Монгол генерал НҮБ-ын цэргийн хүчнийг командлана

2014 оны 10 сарын 16

Олон жилийн турш дайны хөлд нэрвэгдэж, хүн ам нь дүрвэн суурьшиж байгаа Өмнөд Судан улсад НҮБ-аас явуулж буй UNMISS ажиллагааны Хойд бүсийн командлагчаар БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Дашдондогийн Баярсайхан ажиллахаар боллоо. Түүнийг үдэн гаргах ёслол өчигдөр БХЯ-нд болсон юм. Энэ үеэр тэрбээр “Бүсийн командлагч гэдэг бол дор хаяж дөрвөн батальон командлах чадвартай офицер байх ёстой юм билээ. Миний хувьд Монгол, Энэтхэг, Этиоп, Гана, Руанда зэрэг орны энхийг сахиулагчдын батальоныг захирна. Энэ албан тушаалд томилогдох офицер хэлний мэдлэг сайтай байх шаардлагатай. НҮБ-ын UNMISS  ажиллагааны дөрвөн секторын захирагчаар найман хүн өрсөлдөж, Хойд бүсийнх нь захирагчаар ажиллуулахаар намайг шалгаруулсан гэдгийг өнгөрсөн сарын 26-нд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас мэдэгдсэн. Өмнөд Суданд цагийн байдал хүнд, ялангуяа миний хариуцан ажиллах Хойд бүсэд тус улсын нефть олборлодог талбай байдаг. Сая гаруй дүрвэгч мөн тэнд байгаа гэсэн. Өлсгөлөн болоод халдварт өвчин газар авах шинжтэй, дэлхий нийтийг түгшээгээд буй эбола вирус ч орж ирэх магадлал өндөртэй гэсэн” гэв.   Бригадын генерал Д.Баярсайхан дээрх улсуудын 4200 цэргийн алба хаагчийг захирах бөгөөд орлогчоор нь Энэтхэгийн Зэвсэгт хүчний хурандаа, штабын даргаар нь манай Зэвсэгт хүчний хурандаа ажиллахаар болжээ. Мөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас Хойд бүсийн штабт нь манай Зэвсэгт хүчний таван офицер ажиллуулах хүсэлт ирүүлсний дагуу материалыг нь хүргүүлээд буй аж. Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчид НҮБ-ын болон олон улсын бусад ажиллагаанд 10 гаруй жил оролцсоны дүнд анх удаагаа олон улсын хүчний командлагчаар томилогдож байгаа нь Монгол Улс, манай Зэвсэгт хүчний гүйцэтгэж буй үүрэг, ур чадварыг өндрөөр үнэлсний илрэл. Бригадын генерал Д.Баярсайхан удам дамжсан цэргийн алба хаагч, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн хуаранд төрсөн нэгэн. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд цэргийн сургуульд суралцаж, Зэвсэгт хүчинд тасралтгүй 34 жил үүрэг гүйцэтгэж буй юм. Тэрбээр 1985 онд ЗХУ-ын Пензийн артиллерийн инженерийн сургууль, 1995 онд АНУ-ын Хуурай замын цэргийн команд штабын коллеж, 1997 онд Голландын Энхийг сахиулагч, ажиглагчийн дамжаа, 1999 онд АНУ-ын Энхийг сахиулах ажиллагааны хуулийн дамжаа, 2004 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллежийг тус тус төгсчээ. 2004 онд Иракийн эрх чөлөө ажиллагаанд багийн захирагчаар явсан бөгөөд тэр жилийн хоёрдугаар сарын 18-нд найман орны 2000 цэргийн алба хаагч байрласан “Чарли” бааз руу амиа золиослогчид халдахад таслан зогсоож байсан Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон тэргүүтэй энхийг сахиулагчдыг удирдаж явсан туршлагатай.    

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд