Татвараас зайлсхийсэн “Хун Лиан”-ы хятадууд дахин хэрэгт холбогдов

2014 оны 09 сарын 11

БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван,  Хан Рун Пин нарын хөрөнгө оруулалттай “Хун Лиан” компани өмнөд хөршөөс мотоцикль болон дагалдах хэрэгсэл оруулж ирэхдээ их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдон анхан  болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгүүлээд байгаа. Уг хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй шахам байхад Вэй Хун Ванд холбогдох дахин нэг эрүүгийн хэргийг хууль хяналтын байгууллагаас илрүүлэн шалгаж байна. “Хэдий хэмжээний татвар ямар аргаар төлөхгүй зувчуулсныг тогтоохоор ЗБГХТГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа. Хэрэг нь хараахан прокурорын шатанд ирээгүй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж  Дүүргийн I прокурорын газрын эх сурвалж хэлсэн юм. Тэд 2008-2011 онд БНХАУ-ын  “Хун Лиан”  ХХК-ийнхаа  нэр дээр болон манай улсын иргэдийн нэрээр 11822 ширхэг мотоцикль Монгол Улсад оруулж ирэн борлуулахдаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон НӨАТ-ын тайланд тусгахгүй, онц их хэмжээний албан татвар төлөхөөс санаатай зайлсхийж, энэ үйлдлээ аргалуулахын тулд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Д.Нанжидсүрэнд  хахууль өгсөн юм.Анхан шатны шүүхээс   Вэй  Хун Ван,  Хан Рун Пин нарт татвараас зайлсхийсэн, хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нэг сая хүртэлх төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5-6 жилийн хорих ял ногдуулсан юм. Харин татварын байцаагч Д.Нанжидсүрэнд нэг жил зургаан сарын  хорих ял оноосон. Энэ хэргийг нь маргааш Улсын Дээд шүүхэд хэлэлцэх юм.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд