Дахин төлөвлөлтөд анхааралтай хандахыг С.Эрдэнэ сонгогчдодоо сануулав

2015 оны 02 сарын 16

Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, тус дүүргийн удирдлага өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа иргэддээ тайлагнах уулзалтыг өнгөрсөн сарын 29-нөөс хороо бүрт зохион байгуулснаар өнгөрсөн бямба гаригт дууслаа. Тэд дүүргийнхээ 23 хорооны иргэдтэй уулзаж, 2013-2014 онд хийсэн ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан аж. Баянгол дүүрэгт багагүй бүтээн байгуулалт хийгджээ. Иргэд ч үр шимийг нь хүртэж байгаа тухайгаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Тухайлбал, бусад дүүрэгт байхгүй, зориулалтын иж бүрэн тоноглол бүхий нэгдсэн эмнэлгийг тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдийн санаачилгаар барьж, өнгөрсөн онд ашиглалтад оруулсан аж.УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо болон тус дүүргийн холбогдох газар, хэлтсийн дарга нар тус дүүргийн IX хорооны иргэдтэй уулзав. Энэ үеэр Баянгол дүүргийн IX хорооны иргэн Н.Лодойдамба “Та бүхэн сонгогдоод олон сайхан ажил хийлээ. Тухайлбал, орчин үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлэгтэй болголоо. Харанхуй гудамжуудыг гэрэлтэй болгосноос хойш гэмт хэрэг буурч байгаа нь ажиглагдаж байна” гэж байв.  Иргэн Б.Бат-Эрдэнэ “Би жижиг бизнес эрхэлдэг юм. Хороондоо  гурван давхар цэцэрлэг барихаар төсөл бичиж зургийг нь гаргачихсан. 450 сая төгрөг байхад л барьж дуусгах боломжтой. Хүсэлтээ холбогдох газарт нь илгээсэн. Энэ ажлыг дүүргийн удирдлага болон эрхэм гишүүд минь дэмжээсэй гэж хүсэж байна” гэлээ. Иргэдийн хамгийн их ярьж байсан асуудал нь газар өмчлөл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай байлаа. Гэр хорооллыг дахин төлөвлөх асуудалд нухацтай хандах хэрэгтэйг УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ иргэдэд анхаарууллаа. Тэрбээр “Баянгол дүүргийн зургаан хорооны гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа. Зарим компанийнхан хүний хувийн өмчийн газрыг суллуулах гэж буйгаа ойлгохгүй, нийслэлээс авч байгаа юм шиг аашилсан тохиолдол ч байна. Та бүхэн дахин төлөвлөлтөд хамрагдахдаа судалж, баталгаатай эсэхийг нь нягтлах хэрэгтэй. Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа бол дүүргийн оролцоотой, гурвалсан гэрээ байгуулах хэрэгтэй шүү. Энэ ажлыг хийж буй зарим компани иргэдийг мэхэлж, хуурамч баримт бүрдүүлсэн тохиолдолд ч гарсан. Тиймээс заавал гурвалсан гэрээ байгуулаарай” хэмээн анхааруулсан юм. Гишүүд өмнө нь дүүргийнхээ зарим хорооны иргэдтэй уулзахад гудамж талбай харанхуй, гэмт хэрэг их, ажил олдохгүй байна, эмнэлгийн үйлчилгээ муу, газар өмчлөх зэрэг санал, гомдол хэлдэг байсан бол энэ удаа арай өөр зүйл ярьж байгаа нь ажиглагдав. Тухайлбал, Согтууруулах ундааны хяналтын, Хүүхэд харах үйлчилгээний, Эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг хүлээгдэж буй хуулийг  хэзээ батлах, аль шатандаа яваа зэрэг асуудлыг илүүтэй сонирхож байлаа. Ирэх онд хийж дуусгах бүтээн байгуулалтын талаар дүүргийн удирдлагууд иргэдэд мэдээлэл өгсөн. Тухайлбал, Ахмад настны нөхөн сэргээх эмчилгээ сувиллыг Эрүүл мэндийн VI төвийн суурин дээр барихаар болсон байна. Тэнд 60 ортой ахмадын нөхөн сэргээх эмчилгээний тасаг, 100 ортой хүүхдийн эмнэлэг хамт байх аж.  Түүнээс гадна ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих, 11 дүгээр цэцэрлэгийг шинэ байртай болгох зэргээр энэ онд хийх бүтээн байгуулалтын олон ажил хүлээж буй юм байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд