Хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгээд ХЭЛМЭГДСЭН ТАВИЛАН

2015 оны 02 сарын 24

Монгол орныг хар дарсан зүүд мэт болгож байсан тэртээ 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр олон жилийн турш үргэлжилсэн. 1922 онд Бодоо, 1923 онд Данзанг хилс хэрэгт тулган цаазаар авснаас хойш улс төрийн хэлмэгдүүлэлт эрчээ авсан гэхэд болно. Хэлмэгдүүлэлт нэг ёсондоо Монголын нийгмийн элит хэсгийг устган үгүй хийх гэсэн зохион байгуулалттай аллага байсан гэж түүхч, судлаачид үздэг. Монгол Улсын тухайн үеийн удирдагчид, сэхээтнүүд, лам, ноёдоос эхлээд харц ардыг нь энэ хар сүүдэр дайрсан.

Мөн монгол төрийг бэхжүүлэхийн төлөө зүтгэж явсан тагнуулч хөвгүүдээ ч энэ шуурганд алдаж явсан нь ч бий. Түүгээр ч зогсохгүй, үндэстэн ястнуудыг ч хоморголон хядаж байсан түүхийг хэн ч мартах учиргүй. Тэр дундаа буриад зоныг олноор нь хүйс тэмтэрч байсан бол 1940-өөд оны сүүлчээр хэлмэгдүүлэлт казах түмнийг ч онилж байж. Монголын төр үнэнчээр зүтгэсэн хүндээ хатуу ханддаг хэмээх ард түмний дунд яригддаг нэгэн үгийг санагдуулам үйл явдал Монголын нэгэн үндэстэн болох казах түмний төлөөлөл хэдэн хүнд тохиолджээ. Ийм нэгэн хэргийг Улсын дээд шүүхэд хянан хэлэлцээд цагаатгасан юм. Уг хэргийн хавтсыг сөхье.

МОНГОЛ РУУ ТЭМҮҮЛСЭН СЭТГЭЛ БУЮУ ЭРХ ЧӨЛӨӨНД ЗҮТГЭСЭН КАЗАХУУД

Баруун хилийн амгалан тайван байдал тогтворгүй, үе үе Оспаны дээрэмчид халдаж, энгийн ардуудын мал ахуйг дээрэмдэн тонохын зэрэгцээ эхнэр хүүхдүүдийг нь ч олзлон авч байсан цөвүүн цаг. Хэдий ийм ч харийн дарлалаас чөлөөлөгдсөн Монгол орон руу эрх чөлөөт амьдралыг хүсэмжилсэн өвөрмонгол, казах, буриад, чантуу, барга гээд олон хэлийн хүн зон зорьж байв. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийг зөрчөөд ч болтугай орсон байвал амар амгалан, айх аюулгүй амьдралтай золгоно гэж итгэсэн Шинжаан нутгийн казах ардуудын төлөөлөл болсон У.Сагадай, А.Касен, Х.Хошваан тэргүүтэй өрх айл 1934 онд манай улсыг хилийг зөрчин орж иржээ. Хилийн байдал тогтворгүй, хадалт сэрдэлт ихтэй тэр үед У.Сагадай нарыг БНМАУ-ын хилийг зөрчсөн хэрэгт таван сар хорих ял шийтгэсэн аж. Эрх чөлөөт амьдрал хүсэмжилсэн тэдгээр хүмүүст таван сарын хугацаа гэдэг урт юм шиг санагдавч, нүд ирмэхийн зуур л өнгөрчээ. Ял шийтгэлээ эдэлж дууссан У.Сагадай эрх чөлөөт, энгийн тайван амьдрах болж, Ховд аймгийн Үенч, Дэлүүн суманд мал маллахын зэрэгцээ худалдааны агентаар ажиллаж эхэлж. Улмаар тусгаар тогтносон БНМАУ-ын нам төрийн үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцож, 1940-өөд оны эхээр МАХН-д элссэн гэнэ.

Энэ тухай хавтаст хэрэгт тухайн үеийн БНМАУ-ын ДЯЯ-ны төлөөлөгч Уртнасан, Аймгийн намын хорооны дарга Гомбожав нарт намын батлахыг нь У.Сагадайн эхнэр Х.Каешаа нь 1942 онд хүлээлгэн өгсөн тухай мэдүүлэг байгаа юм. Тэр үед нүдний цөцгий мэт нандигнан хайрлаж байсан намын батлахыг нь яагаад эхнэр нь буцаан эрх бүхий албан тушаалтнуудад хүлээлгэн өгөх болов хэмээн уншигч та бодох биз. Төрийн шагналт зохиолч Д.Норовын “Босго тотго” зохиолоор бүтсэн телевизийн олон ангит кинонд У.Сагадайн тухай гардаг. Хилийн цэргийнхэн, ДЯЯ-ныхны даалгавраар тэрбээр баруун хилээр өнгөлзөж, улсын хилийн халдашг үй байдалд нөлөөлөн буй Оспаны дээрэмчдэд урвасан монгол, казах урвагчдыг олж илрүүлэн үнэтэй мэдээлэл цуглуулахын тулд тусгай үүрэг аван хил даван ажиллаж буйг тэнд багахан ч гэсэн харуулсан юм.

ОСПАНЫ ДЭРГЭДЭХ ЗЭВСЭГ ТҮГЭЭГЧ БОЛСОН НЬ

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын “нууц”-ын зэрэглэлтэй материал дунд У.Сагадайг 1939-1945 онд удаа дараа ДЯЯ-наас өгсөн үүрэг даалгавраар тусгай үүрэг хүлээж эх орныхоо хил хязгаарын амгалан тайван байдлын төлөө амь биеэ үл хайрлан гүйцэтгэж байсан тухай бичжээ. Тэрбээр нэг удаа хил дамнасан малын хулгайчийн дүрээр дээрэмчдийн дунд орж байсан бөгөөд Шинжаанаас буцаж ирэхдээ 20 гаруй адуу хулгайлан орж ирсэн баримт ч байдаг юм байна. У.Сагадайг тухайн үед төрд хэрэгтэй хүний нэг байж. 1946 онд түүнийг ял шийтгүүлчихээд байхад нь 1947, 1948 онд шоронгоос оргосон болгож дахин үүрэг даалгавар өгч явуулж байсан аж. Энэ тухай дээрх материалд “У.Сагадайд ДЯЯ-наас тусгай үүрэг өгч, оргосон болгож хил давуулсан. Оспаны дээрэмчдийн дунд очоод уг үүргийг амжилттай гүйцэтгэж, түүний өгсөн мэдээллийн дагуу манай улсын хилээр нэвтэрсэн Оспаны зэвсэгт бүлгийг устгасан түүхэн тулаанд ялалт байгуулахад чухал мэдээлэл ирүүлсэн тул түүнийг үлдэх ялаас нь чөлөөлөх нь зүйтэй байна” гэж бичсэн байгаа юм.

Энэ баримтуудаас үзэхэд У.Сагадай 1943 оны аравдугаар сард БНМАУ-аас “оргож” гараад Оспаны дэргэд зэвсэг түгээгчээр ажиллаж улмаар Монгол руу Гоминьданы шургалуулсан тагнуулуудыг илрүүлэхэд онцгой гавьяа байгуулж, олон ч удаа ашигтай мэдээг өгч байсан аж. Тухайн цаг үеийн ороо бусгаа байдал, хил орчмын зөрчил удаа дараа гарч, Монголоос ч казах иргэд зугтаж байсан үед У.Сагадай тусгай үүрэг гүйцэтгэхийн тулд Шинжаан руу оргож буй хүмүүсийн дунд орсон аж. Тэрбээр хилээр оргож гарахаар тохиролцож байгаа хүмүүсийн тухай мэдээлэл олж авч, тэдний дунд ороод хэнд ч анзаарагдалгүй хил нэвтэрч чаджээ.

ЭХ ОРНООСОО УРВАГЧ БОЛЖ ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ СОНСОВ

Манай улсын баруун хил хязгаарт улс төрийн байдал тогтворгүй болж, Засгийн газраас казахын ёс заншлыг хязгаарлаж олон тооны молдой (лам), баян чинээлэг хүмүүсийг баривчилж, хүүхэд залуучуудыг цэрэг, сургуульд татан, олон төрлийн татвар авч буйд казахууд дургүйцэж Ховд аймгийн Хужирт, Улаан хус зэрэг хилийн ойролцоох сумдын иргэд хилээр даван буцаж Шинжаанд очиж байжээ. Ийм цаг үед нэгэндээ өс санаж, атаархсан казах иргэд хор хутгаж явж. Тийм хүмүүсийн хоронд өртөж У.Сагадай зэрэг хүмүүс хэлмэгдэж байв. Тухайлбал, иргэн Болодхаан, Х.Мухай, Х.Захей нар хуйвалдаж өс хонзонгийн улмаас түүнийг гүтгэж баривчлуулсан тохиолдол гарчээ. Харин тэр үед ДЯЯ-ны төлөөлөгч Баярхүү нарийн сайтар шалгаж, дээрх хүмүүс У.Сагадай тэргүүтэй хүмүүс олон хүнийг турхиран хилээр оргон зугтах гэж байна хэмээн алтан хошуу өргөсөн нь гүтгэлэг болохыг тогтоов.

Гэвч түүнээс хойш нэг их удалгүй У.Сагадайг хил давж оргохыг завдсан хэргээр дахин баривчлав. Түүнийг эх орноосоо урваж Шинжаан мужид очихын тулд казах ардуудын дотор эсэргүү хурал хийж, Шинжааны байдлыг магтаж, нам засгаас явуулж байгаа үйл ажиллагаанаас бэрхшээн муучилж, 30 гаруй хүнийг толгойлон оргосон гэх хэрэгт буруутгажээ. Түүнтэй хамт Х.Хошваан, А.Касен нарыг ч буруутгасан аж. А.Касен нь Оспаны дээрэмчдийн дунд очоод амь үрэгджээ. Харин Х.Хошвааны талаар У.Сагадайтай хамт үүрэг гүйцэтгэсэн тухай ямар ч баримт байдаггүй юм билээ. Ховд аймгийн Ардын шүүх таслах газрын 1946 оны долдугаар сарын 10-ны 55 дугаар тогтоолоор У.Сагадай, А.Касен, Х.Хошваан нарыг Эрүүгийн хуулийн 173 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар мал хулгайлсан хэргээр 10 жил хорих, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эх орноосоо урвасан хэрэгт нь бүх хөрөнгийг нь хурааж буудан цаазлах ял шийтгэжээ.

Улсын Дээд шүүхийн 1946 оны наймдугаар сарын 17-ны 651 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталсан тул Монгол Улсын хилийн аюулгүй байдлын төлөө үнэнчээр зүтгэсэн казах нэгэн амь сүйдэхэд хүрчээ. Гэвч У.Сагадай цөхөрсөнгүй. Улсын Бага Хурлын тэргүүлэгчдэд хандан амь гуйсан захидал илгээсэн аж. БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоолоор У.Сагадай нар нь эх орноосоо урваж оргосон нь жигшүүртэй хүнд гэмт хэрэг мөн боловч үйлдсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж, цаашид зөвөөр хүмүүжихээ илэрхийлсэн тул амь гуйсан өргөдлийг ёсоор болгож буудан алах ялаас нь хэлтрүүлж тус бүрийг 25 жил хорих ял болгон хөнгөрүүлжээ.

Улс төрийн хэлмэгдлийн бараан сүүдрийг арилгах зорилгоор төр засгаас хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг сүүлийн 20 гаруй жилийн турш хийж ирсэн. Энэ хүрээнд У.Сагадайд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хэлэлцжээ. Шүүгч нар “У.Сагадай нь 1943 онд улсын хилээр нэвтрэхдээ тусгай үүрэг даалгавар гүйцэтгэж байсан бөгөөд энэ тухайгаа илчлэх учиргүй тул улсын хилээр оргон гарч, эх орноосоо урвасан хэмээн 1946 онд буудан алах ял шийтгүүлж байхдаа ч улсын нууцад хамаарах асуудал хэмээн тухайн үед мэдүүлээг үй тухайгаа 1978 онд Улсын ерөнхий прокурорт хандан гаргасан өөрийн өргөдөл болон мэд үүлэгтээ дурдаж байжээ.

Тэрбээр казах ардуудын зан байдлын талаар мэдээлэл авах зорилгоор хамтран оргож, тэдний итгэлийг олж аван, улмаар Оспаны дэргэд зэвсгийн түгээгчээр ажиллан, Гоминьданы тагнуулуудыг илрүүлж олон удаа ашигтай мэдээг өгч байсан зэргээс үзэхэд эх орноосоо урвасан биш, улс төрийн зорилгоор тагнуулчийн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс Ховд аймгийн Ардын шүүх таслах газрын 1946 оны долдугаар сарын 10-ны 55 дугаар тогтоол, Улсын Дээд шүүхийн 1946 оны наймдугаар сарын 17-ны 651 дүгээр тогтоол, БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 25 дугаар тогтоолын У.Сагадайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Увшин овогтой Сагадайд холбогдох дээрх хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасугай” гэжээ. Юутай ч Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө амь, биеэ үл хайрлан тэмцсэн нэгэн иргэнээ Улсын Дээд шүүх 70-аад жилийн дараа цагаатгалаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд