Төв цэвэрлэх байгууламжийн аммиакт олон хүн хордлоо

2014 оны 10 сарын 29

Сонгинохайрхан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төв цэвэрлэх байгууламжид өчигдөр ноцтой осол гарч, хэд хэдэн хүн хорджээ. Хэдийгээр УСУГ-ынхан энэ талаарх мэдээллийг нууцалж буй ч хордсон хүмүүст тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагынхнаас бидэнд товч мэдээлэл өгсөн юм.  Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэхээр өчигдөр нэлээд олон хүн ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үеэр 20 гаруй настай нэг залуу худаг руу нь унасан аж. Түүнтэй хамт ажиллахаар орсон өөр нэг ажилчин түүний араас ороод хордож, ухаан алдсан аж. Энэ үеэр тэднийг нэн яаралтай ослын газраас гаргахаар хамт ажиллаж байсан хүмүүс нь орсон бөгөөд ухаан алдсан хоёр залууг гаргасан хэдий ч өөрсдөө мөн хордсон аж. Ухаан алдсан хоёр залууг ГССҮТ-т хүргэн эрчимт эмчилгээ хийж эхэлсэн бол хордсон таван хүнийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн харьяа Хордлогын яаралтай тусламжийн төвд хүргэж эмчилж байгаа юм. 

БХХСАХНЭ-ийн эх сурвалжтай өчигдөр 17.00 цагийн үед холбогдож, Хордлогын төвд ирсэн хүмүүсийн биеийн байдлын талаар тодруулахад “Хордсон хүмүүсийн биеийн байдал тогтворжсон. Манайд таван хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэлээд олон хүн хордсоноос биеийн байдал нь хүндэвтэр 20-35 насны таван хүнийг энд эмчилж байгаа. Ухаан алдсан хоёр хүнийг ГССҮТ-д хүргэсэн байна лээ. Бусад хүмүүсийг биеийн байдал гайгүй, хэвтэж эмчлэх шаардлагагүй гэж үзсэн” гэлээ.ГССҮТ-ийн албан хүнээс ухаан алдсан хоёр хүний биеийн байдлыг тодруулахад “Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хоёр хүн ухаан орж энгийн тасагт шилжсэн” гэлээ. Хууль, хяналтын байгууллагын эх сурвалж “Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан хүмүүс аммиакт хордсон гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрсэн. Хордлогын төвд эмчлүүлж байгаа хүмүүсийн цуснаас авсан шинжилгээгээр ч аммиакийн хордлого гэж үзсэн. Түүнийхээ дагуу тус төвийн эмч нар эмчилгээ хийж байна. Ослын шалтгааныг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн” гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд