Оргодлуудыг орон нутагт хайж байна

2014 оны 09 сарын 11

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 3-4-ний үед хоёр сэжигтэн оргосныг бид мэдээлсэн. Тэд өнөөг хүртэл олдохгүй байгаа юм. ШШГЕГ-аас оргодлуудыг нийслэлийн хэмжээнд бүх алба хаагчдаа дайчлан эрэн сурвалжилж буй ч олоогүй байна. Тиймээс тэднийг орон нутагт эрэн сурвалжлахаар болжээ. Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдсон Энхсайханы Вантөмөр, хулгайн хэргийн сэжигтэн Буян-Өлзийн Амарбаясгалан гэх 22-23 настай хоёр оргодлын талаарх үнэн бодит мэдээллийг ШШГЕГ, Цагдан хорих 461 дүгээр ангийнхан нэг сая төгрөгөөр худалдан авахаа мэдэгдээд буй. Иргэдээс тэдний тухай мэдээлэл холбогдох байгууллагын утсанд өгч байгаа ч ихэнх нь батлагдахгүй байгаа гэнэ.Сэжигтэн Э.Вантөмөр нь 175 см өндөр, 65 кг жинтэй, баруун хөл болон баруун хавиргандаа сорвитой, онигор нүдтэй, шар царайтай залуу аж. Харин Б.Амарбаясгалан нь 165 см өндөр, 62 кг жинтэй, уруул дээрээ тод хар мэнгэтэй, зүүн гарын эрхий, долоовор хурууны хооронд “А” үсэг шивсэн, Дэлдээ, Хаба гэх зэргээр найз нөхөд нь дууддаг гэнэ.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд