СЭЛЭНГИЙН ОЙГ СҮЙТГЭГЧИД ЯЛ ШИЙТГҮҮЛЭВ

2015 оны 02 сарын 24

Монгол орныхоо газрын хэвлий болон газар дээрх баялгийг сувдаг сэтгэлтнүүд амар хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл болгож харснаас үүдэн байгаль эх экологийн доройтолд орж буй. Хүн бүрийн нүдэн дээр доройтож буй байгалийг хайрлаж хамгаалахын оронд хүрз зээтүү, хөрөө сүх барин дайрч үгүй хийж байгаа харамсалтай явдал гарч, хууль хяналтын байгууллагынхан чадлынхаа хэрээр тэмцэж ирсэн. Гэвч шүүх, прокурорын шатанд очихоороо таг чиг болох, эсвэл хохирлоо төлөхгүй хөнгөн ял шийтгүүлэх, танил тал, албан тушаалаараа аргалдаг явдал мэр сэр гарсаар байгаа.

Гэвч цагдаагийн байгууллагынхан шантралгүй байгаль сүйтгэгчидтэй эрчимтэй тэмцсээр буй билээ. Одоогоос жил орчмын өмнө Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэнтэй хамтран Сэлэнгэ аймгийн нутагт шалгалт хийж, хууль бус мод бэлтгэгчдийг илрүүлэн шалгаж эхэлсэн талаараа сэтгүүлчдэд мэдээлж байв. 30 га газрын нарс, шинэс нийлсэн 501 мод хууль бусаар бэлтгэсэн “Хүдэр өсөх” компанийн захирал, “Оросоо” хэмээх Р.Лхагвадоржийг сэжигтнээр тооцон шалгаж, улмаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ойн ангийн дарга Д.Тэрбиш зэрэг албан тушаалтнууд холбоотой болохыг тогтоосон юм.

АЛБАН ТУШААЛАА УРВУУЛЖ МОД БЭЛТГҮҮЛСЭН ДАРГА ТОРГУУЛААД ӨНГӨРӨВ

Хууль бусаар мод бэлтгэсэн “Хүдэр өсөх” компанийн захирал Р.Лхагвадоржийн хэргийг ЗБГХТГ-ынхан хагас жилийн дотор шалгаад, төрийн албан тушаалтнууд холбогдсон болохоор АТГ-ын Мөрдөн шалгах албанд үргэлжлүүлэн мөрджээ. Улмаар өнгөрсөн оны сүүлчээр прокурорт шилжүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүхийнхэн 2015 оны нэгдүгээр сард хянан хэлэлцэв. “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадорж нь зохих зөвшөөрөлгүйгээр 2013 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баяны ар гэх газарт 350.849 шоо метр мод бэлтгэж байгаль экологид 59.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж шүүх үзжээ.

Уг нь “Хүдэр өсөх” компани нь Хүдэр суманд ой цэвэрлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй. Гэвч Ерөө сумын нутагт очиж их хэмжээний нойтон мод огтолсон байгаа нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болсон аж. Энэ тухай холбогдох мэргэжлийн байгууллагынхан шүүхийн хэлэлцүүлгийн үеэр “Р.Лхагвадоржийн хувьд үйлдвэрлэлийн огтлолт явуулах эрхгүй, арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар л мод бэлтгэх эрхтэй атлаа үйлдвэрлэлийн огтлолт хийж, ямар ч зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн. Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Хүдэр өсөх” ХХК-ийг Ерөө сумын Ойн ангийн дарга Д.Тэрбиш сонгож, ямар нэг тендергүйгээр Ерөө сумын Баяны ар гэх газарт талбай тусгаарлан мод бэлтгүүлсэн.

Уг мод бэлтгэх ажил нь ард иргэдийн түлшний хуурай мод бэлтгэх нэрийн дор их хэмжээний нойтон шинэс, нарс мод бэлтгэж бусдад худалдан борлуулахаар тохирсон байна” хэмээн тайлбар гаргажээ. Р.Лхагвадорж, Д.Тэрбиш нарын буруутай үйл ажиллагаанаас болж ойн санд их хэмжээний хохирол учирсан нь Д.Тэрбишийн шунахайн сэдлээр, албан тушаалаа урвуулан ашигласны улмаас болсон гэж үзэхэд болох юм. Энэ тухай Р.Лхагвадорж “Д.Тэрбиш дарга манай Ерөө бүсийн мод бэлтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу бүх бичиг баримт бүрэн, сумын иргэдийн хурлаас баталсан хувиарийн дагуу иргэдийн түлшний мод бэлтгэх хэрэгтэй байна. Танай компаниар бэлдүүлье” гэж хэлсэн. Ойн ангийн дарга нь ингэж хэлэхээр би итгээд ажилчдаа, техниктэйгээ оруулж мод бэлтгүүлсэн. “Бүх зардлаа өөрөө гаргаад мод бэлтгэж бай. Бэлтгэсэн модноосоо 3-4 машиныг нь ачиж тээвэрлээд борлуулчих. Тэр нь чиний ашиг болно гэж хэлсэн. Би бэлтгэсэн модоо чингэлэгтэй ачааны машинаар тээвэрлэнэ гэж бодож байсан. Ингэж ачихаар 3-4 удаа яваад бүх зардлаа нөхөж, ашиг нь гарна гэж үзэж байсан юм” гэжээ.

Харин Д.Тэрбиш “Р.Лхагвадоржтой нойтон мод бэлтгүүлэх талаар ямар ч яриа хэлцэл хийгээгүй. Цэвэрлэгээгээр хуурай шинэс модыг дөрвөн метрийн урттайгаар 90 шоо метрийг бэлтгэх ёстой байсан. Гэтэл Р.Лхагвадорж өөрөө нойтон мод бэлтгэсэн. Лхагвадорж хуурай мод байхад огтлолгүйгээр дандаа нойтон мод тайрсан байсан” хэмээн мэдүүлжээ. Уг нь гэрчүүд “Д.Тэрбиш дарга Р.Лхагвадоржид нойтон мод огтол гэж хэлсэн юм билээ. Модны гарал үүслийн гэрчилгээг ч Д.Тэрбиш зохицуулж өгөхөөр тохиролцож байсан” хэмээн мэдүүлсэн байгаа юм. Харин Сум дундын 20 дугаар шүүх Р.Лхагвадоржийг Ойн тухай хууль зөрчсөн гэм буруутайд тооцож, гурван жил хорих ял оноож, гэр бүлээ цуцлуулсан, хоёр нас хүрээгүй хүүхдээ асарч байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хорих ял эдлэх хугацааг хоёр жилээр хойшлуулжээ.

Ерөө сумын Ойн ангийн даргаар ажиллаж байсан Д.Тэрбишийг албан тушаалаа урвуулан ашиглаж, байгаль орчинд хүнд хор уршиг учруулсан гэм буруутайд тооцон төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9.9 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Уг хэрэгт холбогдсон Ойн ангийн мэргэжилтэн Н.Буяндэлгэр гэх эмэгтэйд нэг жил хорих ял шийтгэж, хоёр сартай нялх хүүхэдтэйг нь харгалзан хорих ялыг жилийн хугацаагаар хойшлуулсан байна. Харин Ойн ангийн мэргэжилтэн С.Бат-Амгалан, Э.Эрдэнэ-Очир нарт холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

“ШИНЭ БАДРАХ” КОМПАНИЙНХНЫ ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭСЭН ХЭРГИЙГ УДАХГҮЙ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛНЭ

Сэлэнгэ аймгийн ойн нөөцийг хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл болгон ашигладаг хүмүүс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж буй гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, тус аймагт монополь эрхтэй шахам ажилладаг, “Шинэ Бадрах” компанийнхан тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний мод хууль бусаар бэлтгэснийг ЗБГХТГ-ынхан тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Бидэнд олдсон мэдээллээр “Шинэ Бадрах” компанийн захирал нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Бадрах гэнэ.

Байгаль орчны салбар зөвлөлөө тэргүүлдэг Д.Бадрах нь 1994 онд уг компанийг байгуулан өдгөө хүртэл захирлаар нь ажиллаж буй бөгөөд тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг мод, модон материалын зах нь “Шинэ Бадрах” компанийн эзэмшлийнх аж. Хууль хяналтын байгууллагынхан Сэлэнгэ аймагт ажиллаад зөвхөн 2014 оны эхний есөн сарын байдлаар Түшиг, Цагааннуур сумын нутгаас ойн арчилгаа, цэвэрлэгээ нэрийн дор хууль бусаар 4470 шоо метр мод огтолсныг нь тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж буй бөгөөд ирэх сарын эхээр хариу нь гарах аж.

Үүний дараа яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлэх тухай мэдээллийг эх сурвалжууд өгөв. “Шинэ Бадрах” компанитай холбоотой хууль бус мод бэлтгэсэн, үүний улмаас гурван хүний амь нас хохирсон асуудал 2013 онд гарч байсан ч тус аймгийн Цагдаагийн газрынхан тэгсхийгээд дарж, гурван хүний амь нас хохирсон хэргийг жолоочийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн хаасан гэдэг. Харин өдгөө ЗБГХТГ-т шалгаж буй тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг хэрхэн шийдвэрлэхийг Сэлэнгийнхэн хүлээж байгаа юм.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.11.94 БҮДҮҮН БААТАР ХИЙСЭН НҮГЛЭЭ ЭДЛЭХ ЦАГ ИРЛЭЭ

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд