НОТАРИАТ шиг Аудит

2016 оны 04 сарын 29

АНУ-ын олон нийтийн “Энрон” компани хэдэн жилийн өмнө дампуурснаар санхүүгийн томоохон залилангийн хэрэг илэрч байв. Эрчим хүчний магнат тус компанийн санхүүгийн аудитыг тухайн үедээ дэлхийд номер нэг гэгдэж байсан “Артур Андерсон” хийж байсан юм. Гэвч “Энрон” үүдээ барьж, “Артур Андерсон”-ы 100 гаруй жилийн түүх, нэр хүндийг нэгмөсөн “баллуурдаж”, дэлхий даяарх бүх салбараа татан буулгахад хүргэжээ. Эдийн засгийн хямрал АНУ-ын санхүүгийн зах зээлд бугласан идээ бээрийг ингэж шахаж байв.

Манай улсад хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш 20 хүрэхгүй компани IPO хийж, олон нийтээс мөнгө татсан. Үүнээс үйл ажиллагаа нь жигдэрч, ашиг орлого нь арвижиж буй нэг нь байхад сураг алдарсан ч бий. Өнгөрсөн хугацаанд “Анод”, “Зоос” нэртэй хоёр ч банк олон нийтийн итгэл олж, хөрөнгө босгосон боловч хоёул дампуурч, үгүй болжээ.

Иргэд, хөрөнгө оруулагчдын итгэлийг олж байж хөрөнгийн зах зээл өндийнө. Компани, аж ахуйн нэгжүүд биржид гарч, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэхийн тулд ямар ч маск зүүж болно. Довын чинээ жижигхэн компаниа олон нийтэд уулын чинээ болгож харагдуулахын тулд орлого ашиг, хөрөнгийн хэмжээгээ худал мэдүүлэх тохиолдол олон бий. Үүнээс болж цаасан дээр олон тэрбум төгрөгийн ашигтай байсан компани нэг л өдөр дампуурахыг бид харж байна. Тиймээс IPO хийж буй компанийн хөрөнгө, өр төлбөр, ашиг алдагдал, борлуулалтын талаарх мэдээлэл бодитой байх нь мөнгөө банкинд хадгалах уу, хувьцаа худалдаж авах уу гэдэг сонголтын өмнө зогсох хөрөнгө оруулагчдад хамгийн чухал.

Тэд аудитын гаргасан дүгнэлтэд л үндэслэн хөрөнгөө тухайн компанид оруулах үү, үгүй юү гэдгээ шийддэг. Гэтэл аудиторууд итгэл алдах, хуурч мэхлэх тохиолдол гарсаар байна. Тиймээс л дэлхий даяар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын тулд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад тавих хяналтыг сайжруулах гэж хичээж байна. “Энрон”-ы дампуурал “Артур Андерсон”-ыг “залгиснаар” хөрөнгийн зах зээлийн оролцогчид урьдынхаас хашир болсон. Тиймээс АНУ-д уг хэрэг явдлаас үүдэлтэй Сарбанес Окслийн хууль хэмээх алдартай акт “мэндэлсэн” байдаг аж.

Энэ хууль гарснаар аудит зөвхөн санхүүгийн тайлангаас гадна тухайн компанийн дотоод хяналтын систем нь хэр бэхэжсэн бэ гэдэгт дүгнэлт гаргадаг болсон аж. Өндөр цалинтай хэрнээ аар саархан зүйлд байдгаа барчихдаг, хурааж хуримтлуулсан юмгүй хүмүүс байдаг. Үүнтэй адил компанийн ашиг орлого хэчнээн сайн байлаа ч дотоод хяналт муу бол өөдлөхгүй. Иймд олон улсад санхүүгийн тайлангаас гадна дотоод хяналтыг чухалчлах болжээ.

Манай улсад аудитын тусгай зөвшөөрлийг Сангийн яам олгож байгаа бөгөөд одоогоор 140 гаруй компани ийм үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь манайх шиг жижигхэн зах зээлтэй оронд томдсон тоо гэдгийг аудиторууд хэлдэг. Нэг хэсэг нягтлан бодогчид ажилгүй болбол аудитын компани байгуулдаг жишиг тогтсон байсан гэдэг. Хоёр мэргэшсэн нягтлан бодогч нийлээд аудитын компани байгуулах боломжтой байсан нь ингэж олшроход нөлөөлсөн аж. Хүний нөөц, санхүүгийн чадавхгүй, туршлага дутмаг компани олширсноор хэн нэгний нөлөөнд автах, хуурамч тайлан гаргаж өгөх зэрэг асуудал газар авчээ.

“Мандах бүртгэл” дээд сургуулийн багш нар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 200 гаруй компанийн санхүүгийн аудитчлагдсан тайланг хянажээ. Гэтэл хувьцаат компаниудын 30 гаруй хувийнх нь тайлангаас хөрөнгөө нуух гэх мэт залилан агуулсан зөрчил ил болсон байна. Уг нь биржид бүртгэлтэй компаниуд жил бүр санхүүгийн тайлангаа хөндлөнгийн аудитын байгууллагаар хянуулдаг. Гэтэл ийм асуудал гарсаар буй нь аудиторуудтай холбоотой гэхээс яах билээ.

Аудитын олон улсын сүлжээ “BDO аудит” компанийн захирал Г.Баянмөнх “Тусгай зөвшөөрөл олгох шаардлага сул байгаа учир мэргэшсэн нягтлан бодогч болсон л бол туршлагатай, эсэхээс үл хамааран компани байгуулж болно. Юу хийж буйгаа мэдэхгүй, тамга дарж, дүгнэлт өгөх нь аудит гэж ойлгож байна. Энэ нь хариуцлагатай, үйл ажиллагаа нь жигдэрсэн компаниудын нэр хүндийг унагаж байна” хэмээн ярив. Аудитын үйл ажиллагаа гэдэг нь хоёр бичиг баримтыг тулгаад тамга дардаг нотариатаас илүү нарийн түвэгтэй ажил аж. Гэхдээ энэ нь нотариат амархан гэсэн үг биш. Нэг компанийн санхүүгийн тайланд аудит хийхийн тулд нэгээс дөрвөн сарын хугацаа шаарддаг гэнэ.

Аудиторуудыг хүнээр бол эмчтэй зүйрлэх нь бий. Халуурахад олон шалтгаан байна. Ханиад хүрэх, хоолой идээлэх, уушги нь өвчилсөн ч байж болно. Халуурч байгаа хүнээс эмч хэдэн асуулт асуугаад сүрьеэ тусчээ гэж оношлох аргагүй. Цээжний зураг, шинжилгээний хариуг харж байж яг таг дүгнэлт хийх ёстой. Гэтэл зарим аудит компанийн санхүүгийн “эрүүл мэнд”-д дүгнэлт гаргахдаа нарийн шинжилгээ хийхгүй, хэдхэн асуулт тавьсан болж оромдож буй нь алдаа гарахад нөлөөлж буй аж. Түүнээс биш нэг үеэ бодвол манай аудиторуудын мэдлэг, ур чадвар дээшилсэн гэдгийг Г.Баянмөнх захирал хэллээ. Тухайлбал, одоо манай улсад “Ernest & Young”, “Deloitte”, “BDO” зэрэг томоохон сүлжээний салбар ажиллаж байна.

Мөн энэ оноос Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хууль хэрэгжиж буй. Үүнд тусгай зөвшөөрлийн босгыг өндөрсгөж, аудитын компани байгуулах бол багадаа дөрвөн мэргэшсэн нягтлан бодогчтой байхаар зааж өгчээ. Үүнээс гадна компанийн үүсгэн байгуулагч нь ч мэргэжлийн хүн байх ёстой аж. Мөн дээрх хуулийн дагуу Сангийн яаманд аудитын чанарын хяналт тавих нэгж шинээр байгуулагдсан байна. Ингэснээр нийтийн сонирхлын буюу стратегийн ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, хувьцаат компани, улс төрийн нам, төрийн бус байгууллага, банк санхүүгийн байгууллагуудад хийсэн аудитын чанарыг нарийн шалгадаг болж буй юм байна.

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, доктор Б.Болормаа “Аудиттай холбоотой санхүүгийн залилан гарах тохиолдол бий. Тиймээс төрийн хяналтыг сайжруулж байна. Олон нийтийн сонирхлын аж ахуйн нэгжид хийсэн аудит илүү чанартай байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Энэ нь хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой юм” хэмээн ярив.

Харин хөрөнгийн зах зээлд ажиллах аудитын компанийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэдэг аж. Одоогоор 42 компани уг жагсаалтад байгаа юм. Төрийн өмчит эрчим хүчний компаниуд нэмэлт хувьцаа гаргахаар ажиллаж байна. Эдгээр нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй компаниудаас сонгож аудит хийлгэх ёстой. Олон улсын томоохон хөрөнгийн биржүүд дэргэдээ олон нийтийн компанид санхүүгийн үйлчилгээ үзүүлэх аудитын компаниудыг бүртгэдэг. Тухайлбал, АНУ-д гэхэд Олон нийтийн компанийг хянах зөвлөл нь энэ ажлыг хариуцдаг бол Японд Санхүүгийн үйлчилгээний агентлаг нь аудитын компаниудыг бүртгэж, ажлынх нь чанарт хяналт тавьдаг юм байна.

Харин манай улсад бол энэ ажлыг төрийн өмнөөс Санхүүгийн зохицуулах хороо хариуцаж буй юм. Тус хорооны Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн “Үнэт цаасны зах зээл бол нарийн мэдлэг, мэдрэмж шаардсан салбар юм. Энд маш олон хүний эрх ашиг байдаг. Тиймээс дурын хүн биш, энэ зах зээлд ажиллаж байсан мэдлэг, туршлагатай, чадалтай компани аудит хийж байж хөрөнгө оруулагчдын итгэл хүлээнэ. Энэ оноос эхлэн IPO хийхээр төлөвлөж буй компани СЗХ-нд бүртгэлгүй аж ахуйн нэгжээр аудит хийлгэхийг хориглож байгаа” хэмээн ярив.

Аудитор аливаа компанийн санхүүг хөндлөнгөөс шинжилж, “онош” тавьдаг. Хөрөнгийн зах зээлд олон хүний мөнгө урсаж байдаг учир энэ ажил нь илүү нарийн мэдлэг, мэдрэмж, ур чадвар, ёс зүйтэй байхыг шаарддаг аж. Орчин үед зах зээл хөгжихийн хэрээр санхүүгийн хэрэгслүүд илүү төрөлжиж байна. Үүнийг дагаад аудиторын ур чадвар, мэдлэг мэдээлэл ч сайжрах ёстой. Одоогоор манайд олон улсын томоохон сүлжээ компаниудын салбар үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг дагаад аудиторын мэдлэг чадвар дээшилж буй юм.

Гэхдээ тамгаа халаасалчихаад явдаг хариуцлагагүй нөхөд ч бий. Тиймээс хөрөнгийн зах зээлийн аудиторын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, хяналтыг илүү сайжруулах хэрэгтэй гэдэг нь ч “Мандах бүртгэл” дээд сургуулийн багш нарын судалгаанаас харагдаж буй юм. 

Н.САНЖААСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.95 Гадны аудитын компани гэхээр л хондлонгийн дугнэлт гаргадаг ч юм биш. Дотоодын гэхээр муу байдаг ч юм биш. Тэхээр гадныхан гадныхандаа Монгол улс монголчууддаа итгэх хэрэгтэй
122.201.27.34 Санхүүгийн тайланд аудит хийнэ гэдэг нь хамгийн багаад 2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг 10-аас дээш хоног хийдэг ажлыг 1 цагт балансын үзүүлэлт хоорондын улдааг шалгаад л тамга дарж байгаа компани нийт аудитын компанийн бараг 60 хувь болоод байгаа нь эмгэнэлтэй байна. Үүнийг санхүүгийн хүрээнийхэн бүгд мэддэг мөртлөө хариуцлага тооцохгүй, тусгай зөвшөөрлийг нь цуцлахгүй өөгшүүлсээр л байна даа. Мөн аудитор гэдэг хүн мэргэжилдээ туршлагажсан, ёс зүйтэй, өндөр хариуцлагатай, мөн ажлын ачаалал даадаг ажилтан байх байтал хөдөлмөрийн чадвар буурсан, нийгмийн дагаад шинэчлэгдэж чадахгүй байгаа тэтвэгдийн насныхан аудитын компани байгуулж аудитор хийхээр энэ зах зээл дээр орж ирж байгаа нь дээрхи тамга дарагчийн тоог олшруулсаар, аудитын нэр хүндийг унагасаар л байгааг тусгай зөвшөөрөл олгогч төрийнхөн анхааралдаа аваасай