Хөтөлийн Цагдаагийн тасгийн машин хүүхэд дайрч амь насыг нь хохироолоо

2014 оны 09 сарын 11


Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгон дахь Цагдаагийн тасагт бүртгэлтэй автомашин өчигдөр өглөө Сүхбаатар дүүргийн нутаг, таван буудлын замд 12 настай хүүхэд дайрчээ. Уг хэрэг 07.45 цагийн үед гарсан бөгөөд талийгаач гарцгүй газраар зам хөндлөн гарч хичээлдээ явж байсан. Харин 00-23 СЭҮ улсын дугаартай цагдаагийн автомашины жолооч У тэр үед урсгал сөрөг явж байсан.  17 дугаар сургуулийн орчимд тэр үед хотын төв рүүгээ чиглэх зам нь ачаалал ихтэй хөдөлгөөн саарсан байсан талаар ослыг харсан хүмүүс бидэнд мэдээлэв. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн тасгийнхнаас энэ талаар тодруулахад “Манай хэлтсийн жолооч У осол гаргасан талаар бидэнд мэдээлэл ирсэн. Шалтгаан нөхцөлийг Зам тээврийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд тогтоох байх. Албан ажлаар хот руу орсон байсан” гэсэн юм.Осол гарсан газарт өмнө нь замын хашлага тавьж, эгнээ тусгаарлаж явган хүн гарцаар гарах л боломжтой байхаар зохицуулсан байсан аж. Гэвч хайс төмрийг хэн нэгэн тоносноос болсон уу, эсвэл өмнө нь хэн нэгэн жолооч дайрч эвдсэнээс хашилтгүй болсон байжээ. Хүүхэд дайрч, амв насыг нь хохироосон цагдаагийн ажилтныг өчигдөр Зам тээврийн гэмт  хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албанд шалгаж эхэлсэн бөгөөд тэрбээр “Урсгал сөрж 65 км/ цагийн хурдтай явсан. Гэнэт хажуугаас гарч ирсэн болохоор машинаа зогсоох гэж оролдоод чадаагүй” гэж мэдүүлсэн гэнэ.Зарим хүн эцэг эх нь хүүхдээ сургууль руу нь хүргээд өгчихгүй гэж ярихтай таарч байв. Замын хөдөлгөөнд 12 настай хүүхэд бие дааж оролцож болох боломжтой учраас хүүхдийг хичээлд нь ганцааранг нь явуулсан бололтой. Осол гарсан газраас хойш 40 метрийн зайд явган хүний гарц байсан гэдгийг хэрэгт хяналт тавьж буй прокурорын байгууллагынхан бидэнд хэллээ. Харин орон нутгийн эх сурвалжууд “Жолооч У-гийн ах нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн тасагт эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад бас л хүн дайрч амь насыг нь хохироосон осол гаргаж байсан. Уг хэрэгтээ тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Нэг айлын хоёр хүүхэд, тэр тусмаа цагдаагийн ажилтан хүүхдүүд нь яахаараа ийм осол гаргадаг байна аа” хэмээн халагласан юм. Уржигдар бас хүний амь нас хохирсон зам тээврийн осол гарсан гэдгийг Нийслэлийн Замын цагдаагийн газраас бидэнд мэдээллээ. Том оврын ачааны автомашины жолооч өгсүүр газарт автомашинаа байрлуулахдаа замын хөдөлгөөний наад захын дүрэм журмыг биелүүлээгүйгээс тоормос нь алдан, ухарч айлын гэр дайран 19 настай бүсгүйн амь насыг хохироосон аж. 

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд