Жолоочийг бүрэлгэсэн хос анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээв

2015 оны 02 сарын 10

Улаанчулуутын хогийн цэгийн орчимд хоёр хүн таксины жолоочид халдаж, машиныг нь дээрэмдэн зугтсаныг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Цагдаагийн байгууллагын ажилтнууд өнгөрсөн баасан гаригаас хойш энэ хэргийн мөрөөр хөөцөлдсөний дүнд өчигдөр 14.00 цагийн үед гэмт этгээдүүдийг саатуулжээ. Харин түүнээс өмнө Налайх дүүргийн III хорооны нутаг дахь гэр хорооллын гудамжнаас хохирогчийн унаж явсан “Тоёота Вилл” маркийн 22-17 УНЗ улсын дугаартай автомашиныг нь олсон байна. Хохирогч 22 настай М-ыг 1990 онд төрсөн Э гэх залуу, 22 настай найз эмэгтэй А-тай хамтран хөнөөснөө хүлээсэн байна. Тэд “Машинтай болох гэж ийм хэрэг хийсэн” гэж мэдүүлсэн сурагтай.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 91.2.7-д заасан уулгалан довтлох буюу дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ, бүлэглэж зохион байгуулалттайгаар хүний амийг санаатай хохироосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр тооцон цагдан хорьсон байна. Шөнө дунд хохирогчийг таксины үйлчилгээнд явж байхад нь эмэгтэй нь гар өргөн зогсоож, хаалгаа нээх үед нь харанхуйгаас эрэгтэй нь гарч ирсэн гэж сэжигтнүүд мэдүүлсэн гэх мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эх сурвалж өглөө.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд