800 мянгын хахууль хоёр жил торны цаана суухад хүргэв

2015 оны 02 сарын 11

Гаалийн байцаагч нар авлигад өртөх хамгийн их эрсдэлтэй гэсэн судалгааны дүн байдаг. Хэдийгээр гаалийнхан авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулдаг ч хээл хахуулийн хэргээр ял шийтгүүлэх явдал байсаар байна. Хэдхэн сарын өмнө “Хөтөлийн цемент шохой” компанийн захирал асан А.Шоовдорын хэрэгт Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын ажилтнууд холбогдон ял шийтгүүлсэн. Тэгвэл гаалийн бас нэгэн байцаагч бусдаас хахууль авсан хэргээр өнгөрсөн баасан гаригт ял шийтгүүллээ.Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч П.Нямдорж нарын гурван хүнд холбогдох хэргийг  Авлигатай тэмцэх газраас шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлсэн юм байна. Д.Энхтулга хэмээх гар утасны ченж эр Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор бараагаа авчирчээ. Тухайн үед гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж олон тооны гар утаснаас нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхгүй байхаар тохиролцон Д.Энхтулга, Ю.Эрдэнэчимэг, Б.Очирхүү нараас 800 мянган төгрөг хахуульд авсан гэнэ. Хэрэв гаалийн улсын байцаагч П.Нямдорж хуулийн дагуу ажлаа хийж, дээр хүмүүсээс барааных нь гаалийн болон нэмэгдсэн өртийн албан татварыг авсан бол улсын төсөвт 20.5 сая төгрөг орох байсан аж. Мөрдөн байцаалтын шатанд энэ бүгдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид тогтоосон байна. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх дээрх хүмүүст холбогдох хэргийг хоёрдугаар сарын 6-нд хэлэлцээд, гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдоржид төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жил хорих ял оноосон байна. Мөн хахуульд авсан 800 мянган төгрөгийг улсын орлого болгов.  Иргэн Д.Энхтулгад татвараас зайлсхийсэн, албан тушаалтанд авлига өгсөн гэсэн үндэслэлээр гурван жил зургаан сар хорих ял оноолоо. Харин дээрх хоёр хүний хооронд авлигыг нь зуучилсан Б.Очирхүүг Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлд заасан гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол уг хэрэгт холбогдсон Ю.Эрдэнэчимэгийг цагаатгажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд