Орос хилчнийг хутгалсан эр аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэжээ

2014 оны 12 сарын 03

Увс аймгийн Тэс сумын малчин Ө, Б нар арваннэгдүгээр сарын 8-нд хил давж Тувагийн нутагт явж байгаад ОХУ-ын хоёр хилчинтэй тааралдаж, нэгийг нь  хутгалж  зугтсан талаар бид мэдээлсэн.  Тэднийг баривчлан өдгөө Увс аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Ө-г батлан даалтад гаргасан гэнэ. Орон нутгийн эх сурвалжийн хэлснээр Оросын хилчидтэй таарах үед Б морины сайнаар зугтан нутагтаа ирж амжжээ. Харин тэднийг хөөсөн хоёр хилчний нэг нь мориноосоо унаж хоцорсон гэнэ. Ингэж хөөцөлдөж явах үед Оросын хилчин Ө-гийн морийг буудаж унагажээ. Явгарсан Ө-гийн дэргэд ирмэгцээ хойд хөршийн хилчин мориноосоо бууж, нэг магазин сумаа дуустал түүний толгой дээгүүр буудсан байна. Улмаар энгэртээ байсан өөр нэг магазинаар буугаа сумлах гэж байх үед нь орос эрийн морь огло харайн цулбуураа алдуулж зугтжээ. Энэ үед Ө самбаачлан хилчний бугуйг хальт хутгалаад бууг нь булаан хилийн зүг гүйсэн аж.  Үүний дараа оросууд ирж, Ө-г авч явах хүсэлт тавьсан ч манай улс иргэнээ өгөхгүй гэжээ. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын иргэн А.Е.Новожилов Монголд эрүүгийн хэрэгт холбогдоод оргон зайлсан. Түүнийг Монголын талд өгөхийг хүссэн ч өгөөгүйтэй адил манайх ч иргэнээ хамгаалж, харийн оронд илгээгээгүй юм байна.Увс аймгийн Прокурорын газраас Ө-д Эрүүгийн хуулийн зургаан зүйл ангид заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэрбээр мэдүүлэгтээ “Би тухайн үед аргагүй хамгаалалт хэрэглэсэн. Хэрэв орос цэрэг буугаа дахин сумлаж амжсан бол би тухайн үед газар дээрээ амиа алдах байсан. Бууг нь булааж зугтсан тулдаа амьд гарсан” гэжээ. Орос цэрэг хөнгөн шархтай нь эмнэлгийн үзлэгээр тогтоогдсон төдийгүй  Тэс сумын төвд ирсэн гэнэ. Нөгөө сэжигтэн Б нь Увс аймгийн Цагдаагийн газрын Цагдан хорих байранд саатуулагдаж буй гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.21.29 Umhii orosiig bur alah estoi bsa yum

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд