ШИЛ АРХИНЫ ТӨЛӨӨ ЭХНЭРЭЭ БАРЬЦААЛСАН ЭР ТОРНЫ ЦААНА ГУРВАН ЖИЛИЙГ ӨНГӨРӨӨНӨ

2015 оны 01 сарын 13

Орчлонгийн эрээн бараан өдрүүд солигдох бүрт хүний амьдралд тохиолдож, сонсогдож байгаагүй үйл явдал биднийг угтдаг жамтай. Эрээн бараан амьдралыг хамтран туулахаар ижилдсэн хоёрын нөхөр нь сархад хэмээх савнаасаа бусдыг дийлэх идээний уршгаар дээлээ нөмөрч, эхнэр нь дэрээ тэврэн шөнө бүр мэгшихийг хүсээгүй нь лавтай. Гэвч амьдралын уртад нэгэн гэр бүлийн амьдралд ийм явдал тохиолджээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Өвөрхангай аймагт дэлгүүрт хүн барьцаалсан хэрэг гарсан талаар хэвлэлүүд бие биеэсээ өрсөн бичиж байв. Гэвч үл ялигхан зүйлээс болж Дэмбэрэл гэх эр ийм хэрэг өдүүлсэн нь зарим хүнд инээдэм, нөгөө хэсэгт нь ханиадам болов. Гэхдээ ядуурал, ухамсар сэтгэхүйн доройтолтой холбоотойгоор энэ хэрэг гарчээ. 2014 оны долдугаар сарын 8. Монгол эрчүүдийн морио уралдуулан найр наадам хэсэх “сезон” эхэлчихсэн цаг. Үндэсний их баяр наадам эхэлж буйгаар далимдуулан олон хоногийн өмнөөс сархдаар цангаагаа тайлах завшаан аймаг, сумын төвд амьдрах, морь уяж, сур харваж, бөх барилддаггүй эрчүүдэд тохиох нь аль ч нутагт харагдана. Яг ийм үеэр Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн Дэмбэрэл айл саахалтын эрчүүдээс дутахгүйг хичээж, таньдаг мэддэг хүмүүсээ хань татсаар нэлээд хэдэн лонх суллав. Халамцаж дахин уухаар шүлэнгэтэн гэртээ ирж, ханиа дарамтлан архи авахуулахаар болжээ. Ингээд таван алхмын цаана байрлах нэгэн дэлгүүрийг зорьсон аж. Архи авч өгөхгүй болохоор нөхрийнхөө гарын элдүүрийг хангахаа мэддэг болсон бүсгүй арга буюу “Дэмбээд ганц шил архи өгчих” хэмээн худалдагч бүсгүйгээс гуйв. Мэдээж согтуу хүнд үйлчлэхийг хүсээгүй худалдагч татгалзсан хариулт өгчээ. Гэтэл Дэмбэрэл заазуур гарган “Тэгвэл би энийг чинь алчихъя л даа п… минь” хэмээн хоолойд нь тулган заналхийлэв. Энэ тухай худалдагч бүсгүй гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Түүнийг зогсоох гэтэл эхнэрийнхээ хувцсыг урж, үсдэн чирсээр дэлгүүрээс гарсан. Дараа нь гутлын түрийнээсээ дахиад нэг хутга гаргаж ирээд эхнэр лүүгээ далайхад нь би хутгатай гарыг нь зуурч авсан. Ингээд ойрхон явж байсан хоёр залуугаас тусламж хүссэн. Тэд ирээд хутга, заазуурыг нь булаан авахад эхнэр нь зугтаж явсан” хэмээн мэдүүлжээ.

Дэмбэрэл архи уусан үед тавьтаргүй, уусан идсэнээ шингээж чаддаггүй, уураа эхнэртээ гаргадаг нэгэн бололтой. Түүний талаар хавтаст хэрэгт олон хүн таагүй мэдүүлэг өгсөн байв. Тухайлбал гэрч С “Дэмбэрэл согтуу байхдаа байнга л агсам тавьж, Довдонгийн гуйлгачин хаана байна хэмээн эхнэрээ заналхийлдэг” хэмээсэн бол гэрч Б “Нэг удаа согтуу манай гэр, хашаа руу чулуу нүүлгээд байсан. Тэгэхээр нь “Яагаад эхнэр, хүүхэд тайван байлгахгүй байгаа юм бэ гэтэл “Яадаг юм бэ, муусайн гуйлгачингуудыг шатаана” хэмээн намайг заамдаж авсан” хэмээсэн байх юм. Дэмбэрэлийн уурыг архи хэмээх гашуун идээ хөдөлгөдөг аж. 2-3 жилийн өмнө мөн л согтуурхан мотоциклийнхоо банк руу шүдэнз зуран шатааж байсан удаа ч бий гэнэ. Гэрч Т “Дэмбэрэл согтохоороо байнга догшин авирладаг. Эхнэр нь түүнд зодуулаад нэг удаа манайд ирээд ухаан алдсан юм. Гэтэл хойноос нь хөөж ирээд “Наадахыг чинь бүр гүйцээчихье” хэмээн нэг бус удаа цохиж байсан. Эхнэр нь нөхрийнхөө энэ үйлдлийг олон ч удаа тэвчиж өнгөрөөсөн дөө” гэж мэдүүлсэн байгаа юм. Хүүхдүүд нь “Аав согтуу ирэх болгондоо ээжийг зоддог, барьж байсан зүйлээ шиддэг. Тэр болгонд нь бид айж зугтдаг” гэжээ.

Дэмбэрэл эхнэртээ нэг бус удаа гар хүрч байсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоож яллах дүгнэлтдээ “2010 оны наймдугаар сар, 2014 оны зургаа, долдугаар сард удаа дараа зодож, тарчлааж байсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт сонсгожээ. Хүний тэвчээр алдагддаг нь жам. Дэмбэрэлийн эхнэр ч тэвчээр нь алдарсандаа л арга буюу цагдаагийн байгууллагад хандсан байх. Гэвч ханийнхаа эсрэг нэг ч мэдүүлэг өгөөгүй аж. Шүүх хурлын үеэр ч нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй хэмээн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үндэслэлийг дурдсан байгаа юм. Өвөрхангай аймаг дахь Сум дундын 17 дугаар шүүх энэ хэргийг өнгөрсөн сард хэлэлцээд Дэмбэрэлийг хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн заналхийлж, зэвсэг хэрэглэн барьцаалсан, шунахайн сэдлээр барьцаанд байгаа хүнийг заналхийлсэн, удаа дараа зодож тарчлааж байсан гэм буруутайд тооцож, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ. Сархад хэмээгч савнаасаа бусдыг дийлдэг ундаанаас болж, нэгэн гэр бүлийн амьдралд ийм сэв суулаа. Уншигч та бүхэн үүнийг уншаад нэгийг бодож, хоёрыг тунгаан, архийг зүй зохистой хэрэглэх талаар бодоход илүүдэхгүй биз ээ.

 Г.АРИВЖИХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд