Жастин Капла нарыг удахгүй уучилна

2015 оны 02 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өчигдөр дөрвөн хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн ялаас нь бүрэн чөлөөлөх зарлиг гаргалаа. Тэдний нэг нь Э.Халиун гэх эмэгтэй. Тэрбээр хамт архи ууж байсан эмэгтэйгээ хутгалж, хүнд гэмтээсэн хэргээр нь 2012 оны долдугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхээс таван жил зургаан сар хорих ялаар шийтгүүлсэн аж. Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх зарлигт Э.Халиуныг анх удаа хэрэг үйлдсэн, эдлэх ялынхаа талаас илүүг биечлэн эдэлсэн, өр төлбөргүй, гэм буруугаа бүрэн ухамсарласан гэж дүгнэжээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолд Э.Халиуныг 2004 онд бусдын эд зүйл булаасан хэргээр гурван жил хорих ял шийтгүүлж, тэнсэн харгалзсан гэсэн байна. Харин нөгөө гурав нь Ч.Мөнх-Очир, Г.Батмягмар, Г.Баасанцэрэн нар. Тэд 2012 онд хятад иргэнээс 20 мянган юань авч, импортоор оруулж ирсэн татвар ногдох онц их хэмжээний буюу 55 сая төгрөгийн ачаа, барааны тоо хэмжээг зориуд нуун, бууруулан гаальд мэдүүлээд 700 мянган төгрөгийн татвар төлж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 7.5 сая төгрөг төлөхөөс санаатай зайлсхийсэн, уг хэргийн холбогдогч Г.Баасанцэрэн нь согтуудаа 10 настай охиныг хүчирхийлэхээр завдсан хэрэгтэй.

Үүндээ тэд таван жил нэг сараас зургаан жил хорих ял шийтгүүлсэн аж. Тэдэнд уучлал үзүүлэхийн хамтаар Монгол Улсад төлөх ёстой онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр анхан шатны шүүхээс ял шийтгүүлээд байгаа Жастин Капла, Хилариан Кажуком, Кристобал Дэвид нарт уучлал үзүүлж, суллагдаж байна гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тарсан юм. Харин ШШГЕГ болон хуулийн бусад байгууллагын эх сурвалжууд “Тэдэнд өчигдөр уучлал үзүүлсэн зарлиг гаргаагүй. Харин 2-4 хоногийн дараа тийм зарлиг гарах магадлалтай байгаа” гэлээ.

Уг нь хуульд зааснаар Ерөнхийлөгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд уучлал үзүүлдэг аж. Харин Жастин Капла нарт холбогдох хэргийн тухайд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж хэлэхэд эрт байгаа юм. Учир нь дээрх гурван шүүгдэгч давж заалдах гомдол гаргалгүй, шууд Ерөнхийлөгчид хандан уучлал хүссэн. Харин иргэний хариуцагч буюу тэдний ажиллаж байсан “Саусгоби сэндс” компанийнхан 35 тэрбум төгрөг улсад төлөхийг эсэргүүцэн, давж заалдах гомдол гаргасан юм билээ. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй гэж үздэг аж.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.122.143 Та юу гэж бодож байна ...gui ee ovoo doo

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд