Тээврийн хэрэгслийн бүртгэлийн албыг БАНТАГНУУЛСНЫ УРШИГ

2015 оны 02 сарын 13

Автомашины азын дугаар, төр засгийн үйлчилгээнд явдаг тээврийн хэрэгсэлд олгодог УБЗ дугаар нэг хэсэг замбараагаа алдаж, загвар өөр зарим машин ижил сери дугаар зүүж гангарч байсан. Тухайн үед Зам тээврийн сайд 00-20 УБЗ дугаартай жийптэй байсан бол, хотын дарга мөн тийм дугаартай суудлын автомашин хөлөглөдөг байсан юм. Ийм давхардал гаргахад тухайн үеийн жийп, суудлын автомашины дугаар ижил байж болно гэх утгатай ЗЦГ-ын даргын шийдвэр нөлөөлсөн гэдэг. Түүнээс хойш ЗЦГаас дугаарын давхардлыг арилгах чиглэлээр багагүй ажил хийснээр давхардсан сери дугаартай автомашин явахаа үндсэндээ больсон. ЗЦГ-ынхан тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн асуудлыг арай гэж цэгцлээд дуусаж байтал улсын дугаар олгох ажлыг бизнес болгон харсан ашиг сонирхол бүхий хэдэн УИХ-ын гишүүн, улсын дугаар хэвлэдэг дөрвөн үйлдвэрийн эзэд лообий хийж байгаад цагдаагийн байгууллагын нэг хэсгийг “тасдан” тухайн үеийн Зам тээврийн яам руу шилжүүлсэн билээ.

Тухайн үеийн Зам тээврийн сайд 2008 онд ЗЦГ-аас Техникийн бүртгэлийн хэлтсийг салгах хуулийн төсөл санаачилж, УИХ-аар батлуулснаар энэ ажил хэл амтайгаар ЗЦГ-аас Зам тээврийн асуудал эрхэлсэн яаманд шилжсэн юм. Ийнхүү шилжсэний дараа тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох ажил замбараагүйтэж, хэдэн түшмэд нь азын дугаараар бизнес хийж, өндөр үнэд хүргэн, мөнгийг нь халааслах болсон гэж олон хүн ярьж байсан. Гэтэл энэ албыг саяхан хувийн компанид шилжүүлчихсэн нь бүр ч хачирхалтай, харалган үйл явдал боллоо. Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн алба хувь хүний нууц, цаашлаад улс орны аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл цуглуулж, хадгалж байдаг чухал гэж болохуйц байгууллага. Тээврийн хэрэгсэл эзэмшиж буй хүний нэр, хаяг, утасны болон регистрийн дугаар гээд чухал мэдээллүүдийг энд хадгалж байдаг. Гэтэл энэ байгууллагыг ашиг хонжоо харсан хэдхэн улстөрчийн шийдвэрээр цагдаагийн байгууллагаас салгаж, эцэстээ хувийн компанид шилжүүлснээр хувь хүний нууц алдагдах эрсдэл маш өндөр болов.

Тангараг өргөсөн төрийн тусгай алба хаагчид энэ албанд ажиллаж байхдаа хувь хүний нууцыг задруулж, мэдээллийг нь хэн дуртайд өгдөггүй байсан. Харин өнөөдөр Автотээврийн үндэсний төв хэмээх аж ахуйн тооцоот компанид шилж үүлснээр хэн нэгэн хүн тус байгууллагад очоод өс санасан хүнийхээ мэдээлэл болох гэрийн хаяг, автомашины болон утасны дугаар зэргийг нь олж аваад хорлох боломж нээгдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ажлын хариуцлага нь суларсан гээд хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Тэгээд бүр нэг газар ч бус нийслэлд гэхэд 4-5 газарт автомашины дугаар олгож байгаа тохиолдолд улс орны, хувь хүний аюулгүй байдалд харшилсан зүйл гарах эрсдэл өндөртэй байгаа юм. Автотээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн ажлыг шилжүүлснээр өнөөдөр иргэдэд ч хохирол учраад байна. Замын цагдаагийн газарт байхдаа ч, Зам тээврийн яамны харьяанд ч улсын дугаар олгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээ бичиж өгөөд тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэ гээд 5000 орчим төгр өг авдаг байсан. Гэтэл өнөөдөр дээрх компанид шилжүүлснээр үйлчилгээний үнэ хэмээн хэдэн төгрөг иргэдийн халааснаас “сэгсэрч” байгаа юм. Улсын дугаар олгох, хүний нууц мэдээлэлтэй харьцдаг тоо бүртгэлийн албыг аж ахуйн тооцоот компанид өгч байснаас зах замбараагүй шахам байгаа, стандарт бус дугаар хэвлэдэг, чанаргүй дугаар гаргадаг үйлдвэрүүдийг нь цэгцэлж, Автотээврийн үндэсний төвд шилжүүлэн өгч болохгүй байсан гэж үү.

Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн алба Замын цагдаагийн газрын харьяанд байхдаа улсын 330 сум, 21 аймагт “хөлтэй” байв. Орон нутгийн хэсгийн төлөөлөгч нар сумандаа байгаа тээврийн хэрэгслийг яс бүртгэж, тоолж, явахаа больж ашиглалтаас гарсныг нь улсын бүртгэлээс хасаж дугаарыг хураан улсад буцааж өгч чаддаг байсан. Харин Зам тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад очсоноос хойш тээврийн хэрэгслийн тоо бүртгэл бодитой гарч байгаа эсэх нь ч эргэлзээтэй. Сум, багт “хөлгүй” энэ байгууллага ашиглалтаас гарсан автомашинаа бүртгэж, улсын бүртгэлээс хасаж чаддаггүй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй. Сумын хэд хэдэн айлын хашаанд ашиглагдахаа больсон, хамаг зүйл нь тоногдсон, зарим нь чингэлэг болсон машин, трактор, мотоцикль хэвтэж байна. Бүгдийнх нь гэрчилгээ унинд нь хавчуулаастай харагддаг. Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн алба цагдаадаа байсан бол хэсгийн төлөөлөгч очоод тээврийн хэрэгслийнх нь гэрчилгээг хурааж, улсын бүртгэлээс хасах ажлыг хийчих байх биз.

Иргэд өөрсдөө гүйж очоод ашиглалтаас гарсан машинаа хасуулахг үй, хэнэггүй улсууд шүү дээ. Ашиглалтаас гарсан машиндаа иргэд татвар төлөхгүй нь мэдээж, тиймээс Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн албанаас гаргасан тоо, татвар төлсөн автомашины тоотой зөр өх нь ойлгомжтой. Хэрэв зөв газартаа энэ алба байсан бол эдийн засаг хямраад байгаа энэ үед төсөвт арай ахиу мөнгө оруулчихаж болох байсан биз. Гэмт хэрэгт холбогдсон, сэжиглэгдсэн, сураггүй болсон автомашиныг эрэн сурвалжлахад мөн бэрхшээл учраад байгаа. Зам тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тоо бүртгэл шилжсэнээс хойш бүртгэл нь замбарааг үй болсон. Автомашин эзэмшигч иргэн машинаа худалдаад нэр шилжүүлэлгүй хэчнээн олон хүнийг дамжин худалдагдсан байхад мэдэхгүй байх тохиолдол ч бий. Мэдээж энд иргэний үүрэг ч бас хамааралтай. Иргэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас худалдсан, худалдан авсан машин анхны эзэмшигч дээрээ л бүртгэлтэй хэвээр байх жишээтэй. Цагдаад байсан бол хэсгийн төлөөлөгч нь хэн хаанаас ийм машинтай болов, хулгайлсан машин биш биз гээд л бичиг баримтыг нь шалгаж, нэрээ шилжүүлээгүй байвал хариуцлага тооцож, шилжүүлэх арга хэмжээ авч чаддаг байсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс улс орны аюулгүй байдалтай холбоотой, хувь хүний нууцтай харьцдаг Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн албыг буцаагаад цагдаагийн байгууллагад шилж үүлэхг үй бол компанийн ажилтнууд хэн дуртай хүнд мэдээлэл гарган өгч, миний, таны аюулгүй байдалд халдах ажил хийж болзошгүй байна шүү.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.23.51.1 Та юу гэж бодож байна ...bi nowshnuud gej bodoj bna
202.126.95.126 unen shuu

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд