С.ЭНХТӨР: ЗАМЫН ТҮГЖРЭЛД ДНБ-ИЙХЭЭ 2.9 ХУВИЙГ ҮРГҮЙ ЗАРЦУУЛЖ БАЙНА

2015 оны 01 сарын 23

Утаатай зэрэгцээд улаанбаатарчуудыг бухимдуулж, ажилд нь саад болж байдаг нэг зүйл бол замын хэт ачаалал, түгжрэл. Сар шинийн баяр ойртохоор нийслэл хотын замын ачаалал хэрээс хэтэрч, арга ядахдаа автомашины дугаарын төгсгөлийн тэгш, сондгой тоогоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон ч байдал дээрдсэнгүй. Түгжрэл үүсэж буй шалтгаан, замын хэт ачааллыг бууруулах ямар боломж байгаа талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн зөвлөх С.Энхтөртэй ярилцлаа.

-Авто замын түгжрэл гэж юу юм бэ. Нийслэлчүүд хэзээнээс түгжрэлийг мэдэрч, бууруулах талаар ярьж эхлэв?

-Улаанбаатар дэлхийн 415 дахь том хот хэмээн олон улсын жагсаалтад оржээ. Нийслэлийн хүн ам өнөөдөр 1.3 сая хүрээд байна. Нийслэлчүүд түгжрэлийг хүн амын хэт төвлөрөл, нарийхан зам, жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох соёлтой холбож үздэг. Түгжрэл буюу замын хөдөлгөөний саатал гэдгийг автомашины хөдөлгөөний хурд нь дундаж хэмжээнээс эрс багассаны улмаас замын тухайн хэсэгт тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсэхийг хэлдэг. Тодруулбал, тухайн зорчих хэсгийн нэвтрүүлэн өнгөрөх чадвар 20 дахин болон түүнээс дээш хувиар багассан тохиолдлыг хэлж байгаа юм.

-Улаанбаатарын замын нэвтрүүлэх чадвар 20 дахин болон түүнээс дээш хувиар буурсан болов уу. Энэ талаар хийсэн судалгаа байна уу?

-Түгжрэл гэдэг үгийг авто замын тухайд хэрэглэдэггүй, зөвхөн эрүүл мэндийн салбарт болон бусад үед хэрэглэдэг байсан. 2005 он хүртэл ийм л байсан. Энэ үед Улаанбаатарт 73740 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй, нийслэлийн авто замд түгжрэл үүсдэггүй байжээ. Хүн амын өсөлт, суурьшил нягтаршлаа дагаад суурин газрын авто замд түгжрэл үүсдэг бичигдээгүй хууль бий. Тодруулбал, сүүлийн 20 жилд хүн амын өсөлт дунджаар 1.3 хувь байхад Улаанбаатар хотын хүн амын өсөлт 3.3 хувь байжээ. 1000 хүнд ногдох автомашины тоо 30-аас дээш болоход замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар багасдаг, 130-аас дээш бол тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал гарч ирдэг гэсэн тооцоо бий. Авто замын түгжрэлтэй гэгдэж буй дэлхийн томоохон хотуудын 1000 хүнд 120-иос олон машин ногдож байгаа. Монгол Улсын хэмжээнд энэ үзүүлэлт 239 байна.

-Түгжрэлээс болж өрхийн эдийн засагт хэр сөрөг үр дагавар учирч байгаа бол?

-Авто замын түгжрэлээс хамгийн их хохирол амсдаг хүмүүс бол нэгдүгээрт жолооч нар. Өдөрт дунджаар нэг цаг түгжирч зогсдог гэж үзвэл замын хөдөлгөөнд оролцох хугацааг найман цагаар тооцоход жилд 45 өдрийг буюу 360 цагийг зөвхөн түгжрэлд үрдэг гэсэн тооцоо гарч байна. Нийслэлд автомашин жолоодож таван цагийн турш замын хөдөлгөөнд оролцдог иргэдээс авсан санал асуулгаар тэдний 79.2 хувь нь зорьсон ажлынхаа дөнгөж 30 гаруй хувийг л амжуулдаг юм байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөсөн гурван ажлынхаа нэгийг нь амжуулж, хоёрыг нь түгжрэлээс шалтгаалан хойш тавьсан гэсэн үг. Энэ нь хувь хүний болон нийгмийн бүтээмжид сөрөг нөлөөтэй. Хөдөлгүүрийн багтаамж нь дундаж (1600 сс-ээр тооцлоо) суудлын автомашин нэг цаг түгжирч зогсоход 0.8 литр бензин зарцуулдаг. Нэг литр АИ-92 бензинийг 1660 төгрөгөөр бодоход цаг түгжрэхдээ 1328 төгрөг үргүй зарцуулж байна. Улаанбаатар хотод 311478 автомашин замын хөдөлгөөнд оролцдог. Тэднээс дугаарын хязгаарлалт болон хөдөлгөөнд оролцдоггүй автомашиныг хасаад 200 мянга нь байнга хөдөлгөөнд оролцдог гэж үзвэл 265.6 сая төгрөг үр ашиггүй урсгаж байна. Сард ажлын 21 хоног бий гэж үзвэл 5.5 тэрбум гаруй төгрөг болно. Гэхдээ жилийн долоо, наймдугаар сарын хасаад тооцоход 55.7 тэрбум төгрөг хөсөр хаядаг гэж болох юм. Энэ нь манай улсын ДНБ-ий 2.9 хувийг эзэлж байна.

-Эдийн засагт ийм их нөлөөтэй байж. Хотын утаанд ямар нөлөө үзүүлж байгаа талаар судалсан байлгүй.

-Түгжрэл байгаль орчин, эрүүл ахуйд ч нөлөөлдөг. Автомашины насжилтаас шалтгаалж агаар дахь нүүрсхүчлийн хий (CO2)-н хувь 0-3 жилд 7.74, 4-6 жилд 11.7, 7-9 жилд 12.5, есөөс дээш жилд 13.5 хувьтай буюу стандартаас 12.5 хувиар хэтэрдэг. Энэ нь бидний амьсгалах агаарыг хэрхэн бохирдуулж буйг илтгэж байна. Түүнчлэн жолооч, зорчигчид автомашины халсан агаар, агааржуулагч зэргээс болоод амьсгалын эрхтний өвчин тусдаг.

-10-15 жилийн дараа нийслэлийн замын ачаалал ямар байх бол?

-Зам тээврийн эрэлтийн 2030 он хүртэлх хэтийн төлөвийг одоогийн замын сүлжээг өргөтгөхгүйгээр ашиглах, зам өргөтгөх, нэмэх арга хэмжээ авахгүй байх хувилбараар үзэхэд, 2030 онд зорчилтын тоо 2011 оныхоос бараг хоёр дахин өсөж, зам тээврийн эрэлт (хүн/км) 3.1 дахин өснө гэсэн тооцоо бий. Гол тэнхлэгийн хөдөлгөөний ачааллыг харахад, Энхтайвны өргөн чөлөөгөөр хоногт 700 мянган хүн (энэ тоог автомашинд шилжүүлбэл 200.000 болно) зорчиж байна. Хотын төв хэсэгт өөр бусад замыг сонгох боломжтой тул түгжрэл тийм их биш боловч хотын төв хэсэг рүү очих чиглэлд түгжрэл 2.6-3.0 буюу өндөр үзүүлэлттэй байна. Босоо тэнхлэгийн хувьд, Чингисийн өргөн чөлөөгөөр хоногт 600 мянган хүн (PCU –д шилжүүлэхэд 170.000 машин) зорчиж, түгжрэлийн хэмжээ (V/C) 5.0 буюу маш өндөр гарна. Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ нь 349.000 хүн амтай, 10044 автомашинтай буюу хүн амын ердөө 2.9 хувь нь автомашинтай байхаар 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу барьсан. Хотын хүн амын даац дээд тал нь 400.000- 500.000 байхаар тооцоолсон байдаг. Бүртгэлтэй автомашины тооноос үзэхэд 2010 онд 1.112.000 хүн амтай Улаанбаатар хотод 162.710 машин буюу хүн амын 14.6 хувь нь машинтай байгаа нь 1975 оноос хүн ам 3.2 дахин, автомашин 16.2 дахин, автомашин эзэмшигч тав дахин өссөн. Хүн ам, автомашины тооны өсөлттэй харьцуулахад зам барих ажил хангалтгүй байна.

-Түгжрэл үүсгэж буй гол шалтгаан нь ажил, хичээл цуглах цаг, буруу хот төлөвлөлт гэж үзээд үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж хотын эрх бүхий хүмүүс нь шийдвэр гаргаад л байдаг.

-Ажил, сургууль, цэцэрлэг цуглах буюу 07:30-09:00, өдөр 11:50-13:00 цаг, 17:00- 19:30 цагийн хооронд хөдөлгөөний ачаалал оргилдоо хүрдэг. Мэдээж энэ бол түгжрэлийн хамгийн гол шалтгаан болох хот төлөвлөлттэй холбоотой. Засаг захиргааны байгууллага, сургууль цэцэрлэг гэх мэт хамгийн олон хүнтэй объектууд хотын төвд байрладагтай холбоотой. Жишээлбэл, зөвхөн Их тойруу дотор гэхэд л өнөөдрийн байдлаар төрийн 286 байгууллагад 28993 алба хаагч ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. Тэдний 11402 нь нийтийн тээврээр, 4698 нь явганаар ажилдаа ирдэг. Харин 12893 нь хувийн машинаараа хамгийн багадаа 3-10 орчим км зам туулж ажилдаа ирээд, өдрийн турш зогсоол бөглөдөг. Энэ нь нэгдүгээрт замын ачааллыг нэмэгдүүлдэг, хоёрдугаарт зогсоолын хүртээмжийг бууруулдаг сөрөг талтай. Их, дээд сургуулийн тухайд 92098 оюутан өглөө, оройн цагаар сургууль гэр хоёрын хооронд явдаг. Тэдгээрийн 68049 нь нийтийн тээврээр, 16908 нь явганаар, 13209 нь хувийн автомашинаар ирдэг юм байна. Дунд сургуулиудын тухайд байдал хүнд. Их тойруу дотор хувийн болон төрийн өмчит 65 сургууль бий. Тэдгээрт сурдаг 59879 хүүхдээс 19985 нийтийн тээврээр, 23976 явганаар, 7959 хүүхэд автомашинаар хүргүүлдэг. Хүүхдийн автобусаар ердөө 1797 нь зорчдог юм байна. Шийдэх боломжтой асуудлыг шийддэггүйгээс ямар их ачаалал үүсэж байгааг үүнээс харж болохоор.

-Худалдаа, үйлчилгээний төвүүд гээд түгжрэл үүсгэгч хамгийн гол цэгүүд байна шүү дээ.

-Худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн байрлал тэр хавийн замын зохион байгуулалт оновчгүй, зогсоолын талбайн менежмент, зохицуулалт хангалтгүй, хүрэлцээгүй нь түгжрэлд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. Үүний нэг жишээ бол Нарны замын баруун талаас “Нарантуул” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто зам. Энэ замын зорчих хэсгийг 2003 онд дөрвөн зурвастай болгож өргөтгөсөн. 2007 онд өдөрт 26600 тээврийн хэрэгсэл зорчиж байсан бол 2012 онд 37500 болж, замын хөдөлгөөний эрчим эрс ихэссэн байдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар худалдааны захуудын үйл ажиллагааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ нь замын хөдөлгөөний ачаалалд төдийлөн нөлөө үзүүлсэнгүй. Иймд захуудыг шөнийн цагаар ажиллуулдаг болговол өдрийн цагаар ачаалал буурч, иргэд түгжрэлд орохгүй. Мөн зарим захыг хотоос хурдан гаргах хэрэгтэй.

-Түгжрэлээс гарах олон арга хэмжээ нийслэлийн удирдлага авсан. Иргэдийн олонх нь үүнд дургүй байгааг та олон нийтийн сүлжээний хандлагаас харсан биз дээ.

-Улаанбаатар хотын удирдлагууд авто замын хэт их ачааллаас сэргийлэн янз бүрийн шийдвэр гаргасан. Энэ нь эерэг нөлөө үзүүлсэн хэдий ч түүнийг боловсронгуй болгох, хяналтыг чангатгалгүй орхисноос өөр арга эрэлхийлэх хэрэгтэй болсон. Би цагдаагийн хяналтыг хэлээгүй. Энд телекамерын хяналт л хангалттай. Олон аргын нэг нь дугаарын хязгаарлалт. Уг шийдвэр хэдийгээр маш зөв гаргалгаа байсан ч маш олон иргэн хууль бус дугаар хэрэглэх, боломжтой хүмүүс хоёр автомашинтай болох, төрийн байгууллагын алба хаагчдын автомашин хязгаарлалтад хамаарахгүй байх гэх мэтээр энэхүү захирамжийн үр дүнг бууруулсан. Мөн замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл зорчуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэр гарснаас хойш зөвхөн нийтийн тээврээр зорчих хугацаа багасах болсноос биш нийтийн тээврээр зорчигчдын тоо нэмэгдээгүй. Өөрөөр хэлбэл, автомашины тоо буураагүй.

-Тэгээд ямар ажил хийх ёстой байсан гэж?

-Нийтийн тээврийн сүлжээ маршрутыг ихэсгэх, буудал дээр давхцалгүй болгох, нэгдүгээр эгнээгээр тасралтгүй зорчдог болгох хэрэгтэй байсан юм. Ариун цэвэр, үйлчилгээний соёлыг эрс дээшлүүлэх хэрэгтэй байв. Түүнээс гадна нийтийн тээврийн жолооч нарын хөдөлгөөнд оролцох соёлд эргэлт хийх ёстой байсан гэж боддог. Ингэсэн тохиолдолд иргэд автомашинаасаа нийтийн тээвэр рүү шилжих байлаа. Тухайн үед нийтийн тээврийн явах хугацаа богиноссон, харин иргэд нийтийн тээврийг сонгоогүй. Орлого багатай, буурай хөгжилтэй орнуудад нийтийн тээврийг ядуусын унаа мэтээр ойлгодог гаж үзэгдэл байна. Харин өндөр хөгжилтэй оронд байдал эсрэгээрээ.

-Иргэдийн хамгийн ихээр дургүйцэж буй нэг ажил бол автомашин ачих “дээрэм”. Үүнийг өөрөөр шийдэх боломж байсан уу?

-Бусдын хөдөлгөөнд саад болж, түгжрэл үүсэхээс сэргийлэх маш чухал ажил хэдий ч үр дүнгээ өгсөн нь ажиглагдахгүй байна. Худалдаа үйлчилгээний зах, дэлгүүрийн гадна зогсоол нь лангуу түрээслэгч ажилчдын автомашины зогсоол болсон нь үйлчлүүлэгч нар зогсох газар байхгүйн улмаас зорчих хэсэг дээр зогсдогоос түгжрэл үүсдэг. Жишээлбэл, III-IV хорооллын худалдаа үйлчилгээний газруудын гаднах зогсоолын 70 хувийг тухайн байгууллагад ажилладаг лангуу түрээслэгчид болон худалдааны төвийн эздийн автомашин, 0.8 хувийг автомашин дотроосоо худалдаа эрхэлдэг иргэд эзэлж байна. Үлдсэн хувь нь үйлчилгээ авах гэсэн иргэдэд зориулсан зогсоол болж таарах нь.

-Түгжрэлээс гарахын тулд бид юу хийх ёстой вэ?

-Түгжрэлийн талаар өнөөг хүртэл шийдвэр гаргах түвшинд бие даасан судалгаа шинжилгээ хийж байсангүй. Түгжрэл нийгэмд хэрхэн нөлөөлж байгаа, ямар хор уршиг учруулж байгааг тооцсонгүй. Гэтэл энэ зовлонг туулж байгаа улс орнууд Засгийн газрын түвшинд судалгааны институт байгуулан ажиллуулж байна. Замын бүтээн байгуулалтаар дэд бүтцийн асуудлыг шийдэх, зам ашиглагч, хэрэглэгчдийн мэдлэг, хандлагыг өөрчлөхөөс эхлээд цогц ажлыг институтууд нь хийжээ. Хэт их ачааллыг бууруулах хамгийн шилдэг арга бол авто замын сүлжээг сайжруулах, нэг түвшинд огтлолцдоггүй гүүрэн замыг байгуулж гэрлэн дохионы зохицуулалтыг халах гэж олон улсад үздэг. Энэ нь асар их зардал шаарддаг учир манай улсын хувьд ойрын хэдэн жилдээ боломжгүй мэт санагдаж байна. Харин бид өнөөдрийнхөө бололцоонд тулгуурлаж, сургууль цэцэрлэг, төрийн байгууллагын ажилтнууд, оюутнуудын зорчих урсгалыг саармагжуулах, тэнцвэржүүлэхийн тулд цаг хугацааны зохицуулалт нэн яаралтай хийх шаардлагатай. Нийслэлийн 1.3 сая иргэн бүгд нэг цагт унтаж, нэгэн зэрэг босож, нэг цагт дэлгүүр явж, ижил цагт ажил, сургуульдаа явдаг гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр нэг цагт нээж хаадаг үзвэр үйлчилгээний газар, худалдааны захуудыг шөнийн цагаар ажиллуулбал дэлгүүр, худалдааны төвийг зорьсон иргэдийн бөөгнөрөл саармагжих бүрэн боломжтой. Зогсоолын асуудлаар онцгой шийдвэр гаргахгүй бол түгжрэлийн үндсэн нэг шалтгаан, иргэдийг бухимдуулсан маргаан, хэрүүл зодооны сэжүүр болж хувираад байгаа шүү дээ. Тиймээс шийдвэр гаргагч, хууль тогтоогчдод очоод буй Авто зогсоолын тухай хуулийг нэн яаралтай баталж мөрдөх, төлбөртэй зогсоолыг боловсронгуй болгож тоог нэмэх, автомат давхар зогсоол байгуулах хэрэгтэй. Ойрын хоёр жилдээ автомат давхар зогсоол барих газрыг хувийн хэвшлийнхэнд чөлөөтэй өгч, тэнд үнэхээр зогсоол байгуулж байна уу, үгүй юү гэдэгт хяналтаа тавьж ажиллах хэрэгтэй санагдана. Тэр зогсоол нь тухайн байгууллагын ажилчдын биш, үйлчлүүлж байгаа иргэдэд зориулбал үр дүнтэй болов уу. Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа 1000 тээврийн хэрэгсэл тутмын 30-40 хувь нь “халтуурчид” гэдэг. Тэд хүн гар өргөх хүртэл хүссэн замаараа чөлөөтэй явдаг. Нийтийн тээврийн такси бус, суудлын автомашинууд “халтуур” хийж байгаа нь ядуурал, ажлын байргүйтэй холбоотой. Өнөөдөр ажилгүй, ядуу хүмүүсийн ажлын байр нь автомашин, авто зам. Тэдэнд өөр ямар ч сонголт байхгүй нь замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байна. Эдгээр иргэдэд ажлын байрыг нь өөр хэлбэрээр гаргаж өгөх юм бол замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл 30-40 хувиар буурч, автомашинаас гарах хорт утаа, дуу чимээ ч багасна.

-Татварын нэмэгдүүлэх нь түгжрэл бууруулахад хөшүүрэг болох уу?

-Автомашинаас авч байгаа татвар нь хөдөлгөөнийг улам эрчимжүүлсэн, өдөөсөн тогтолцоо гэж харж байна. Татвараа төлсөн л бол жолооч хаана ч хэзээ ч замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцоно. Өдөр бүр автомашинаараа явдаг жолооч хааяа нэг автомашинаа хөдөлгөдөг жолооч хоёрын хооронд түгжрэлд нөлөөлөх нөлөөлөл, байгаль орчныг бохирдуулж байгаа байдал нь эрс зөрүүтэй хэдий ч ижил татвар төлдөг. Энэ нь хувь хүний эдийн засагт ч мөн алдагдалтай. Харин жолооч бүрийн төлөх татварыг хэрэглэж байгаа бензин шатахууны үнэд багтаах юм бол хэн хамгийн олон цаг хөдөлгөөнд оролцдог нь илүү татвар төлж, түгжрэлд хамгийн бага нөлөөлдөг жолооч бага татвар төлөх боломж бүрдүүлж өгвөл хөдөлгөөний ачаалал эрс буурна.

-Түгжрэл бууруулах өөр нэг арга зам нь техник технологио шинэчлэх биз?

-20-30 мянган автомашинтай байх үеийн Замын хөдөлгөөний хууль дүрмээ өнөөдөр мөрдүүлэх гээд хүчлээд байна. Цаг үеэ дагаад хууль дүрмээ нэн яаралтай өөрчилж хөдөлгөөний дарааллын журам болон зохион байгуулалтыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал, улаан гэрлээр баруун гар тийш эргэх эргэлтийг зөвшөөрөх, ингэхдээ явган зорчигч нарт зам тавьж өгөх журмыг нэвтрүүлэх, хориглосон улаан гэрлээр уулзварт орж ирсэн жолооч өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэлд саад болохгүйгээр уулзвар дотор байр эзэлдэг Токио, Хонконг, Сингапурын туршлагыг хэрэгжүүлэх, секундын заалттай дохиогоор одоо ашиглаж буй байгаа гэрлэн дохиог шинэчлэх шаардлагатай. Түүнээс гадна уулзваруудын гэрлэн дохиог автомашины ачааллаас хамааран солигдож байх мэдрэгчтэй гэрлэн дохионы технологи ашиглах шаардлагатай байна. Цуваанд зогсож байгаа автомашинуудын хоорондын зайг хуульчилж тогтоож өгсөн АНУ-ын туршлагыг хэрэгжүүлэхгүй бол түгжрэлд зогсож буй жолооч нар автомашин хоорондын зайг дураар сонгож, авто зам бүрэн ашиглагдахгүй хоосон орон зай үүсээд байна.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
82.145.218.154 олон чухал хэрэгжүүлмээр санаанууд хэлжээ.
180.235.185.237 Энэ тухай хэн ч хэлдэггүй байсан. Ашгүй хэлж , сайхан бмчиж.Замаа устгаад шахаад, барилга бариад байх юм даа. Тэгээд явах , тойрох боломжтойг нь хаагаад хаяна

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд