ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг таван жил зургаан сарын хугацаагаар хорино

2015 оны 02 сарын 11

ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Бадарчийн Бямбаа нарт холбогдох хэргийг энэ сарын 9-ний даваа гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Б.Бямбаа дээрх албан тушаалыг хашиж байхдаа ХААИС-ийн өмчлөлийн газарт хувийн хөрөнгөөрөө барилга бариулж, улмаар дэд захирал асан Ц.Амарсайханаар хуурамч гэрээ тушаал гаргуулж, ерөнхий нягтлан бодогч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэн “Химон констракшн”, “Ариун ар” компанийн дансаар 803 сая төгрөг гаргуулан хувьдаа завшсан хэрэгт холбогдсон юм. Мөн “Химон констракшн” компанийн Зайсанд барьсан орон сууцнаас ХААИС-ийн өмчлөлд бүртгэлтэй, 150 сая төгрөгийн өртөгтэй хоёр өрөө байрыг жолооч Б.Болдбаатарынхаа нэр дээр шилжүүлж завшсан хэрэгт сэжиглэгджээ.Уг хэргийн өнгөрсөн зун анхан шатны шүүхээр хэлэлцэн хэрэгсэхгүй болгосон ч прокурор уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатанд гомдол гаргаснаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон хүн нь Б.Бямбаагийн гарын хүн байсан учраас “Сургуульд хохирол учраагүй. Гомдолгүй” гэж хэлжээ. Үүнээс болоод шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон юм байна. Энэ удаад ч уг хэргийн холбогдогч нар хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон хүнийг өөрчлүүлэх, өмнөх хүнээ буцааж томилуулах, өмгөөлөгч нь хуралд ирэхгүй байх гэх мэтээр шүүх хурлын үйл ажиллагаанд саад учруулж байсан учраас Б.Бямбааг цагдан хорьсны дараа хэргийг хэлэлцсэн гэнэ. Анхан шатны шүүхээс ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаад  албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасаж, таван жил зургаан сар хорих ял шийтгэлээ. Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Янжмаад 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, албан тушаал эрхлэх эрхийг нь нэг жил хасаж, таван жил нэг сар хорих ял оноов.Харин шүүгдэгч Ц.Амарсайханд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Б.Болдбаатарт холбогдох үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд