“Татварын” Ч.Гансүх нарын ялыг хөнгөрүүллээ

2014 оны 11 сарын 02

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Чимэдийн Гансүх нарын 13 хүнд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын эсэргүүцэл, ялтан болон тэдний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн өнгөрсөн баасан гаригт хэлэлцлээ.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уг хэргийг 2014 оны хоёрдугаар сард  хэлэлцээд Ч.Гансүхийг албан тушаалаа урвуулан ашиглаж, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, бусдаар дамжуулан онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулсны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, чанга дэглэмтэй ангид найман жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.Тус газрын Эрсдэлийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбатыг хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, татварын байгууллагад хохирол учруулсан хэрэгт хамжигчаар оролцсон, татвар ногдох орлого, эд хөрөнгөө нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруутайд тооцож, 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, Ч.Гансүхтэй адил ял шийтгэсэн.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Балжирын Жаргалыг хууль бусаар хөрөнгөжсөн, мөрдөн байцаалтад шинжээчийн дүгнэлтийг зориуд худал гаргасан буруутайд тооцож, эдийн засгийн шинжээч хийх эрхийг таван жил хасаж, 36 сая төгрөгөөр торгох ял оноосон. Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан П.Галмандах, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Бавуусүрэнгийн Жаргал, О.Бямбасүрэн нарыг төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан хэрэгт хамжигчаар оролцсон буруутайд тооцож, татварын улсын байцаагчаар ажиллах эрхийг гурван жил хасаж, мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар болсон. Ч.Гансүхийн дүү, “Севиллиа-аудит” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Даваасүрэнг албан тушаалаа урвуулсны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан хэрэгт хамтран оролцсон гэж үзээд, аудитор хийх эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, мөн хугацаагаар хорих ял шийтгэсэн байна. Харин Х.Хандсүрэн, Б.Жаргалсайхан, Б.Буяннэмэх нарыг  цагаатгасан юм.Улмаар Ч.Гансүхээс 2.8 тэрбум, Д.Энхбатаас 592 сая, Балжирын Жаргалаас 86 сая  төгрөг тус тус хураах, иргэний хариуцагч “Кью Жи Экс Монгол” ХХК-иас 13.4 тэрбум, “Пибоди Поло Ресорсез” ХХК-иас 1.2 тэрбум, Д.Энхбатаас 50 сая төгрөг тус тус гаргуулж, Татварын ерөнхий газарт олгохоор болжээ.Улсын Дээд шүүх Ч.Гансүх, Д.Энхбат нарыг хууль бусаар хөрөнгөжсөн гэж ял оноосон хэсгийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ч.Гансүхэд ногдуулсан ялыг 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг таван жилийн хугацаагаар хасаж,  долоон жил хорих,  Д.Энхбатад оноосон  ялыг 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг таван жил хасаж, зургаан жил хорихоор хөнгөрүүлж өөрчилжээ. Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлээс Балжирын Жаргалыг хуурамч шинжээчийн дүгнэлт гаргасан талаарх дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхээс ногдуулсан 21 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээв. Ингэхдээ Балжирын Жаргалын цагдан хоригдсон хоногийг торгох ялд дүйцүүлэн түүнийг дээрх ялыг эдэлсэнд тооцов. Мөн Ч.Даваасүрэнд ногдуулсан гурван жилийн хорих ялыг тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд