Таксины жолоочийг хөнөөж машиныг нь дээрэмдсэн хэрэгтний сураг гарсангүй

2015 оны 02 сарын 09

 Сонгинохайрхан дүүргийн нутагт өнгөрсөн баасан гаригийн үүрээр хувийнхаа машинаар таксины үйлчилгээнд явж байсан залуугийн аминд халдсан хэрэг гарчээ. Гэмт этгээдүүд Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоо хүргүүлэхээр “Тоёота Вилл” маркийн 22-17 УНЗ улсын дугаартай автомашинд суусан бололтой. Тэнд очмогцоо жолоочийн хоолой болон цээжинд хутгалаад машиныг нь авч зугтсан гэнэ. Хохирогч 22 настай М хэдийгээр хүнд шархадсан ч хогийн цэгийн манаачийн байшинд хүрч, машинаа алдсанаа, таксинд суусан хүмүүс амь насанд нь халдсаныг хэлж чаджээ. Хогийн цэгийн манаач тэр даруй цагдаа, Яаралтай тусламжийн төвийнхнийг дуудаж, эмч нар шуурхай очсон ч хохирогчийн шарх хүнд байсан учраас амийг нь аварч чадаагүй гэнэ.

Хэрэгтнүүдийг ЦЕГ болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хамтран эрэн сурвалжилж буй ч сэжигтэн болон хохирогчийн машиныг олоогүй байгаа юм. 22-17 УНЗ улсын дугаартай “Тоёота Вилл” маркийн машины содон тэмдэг нь дугуйн обудны хүрээ, хаалганы эмжээр нь шар өнгөтэй, буфер нь спорт хормойтой байсан гэнэ. Гэмт этгээдүүд машины эдгээр онцлох тэмдгийг өөрчилсөн байж болзошгүй аж. Энэ гэмт хэргийн талаарх мэдээлэл, машин болон сэжигтэй этгээдийг цагдаагийн байгууллагын 102, 89063555, 96070666 дугаарын утсанд өгөхийг санууллаа.

 Г.РАВЖАА

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд