ХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР БОЛОХ ВЭ

2015 оны 01 сарын 13

Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав улс төрийн карьераа хөөж, өөрийн хүсэлтээр том албан тушаалаасаа чөлөөлөгдөн, Хууль зүйн сайд болоод байгаа. Түүний оронд хэн болох вэ гэсэн хүлээлт прокурорын төдийгүй шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагынханд үүссэн гэхэд хилсдэхгүй. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Дэлгэрмаа, Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Эрдэнэбат, нийслэлийн прокурор Б.Бат-Орших, АТГ-ын дарга Н.Ганболд, Монгол Улсаас БНАСАУд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, Дүүргийн I прокурорын газрын прокурор Д.Энхтөр гэх зэргээр олон хүний нэр дуулдах болсон.

Гэвч Ерөнхийлөгч өдий болтол хэн нэгнийх нь нэрийг УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Энд нэр нь гарсан, гараагүй хэн ч байлаа гэсэн хууль дээдэлсэн, аль нэг нам хүчний талд үйлчлэхгүй, нутаг ус дов жалганы үзэл гаргахгүй, зангарагтай хүн байвал сайнсан. Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор бол Монгол улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах ёстой. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, тэр дундаа прокурор сүүлийн жилүүдэд хэт улстөржих, нутаг нугынхнаа албан тушаалд томилох хандлага их гарах болсныг олон хүн мэдэж байгаа. УЕПГ-т л гэхэд аймгийн прокурор, хэлтсийн дарга, хяналтын прокурор, туслах ажилтан, жижүүр, үйлчилгээний ажилтнаасаа авахуулаад олонх нь Увс, Ховд аймгийн гаралтай хүн байна. Энэ нь Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль зөрчигдөн, зарчим алдагдаад байна хэмээн тэдэнтэй харилцдаг хууль, шүүхийн байгууллагынхан нь бүгдээрээ шогширч суухтай ч таарч байлаа.

Тэгэхээр яалт ч үгүй прокурорын байгууллагыг дов жалганы үзэлтэй хүн удирдах хэрэггүй мэт. Боловсон хүчний хувьд унасан гэхэд буруудахгүй энэ байгууллагыг өөд нь татаад аваад явчих нэр дэвшигч олдохгүй байгаа учраас Ерөнхийлөгч өдий хүртэл хэн нэгнийг санал болгохгүй байгаа болов уу. Цахим мэдээллийн зарим хэрэгслээр энэ албан тушаалд томилогдож болзошгүй байгаа хүмүүсийн нэрийг харахад Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим шаардлагад нийцэхгүй, дийлэнх олонхийн санал авч чадахгүй, зарчимгүй, төрөө гэх сэтгэлгүй, өөрийнхөө төлөө зүтгэдэг хүмүүс байна хэмээн шүүмжлэх хүн ч байна. Өдгөө Улсын ерөнхий прокуророор шинээр томилогдох хүн нь хуулийн шаардлага хангасан, хүний эрхийг хангах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэлийг хэрэгжүүлэн ажиллаж чадах хүн байж гэмээнэ дэмжлэг авах магадлалтай. Намчирхаж, туйлширдаггүй, шүүх эрх мэдлийн байгууллагад ажилласан туршлагатай, төрийн мэргэшсэн, жинхэнэ алба хаагчийг олж гаргавал сайн гэдгийг анхан шатанд ажиллаж байгаа прокурор, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч бусад байгууллагынхан хүсэж байгаа юм билээ. Харин ийм хүн хэн байх вэ гэдэг нь Ерөнхийлөгчийн төдийгүй, хуулийн байгууллагынхны анхаарлыг татаж байна.

Г.ЦОЛМОН

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд