Г.Аюурболд:ДАШТ-д анх удаа оролцож аварга болсондоо баяртай байна

2014 оны 09 сарын 03

Дүүргийн IV прокурор буюу хуучнаар Налайх дүүргийн прокурорын газрын жижүүрээр ажилладаг Г.Аюурболд ОХУ-ын Москва хотод болсон Пауэрлифтингийн тэмцээнд түрүүлж, дэлхийн аварга болжээ. Наймдугаар сарын 20-24-нд болсон уг тэмцээнээс ШШГЕГ-ын Тусгай бүлгийн ажилтан, хошууч М.Батбаяр 100 кг-ын жинд дэлхийн аварга болсон тухай мэдээлж байсан. Тус тэмцээнд оролцсон Налайх дүүргийн “Алагтай цэцэн” клубийн тамирчин, Дүүргийн IV прокурорын газрын ажилтан Г.Аюурболд хүчний гурван төрөлд оролцож залуучуудын 67.5 кг-ын жинд штангтай суултаар 257.5, хэвтээ шахалтаар 165, газраас таталтаар 212.5, нийлбэр дүнгээр 635 кг өргөж, дэлхийн аварга болжээ.Тэрбээр уржигдар өглөө галт тэргээр эх орондоо ирсэн аж. Түүнтэй “Утасны анд” холбогдлоо.

 
-Юуны түрүүнд Дэлхийн аварга болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Яг одоо хаана явна?

 -Баярлалаа. Танай сониноор дамжуулан “Алагтай цэцэн” клуб болон намайг дэмжиж дэлхийн аваргын тэмцээнд явуулсан Дүүргийн IV прокурорын газрын хамт олондоо талархаж буйгаа илэрхийлье. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Налайх дүүргээс дөрвөн тамирчин оролцсон юм. Яг одоо анх энэ спортод биднийг чиглүүлж, зааж сургасан багшдаа хүндэтгэл үзүүлэхээр гэр рүү нь очиж явна.

-Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ. Олон улс, дэлхийн ямар ямар тэмцээнд оролцож байв?

-Пауэрлифтингийн спортоор тав дахь жилдээ хичээллэж байна. Дэлхийн аваргад анх удаа оролцож, аварга болсондоо маш их баяртай байна. Өмнө нь 2012 онд Азийн аварга, 2013 онд Новосибирскт болсон дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан. 

-Дэлхийн аваргад оролцох зардлыг чинь хаанаас гаргав?

-Хувиасаа л зардлаа гаргадаг. Энэ удаа байгууллага, хамт олон минь дэмжсэн. 

 

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд