Д.Дуламсүрэн:Индексийн дүн эерэг өөрчлөлттэй гарсан нь манай улс авлигатай тууштай тэмцэж буйтай холбоотой

2014 оны 12 сарын 08

Авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудын авлигын индексийг зарлав. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас 2014 оны авлигын төсөөллийн индексийн дүнг зарлалаа. Манай улс байр ахижээ. Үүний үр дүн юу байв?

-“Транспэрэнси интернэшнл” байгууллага дэлхийн улс орнуудын төрийн байгууллага дахь авлигыг шинжээчид болон хөндлөнгийн байгууллагын төсөөлөлд үндэслэн, авлигын төсөөллийн индексийг сүүлийн 20 жилийн турш гаргаж байна. Манай улс энэ онд уг индексийн үнэлгээгээр 39 оноо авч, дэлхийн 175 орноос 80 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Уг индексээр манай улс сүүлийн жилүүдэд дараалан байр ахиж байгаа. Тодруулбал, 2012 онд 94, 2013 онд 83, 2014 онд 80 дугаар байрт орсон. Ер нь Монгол Улс дахь авлигын түвшинг бууруулах ажилд тодорхой хэмжээний эерэг хандлага ажиглагдаж байгааг зөвхөн энэ ч биш, дотооддоо зохион байгуулж буй бусад судалгааны дүн ч харуулсаар байна. Индексийн дүн эерэг өөрчлөлттэй байгаа нь Монгол Улс авлигын эсрэг тууштай тэмцэж буйтай холбоотой. Тухайн оны индексийг гаргахдаа өмнөх буюу 2013, 2014 оны тоо, мэдээллийг ашигладаг юм билээ. Монгол Улс дээрх хугацаанд зөвхөн эрх зүйн орчинд л гэхэд томоохон шинэчлэл хийж чадсан, өмнө нь батлуулсан хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр онцгой алхам хийсэн. Тухайлбал, 2012 онд батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, УИХ-аас Шүүхийн шинэтгэлийн багц хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны зэрэгцээ Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, Цагдаагийн байгууллагын тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг шинээр болон шинэчлэн батлуулж хэрэгжүүлсэн нь авлигаас урьдчилан сэргийлэх ажилд нэн шаардлагатай, нийтийн албан тушаалтныг аливаа эрсдэлээс хамгаалах чухал механизм бий болгосон. Үүнээс гадна 2014 онд гэхэд Шилэн дансны тухай хууль баталсан нь улс, орон нутгийн төсөв, өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулахад холбогдох шийдвэр, үйл ажиллагааг нь ил тод, нээлттэй, ойлгомжтой байлгах, түүнд хяналт тавих иргэдийн оролцоог хангахад чухал алхам болсныг тэмдэглэж болох юм.

-Өөр ямар судалгааны дүнд эерэг өөрчлөлт гарсан бол?

-Үндэсний хэмжээнд тодорхой салбар, хэсгүүдийг хамруулсан судалгааг АТГ, МҮХАҮТ зэрэг байгууллага хийж байна. Эдгээрээс хамгийн томд тооцогдох судалгаануудын нэг бол манайхаас  хоёр жил тутамд зохион байгуулж, үр дүнг нь олон нийтэд мэдээлдэг авлигын индексийн дүн юм. Зарим хүн “Транспэрэнси интернэшнл”-ийн авлигын төсөөллийн индекс болон АТГ-аас гаргаж буй авлигын индексийг зөрүүлж ойлгодог. Эдгээр индекс нь тус бүртээ онцлогтой. “Транспэрэнси интернэшнл”-ийн индекс тухайн улсын талаар гаднын болон хөндлөнгийн шинжээч, байгууллагын үнэлгээнд үндэслэдэг. Манайхаас гаргадаг индекс нь иргэд, төрийн албан хаагч, бизнес эрхлэгч болон шинжээчдийн төсөөлөл, үнэлгээнээс гадна Монгол Улсад үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, захиргааны бусад статистик мэдээнд үндэслэн тооцдогоороо онцлог. АТГ-аас авлигын индексийг хамгийн сүүлд 2013 онд тооцоход 0-1 хүртэл үнэлэгдэхээс 0.64 буюу өмнөх оныхоос 0.02 пунктээр нэмэгдсэн эерэг дүн гарсан зэрэг нь “Транспэрэнси интернэшнл”-ийн авлигын төсөөллийн индексийн дүнтэй адил байгаа юм. Манайхаас зохион байгуулж байгаа “Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаа”-ны үр дүнгээс харахад сүүлийн жилүүдэд мөн эерэг өөрчлөлт ажиглагдсан.

-АТГ болон “Транспэрэнси интернэшнл”-ийн судалгаануудаас харахад авлигыг төсөөлөлд үндэслэн хэмжиж байна. Төсөөллөөр тухайн улс дахь авлигын түвшинг хэмжиж болох уу. Өөрөөр хэлбэл, бодитой гэмт хэргийн статистикийн тоогоор хэмжиж болдоггүй юм уу?

-Авлигыг нарийн хэмжих нь хүндрэлтэй. Авлигыг гэмт хэргийн гаралт буюу тоогоор хэмжих нь ихээхэн учир дутагдалтай байдаг. Авлига нь бусад хэрэгтэй харьцуулахад нууц, далд хэлбэрээр үйлдэгддэг. Нөгөө талаас авлигын хэргийг илрүүлэх нь тухайн улсын хууль сахиулах байгууллага болон шүүх засаглалын чадавхаас ихээхэн хамаардаг. Мөрдөн шалгаж байгаа болон шалгасан хэргийн тоо, шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоо зэрэгт суурилан авлигыг хэмжих нь бодит хэмжээний зөвхөн нэг хэсэг нь. Тиймээс авлигыг олон нийт болон шинжээчдийн төсөөлөл, үнэлгээнд үндэслэн хэмжиж явдал түгээмэл байна.

-Энэ удаагийн судалгаагаар манай хоёр хөрш ямар үнэлгээтэй гарсан бэ?

-ОХУ энэ онд 27 гэсэн үнэлгээтэйгээр 136 дугаар байрт буюу үнэлгээ нь өмнөх оныхоос буурсан, БНХАУ  36 гэсэн үнэлгээтэйгээр 100 дугаар байрт буюу өмнөх жилээс буурсан байсан. Хятад улс сүүлийн үед авлигын эсрэг тууштай тэмцэж байгаа ч оффшор данс ашигласан албан тушаалтан олон байгааг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консорциум мэдээлсэн. Тус улсад оффшор данс хэрэглэгч 22 мянга орчим байгааг гаргасан байсан. Харин Оросын хувьд албан тушаалтнууд нь Киприйн хэд хэдэн банкийг ашиглан мөнгө угаасан, хөрөнгө завшсан хэрэг  гарсан нь үнэлгээнд нөлөөлсөн байж болох юм. Нөгөө талаас авлигын эсрэг тэмцлийг зөвхөн хэрэг илрүүлснээр юм уу, гэмт хэрэгтнийг шийтгэснээр нь сайн, муу гэж үнэлж болохгүй. Тухайн улс авлигын эсрэг эрх  зүйн орчноо хэр бүрдүүлсэн, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэр үр дүнтэй хэрэгжүүлж байгаа, иргэд нь төр, засагтаа хэр итгэж байгаа зэрэг олон талаас нь судалж үнэлэх шаардлагатай гэдгийг илтгэж байж болох юм. Авлигад нөлөөлөх шалтгаан гэдэг бол улс төр, нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлээс хамаардаг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд