Ц.Баасандорж: АТГ-ынхан Гансүх зөвлөхөөс нэг ч удаа байцаалт аваагүй

2014 оны 09 сарын 15

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг өнгөрсөн долдугаар сарын 29-нд цагдан хорьсноос хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Яллагдагчаар татан хоёр сар хорьсон тул түүнийг энэ сарын 29-нд батлан даалтад гаргана гэж найдаж, суллуулахаар хөөцөлдөж байгаа гэдгээ түүний өмгөөлөгч Ц.Баасандорж өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрбээр “Үндэсний аудитын газрын аудитор Ичинхорлоо “Нүүрс” хөтөлбөрийн санхүүжилтэд шалгалт хийгээд  “Багануур” хувьцаат компани, “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа компанийн хооронд хийсэн тоо, хэмжээг өөрчилж, 29 мянгаар зарсан нүүрсийг 39 мянган төгрөгөөр зарах ёстой байсан гэсэн нь хууль зөрчиж байна. Үндэсний аудитын газар төсвөөс санхүүждэг байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлт гаргадаг байгууллага болохоос хуулийн хоёр этгээдийн хооронд хийсэн гэрээг  хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэж тайлбарладаг байгууллага биш. Тэгээд ч гэрээнд шуудайлсан жингээс тооцоо хийнэ гэж заасан байтал аудитор Ичинхорлоо нь вагоноос ачуулсан жингээс тооцоо хийнэ гэж 2-3 тэрбум орчим төгрөгийн зөрүү гаргаад байна. Худал, хууль бус дүгнэлт гаргасантай нь холбогдуулан Ичинхорлоотой уулзахад “АТГ-аас ажилтныхаа дүгнэлтийг түүнд үзүүлж, үүнээс зөрүүтэй дүгнэлт гаргаж болохгүй. Өөр дүгнэлт гаргавал танд хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэж сануулж, дарамталсан гэсэн. АТГ-т худал дүгнэлт гаргаж өгөөд байгаа албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн ч тэд шалгахгүй байна. Үндэсний аудитын газрын аудитор Ичинхорлоог Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст, хувийн хөндлөнгийн шинжээчийн байгууллагыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн. Энэ хүмүүст мэргэжлийн үүднээс үнэн зөв дүгнэлт гаргаж өгөөсэй гэж тусгай зөвшөөрөл өгч байгаа боловч үүнийгээ ашиглаад буруу тоо баримт гаргаж, хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлээсэй гэж энэхүү эрхийг өгөөгүй. Л.Гансүхийг цагдан хорьсноос хойш АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал нэг ч удаа байцаалт аваагүй. Би Гансүх зөвлөхөөс гадна Тулгыг өмгөөлж байгаа. Түүнээс ч мөн адил нэг ч удаа мэдүүлэг аваагүй байна. Түүгээр зогсохгүй Ц.Баасандорж өмгөөлөгчөөс татгалз гэсэн санал тавьсан байна. Ийм байдлаар өмгөөлөх үйл ажиллагаанд саад учруулж байна” гэв. 

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд