Найзаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярын ялыг хэвээр үлдээв

2014 оны 12 сарын 04

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар А.Мэндбаярт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч болон ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн өчигдөр хэлэлцэв.А.Мэндбаяр нь өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүргийн I хороонд үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” баар, зочид буудлын гадаа найз Э-ыг зургаан удаа буудаж хөнөөсөн юм. Тэрбээр энэ хэргийг үйлдэхийн тулд бэлтгэн “Хархорин” захаас 300 мянган төгрөгөөр “Наган револвер” маркийн буу, олон тооны сумны хамт худалдан авсан аж. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны IV шүүх дээрх хэргийг энэ оны долдугаар сарын 25-нд хэлэлцээд А.Мэндбаярыг өс хонзонгийн улмаас хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн, галт зэвсэг хууль бусаар хадгалсан, авч явсан гэм буруутайд тооцож, чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих ял оноосон бол Эрүүгийн давж заалдах шатны X шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.Харин хохирогч Э-ын аав Д.Мөнхжаргал “Энэ хэргийг дутуу шалгасан, Эрээнд гарсан хүн амины хэргийн амьд гэрч болох Мэндбаярын найз охиныг шалгаагүй, хар тамхины хэрэгт холбоотой байж болзошгүй үйлдлийг ч тогтоогоогүй” хэмээн хэвлэлийн бага хурал хийлгэж байсан билээ. Улсын Дээд шүүхийн өчигдрийн хурлаар А.Мэндбаярын гэм буруутай нь хангалттай нотлогдсон, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзээд анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд