Булш тоногчдыг цагдаагийнхан хайхрахгүй байна

2015 оны 01 сарын 13

Хөдөө орон нутгаар булш хиргисүүр тоносон хэрэг байсхийгээд л гарч, дотор нь байгаа үнэт зүйлийг авдаг. Гэтэл нийслэлд өнөөдөр булш тонож байгаа хэд хэдэн хэрэг гарсан ч цагдаагийн байгууллага юу ч мэдээгүй царайлан сууна. Эртний булш, хиргисүүр биш шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө нутаглуулсан талийгаачийн шарилыг ухаж, сэндийчиж хаяж байгааг бид онцолж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг, Нарангийн энгэрийн 2-3 булш ухсан тохиолдлыг “Улаанбаатар буян” компанийн сахиулууд удирдлагадаа мэдэгдэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Харамсалтай нь цагдаа нь юу ч хийгээгүйгээр үл барам, дуудлагын дагуу очиж үзээгүй гэхэд хилсдэхгүй. Уг нь Эрүүгийн хуулийн 129 дүгээр зүйлд “Булш сүйтгэх” гэсэн заалт бий.  Уг зүйл заалтад “Булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан бол ….” хэмээн дурдсан байгаа. Нарангийн энгэрийн оршуулгын газрын гурван булшийг тоносон үйлдэл нь хуулийн энэ заалтад дурдсанаар яалт ч үгүй эрүүгийн хэрэг. Гэтэл цагдаагийнхан шалгахгүй цааргалж байгааг юу гэж ойлгох вэ. Булш тонож буй хэрэг зөвхөн Нарангийн энгэрт ч гарч буй хэрэг биш. Нийслэлийн эргэн тойронд орших харуул хамгаалалт султай оршуулгын газраар тоногдсон булш олон байгаа нь эргэлзээгүй.Харин ингэж булш тонож буй явдлыг хэрхэн ойлгох вэ. Хэдэн жилийн өмнө булш тонож байсан нэгэн хүн баригдаад “Төмрийг нь хаягдал төмөр авдаг цэгт тушаах, хайрцагийнх нь модыг авч түлэхийн тулд ингэж ухсан” хэмээн мэдүүлж байсан гэдэг. Магадгүй ядууралтай холбоотойгоор хайрцаг доторх цай, торго зэргийг авахын тулд ингэж тонож байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэд талийгаачийн булшийг хөндөж авсан цай, торгоо олонд худалдаад мөнгө болгоод зогсож байх гэж үү. Ядууралтай холбоотой гэж нэг хэсэг нь үзэж байхад өөр нэг хэсэг нь “Монголд харийн шашны олон урсгал чиглэл орж ирэн түүний үр дагавараар ийм үйлдэл гарсан байж болох” хэмээж байна. Нэлээд хэдэн жилийн өмнө рок хөгжим сонирхогч хэсэг залуус булш хөндөж, зураг авахуулж байсан явдал бий. Ийм гаж сонирхол нийгмээ дагаад бидний дунд ороод ирсэн. Энэ мэтээр хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Энэ олон санал, үзэл бодлын аль нь ч байлаа гэсэн цагдаагийн байгууллага хуулиа биелүүлж гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Удаа дахаа дуудлага өгөөд байхад очиж шалгахгүй байгаа бол Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн ажлаа хийхгүй, хууль зөрчиж, гэмтнийг өөгшүүлж байна гэхэд хилсдэхгүй. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд