Н.Энхбаярын хэргийг цагдаагийнхан сэргээн шалгана

2015 оны 03 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрсөн наймдугаар сард дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Иргэн Бат-Эрдэнэ болон АНУ-ын иргэн А.Генсбург нар эд хөрөнгөө залилуулсан талаараа тус газарт өргөдөл гаргасан бөгөөд бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр түүнийг шалгаж эхэлсэн талаар бид тухайн үед мэдээлж байв.

МАХН байрлаж буй хоёр давхар цагаан байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ч үлдэгдэл нэг саяыг нь өнөөг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн А.Генсбургэд онц их хэмжээний хохирол учруулсан гэж түүнийг буруутгаж буй. Мөн 2008 онд иргэн Бат-Эрдэнээс 1.2 тэрбум төгрөг залилж авсан гэсэн гомдол ЗБГХТГ-т ирсэн юм.

Тус газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад иргэн Бат-Эрдэнийн гомдол үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгож, А.Генсбургийн гомдлын дагуу шалгаж эхэлсэн. Гэвч уг хэргийг түдгэлзүүлжээ. Учир нь “МАХН-ын дарга Н.Энхбаяр өвчтэй, гадаадад удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаа учраас тайлбар өгөх боломжгүй” гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн аж.

Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу түдгэлзүүлэх шийдвэр прокурорын байгууллагаас гаргасан байна. Харин өдгөө Н.Энхбаяр эх орондоо ирсэн учраас түүнд холбогдох бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх хэргийг удахгүй сэргээн шалгана, АТГ-ын шалгах үндэслэл цагдаагийнхаас өөр хэмээн прокурорын байгууллагын эх сурвалж хэллээ.

Г.ОРЧЛОН

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд