өмнө нь энэ хэргийг тус шүүхээр шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчдэд оноосон ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Тухайн үед анхан шатны шүүх 12 шүүгдэгчийг гуравт нь холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, найман хүнд дөрвөн сараас гурван жил таван сар хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэсэн.

Уг хэргийн холбогдогчдын нэг нь шог зураач С.Цогтбаярын хүү Эрдэнэбилэг юм. Тэрбээр гэртээ каннабис хэмээх олсны төрлийн ургамал хадгалсан, Э.Золбадралаас 900 мянган төгрөгөөр “мөс” худалдаж авсан хэрэгт холбогдсон бөгөөд хавтаст хэрэгт байгаа баримтаас үзэхэд аав нь хүүгээ буруу замаас гаргаж авахын тулд цагдаагийн байгууллагад хандсан байдаг юм. С.Цогтбаяр ЭЦГ-т “Хүү маань сүүлийн үед их хэмжээний мөнгийг богино хугацаанд үрээд байгаа нь сэжигтэй санагдах болсон. Бид түүнийг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсний дараа Эрдэнэбилэг “Би одоо больё” гээд гэртээ хадгалж байсан жижиг ууттай нунтагласан, хатсан өвс, цэвэр усны савыг гаанс маягаар бэлтгэсэн зүйл өгсөн юм. Эдгээр зүйлийг шалгаж өгөхийг хүсье” хэмээн хандсан байдаг аж.

Энэ хэргийн өөр нэг холбогдогч Т.Тамир нь Энэтхэгт сурч байхдаа хар тамхийг онлайнаар захиалж авч болдог аргад суралцан, цахим хаягийг нь олж аваад 2013 оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд дөрвөн ч удаа уг хаягаар захиалга өгч, LSD, экстази хэмээх мансууруулах үйлчилгээтэй хоёр төрлийн бэлдмэл 32-ыг шуудангаар хүлээн авч байжээ. Улмаар түүнийгээ найз бүсгүйгээрээ дамжуулан худалдаж байсан хэрэгт холбогдсон юм. Шүүх хурал 18.00 цаг өнгөрч байхад дуусаж С.Цог, Золбадрал, Энхтайван нар хоёр жил хорих ял шийтгүүлсэн бол Ц.Эрдэнэбилэг нарын хүмүүст нэг жил таван сар хорих ял оноож, тэнсэн харгалзахаар болсон байна.

“АЙС ТОП”-ЫНХНЫ ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУСЧЭЭ

Говьсүмбэр аймагт байгуулсан “Гранд” рестораны нээлтийн үеэр мансууруулах бодистой холбоотой хэрэгт “Айс топ” хамтлагийн Манлайжаргал, Чулуунбаяр, Бат-Оргил, “Дижитал”-ын Баавар буюу Ш.Батбаяр тэргүүтэй залуусыг ЗБГХТГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард саатуулсан талаар бид мэдээлж байсан. Сэжигтнүүдийн шээс, цусанд хийсэн шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдож, багагүй хугацаанд шалгасны дүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Хэрэв дээрх хүмүүст холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэвэл хип хоп хамтлагийнхан хоёр дахь удаагаа мансууруулах бодистой холбоотой хэрэгт ял шийтгүүлэх болоод байгаа юм.

“ШАР” ХЭМЭЭХ Э.ЭНХБАТЫГ СУЛЛАВ

“Шар” Энхээ хэмээн олонд танигдсан Э.Энхбатыг хугацаанаас нь өмнө суллав. Түүнийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-нд цагдаагийн Тусгай хэлтсийнхэн сүр дуулиантай баривчилж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгасан юм. Улмаар Дүүргийн I прокурорын газраас Э.Энхбатыг хууль бусаар ховор ангийн түүхий эд, байлдааны галт хэрэгсэл, буу хадгалсан, иргэн Э.Ширбазар, Ш.Амармэнд нартай хамт мансууруулах бодис хэрэглэсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж. Цагдаагийн тэднийг баривчилсныхаа дараа Э.Энхбатын автомашинд үзлэг хийхэд мансууруулах бодис татахад зориулж хуйлсан мөнгө гарсан төдийгүй тэдэнд өөрсдөд нь шээсний шинжилгээ хийхэд мөс буюу “метамфитаман” хэмээх бодис илэрснийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид тогтоосон байна.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уг хэргийг хэлэлцээд баавгай авласан гэдэг нь нотлогдохгүй, тэгээд ч ховордсон амьтны жагсаалтад орохоос өмнө хэн нэгэн агнаад арьсыг нь өгсөн нь тогтоогдож байна. Харин байлдааны 47 ширхэг сум, “Винтов” буу хадгалж байсан нь Галт зэвсгийн тухай хууль зөрчсөн, мансууруулах бодис хэрэглэсэн нь нотлогдсон гэж үзээд Э.Энхбатад хоёр жил зургаан сар хорих ял оноосон. Э.Ширбазар, Ш.Амармэнд нарыг төрийн төлөөлөгчийг эсэргүүцсэн ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн хэмээн өмнөх ялаас эдлээгүй үлдсэн хугацааг нь нэмж Ш.Амармэндэд таван сар 20 хоног, Э.Ширбазарт зургаан сар баривчлах ял шийтгэсэн. Улсын Дээд шүүх Э.Энхбатын ялыг хөнгөрүүлж, нэг жил хорих ял ногдуулсан юм.

Г.САРАНГЭРЭЛ О.БААСАНХҮҮГЭЭС НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХЭМЖИЛЖ ШҮҮХЭД ХАНДЛАА

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой байсан хэмээгдэж байсан Г.Сарангэрэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг хэргийн хариуцагч нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Г.Сарангэрэл “О.Баасанхүү миний нэр төрд халдаж, худлаа мэдээлэл нийгэмд цацсан. Тиймээс нэр төрөө сэргээлгэж, нэг тэрбум төгрөг нэхэмжилж байна” гэжээ. Одоогоор нэхэмжлэлийн хувийг О.Баасанхүүд гардуулаагүй байгаа аж. Мансууруулах бодис хууль бусаар олж авч хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүх Г.Сарангэрэлд нэг жил зургаан сар хорих ял шийтгэсэн бол Улсын Дээд шүүх нэг жил хоёр сар болгон хөнгөрүүлсэн билээ. Түүний ял эдлэх хугацаа энэ сарын 20-доор дуусах юм.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.112.2 Та юу гэж бодож байна ...Хулгай хийсэн нөхдүүд энэнээс олон жил аваад, хар тамхи зарсан нөхдүүд ердөө л дээд тал нь 2 жил гэнүү. Ийм шударга бус нийгмийг яаах вээ

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд