Хямд мөнгөний эрэл ХААНА хүрэх бол

2016 оны 04 сарын 18

Сангийн яамныхан өөрийн цахим хуудас дахь Засгийн газрын өрийн мэдээллийг өнгөрсөн оны гуравдугаар сард хамгийн сүүлд шинэчилжээ. Гэтэл манай Засгийн газар үүнээс хойш хэд хэдэн удаа бонд гарган, зээл авч, “өрийн сан”-гаа арвижуулаад байгаа. Мөн өрийн баталгаа ч гаргасан. Монголбанкны мэдээгээр Засгийн газрын гадаад өр 3.6 тэрбум ам.долларт хүрээд байна. Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газраас ирэх оноос бондын төлбөрөө хийх талаар ямар төлөвлөгөө байгааг лавлахад сайдаас өөр хүн энэ талаар ам нээхгүй гэсэн хариу сонсов. Улсын өр бол чухал, эмзэг сэдэв.

Тиймээс олон нийт энэ талаар үнэн зөв мэдээлэлтэй байх эрхтэй. Ямартай ч Засгийн газрын өр өнгөрсөн оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 52.4 хувьтай тэнцэж байгаа гэнэ. Энэ онд нэмж 750 сая ам.доллар зээлснээр зөвхөн гадаадад тавьсан өр 4.4 тэрбум ам.доллар болов. Үүн дээр дотоодын 3.7 их наяд төгрөгийн бондын өрийг нэмж тооцвол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарыг хэдийнэ давжээ. Гэхдээ Засгийн газар гадаадаас хямд үнэтэй босгосон мөнгөөрөө дотоодын бондынхоо төлбөрийг санхүүжүүлэх байдлаар өрийн дарамтаа бууруулна гэж буй юм.

Сангийн сайд Б.Болор өнгөрсөн сард сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ “Credit Suisse” банкнаас долоон хувийн хүүтэй зээл авсан нь боломжийн дүн гэдгийг онцолсон. Гэвч үүнээс хэдхэн хоногийн дараа 10.9 хувийн хүүтэйгээр, таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын бонд арилжсан. Энэ нь 2012 онд гаргасан 4.1 хувийн хүүтэй “Чингис” бондоос 2.6 дахин өндөр өртөгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газрын бондын хүү дөрөвхөн жил буюу УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд 6.6 хувиар өсөөд байна. 500 сая ам.долларын 6.6 хувь нь жилийн 33 сая, таван жилийн 166 сая ам.доллар буюу 330 тэрбум төгрөг болно.

Энэ мөнгөөр 300 цэцэрлэг, эсвэл 150 сургуулийн барилга барих боломжтой. Засгийн газрын дотоодын бондын хүү дунджаар 16-17 хувь байгаа. Энэ өндөр хүүтэй зээлийн төлбөрийг одоо төсвөөс хийх боломжгүй. Тиймээс гадаадаас бага хүүтэй зээл авах сонголт хийсэн ч хүү нь хоёр оронтой тоонд хүрчихээд байна. Эдийн засагч Б.Дөлгөөн “Засгийн газрын бондын хүү бол манай улсын эрсдэлийг илэрхийлэх үзүүлэлт юм. “Чингис” бонд 4.1 болон 5.1 хувийн хүүтэй байсан. Харин “Мазаалай” бондын хүү 11 хувьд хүрсэн.

Манай улсын эрсдэл бараг гурав дахин нэмэгдлээ. Хувийн хэвшлийнхэн цаашид хэдэн хувийн хүүтэй бонд босгох нь эргэлзээтэй” хэмээн ярив. Засгийн газрын дотоод, гадаад өр нийлээд зургаа орчим тэрбум ам.доллар болж байна. Ирэх онд бид Хөгжлийн банкны 5.7 хувийн хүүтэй 580 сая, “Чингис” бондын 4.1 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бондын төлбөрийг, хүүтэй нь хамт хийх учиртай. Хөгжлийн банкны бондын хүү 33.3 сая, Чингис бондынх 20.6 сая ам.доллар болно. Ингээд зөвхөн ирэх онд л гэхэд 1.1 тэрбум ам.долларын өр төлж таарах нь.

Үүний дараа 2018 онд Хятадын зах зээлд гаргасан 161 сая ам.долларын “Дим сам”, 2021 онд 500 сая ам.долларын “Мазаалай”, 2022 онд “Чингис”, 2023 онд “Самурай” бондын төлбөрийг хийх учиртай. 2023 он хүртэл төлөх Засгийн газрын бондуудын зөвхөн хүү нь 960 сая ам.доллар болж буй бол үндсэн төлбөртэйгөө нийлээд 3.4 тэрбум ам.доллар хэрэгтэй болох нь. Мөн энэ нь манай Засгийн газрын зөвхөн гадаадад гаргасан бондын хэмжээ юм. Үүнээс гадна гадаад зээл, баталгаа, дотоод бондын төлбөрийг нэмж тооцвол нэлээд их дүн гарах нь тодорхой. Ирэх онд гадаад валютынхаа нөөцтэй бараг тэнцүү хэмжээний өр төлөх боломж бидэнд бий юү.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд мэдээлэл хийх үедээ “Өрөө төлөхийн тулд төсөв болон төлбөрийн тэнцэлд дарамт учруулахгүй, гадаад валютын албан нөөцийг бууруулахгүй, төгрөгийн тогтвортой байдлыг хангах зарчим баримтална. Ингээд бага зардлаар дахин санхүүжилт хийнэ. Мөн зээлжих зэрэглэлээ сайжруулна” гэсэн. Гэтэл Ерөнхий сайдын хэлсэн бүхэн эсрэг зүгт чиглэж байна. Манай улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны дунд үеэс тасралтгүй буурч буй бөгөөд энэ оны хоёрдугаар сарын байдлаар ердөө 1.2 тэрбум ам.доллар боллоо.

Уг нь гадаад валютын нөөц зузаарч байж өрийн төлбөрөө хийх боломж бүрдэнэ. Мөн УИХ энэ онд төсвийн алдагдал ДНБ-ий таван хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Дөнгөж эхний улирал дуусаж байхад төсөв 615 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Тиймээс сонгуулийн дараа тодотгол хийх нь зайлшгүй. Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар буурлаа. Ашигт малтмалуудын үнэ ойрын хугацаанд сэргэх магадлал бага тул экспортын орлогод найдах аргагүй.

Мөн манай эдийн засгийн өсөлт ойрын үед тун бага түвшинд байна гэсэн таамгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон дотоод, гадаадын шинжээчид дэвшүүлээд байгаа. Тухайлбал, Дэлхийн банк манай эдийн засаг энэ онд 0.7, ирэх жил 2.7, Азийн хөгжлийн банк энэ онд 0.1, ирэх жил 0.5 хувиар өснө гэж төсөөлсөн. Мөн шинжээч Ч.Эрдэнэдалай эдийн засгийн өсөлт энэ онд хасах үзүүлэлттэй гарна хэмээж буй юм. Үүнээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт дорвитой өсөхгүй байна. Ийм хүнд үед бидэнд өрөө төлөх ямар боломж байна вэ.


Зарим орон бондын төлбөрөө хийх цаг нь тулах үед хугацааг нь сунгах арга хэрэглэдэг. Гэтэл манайх анхнаасаа ийм төрлийн бонд арилжаагүй тул сунгах боломжгүй аж. Тиймээс өрийг өрөөр дарах буюу дахин бонд гаргах боломж байж л мэдэх юм. Харамсалтай нь манай Засгийн газрын бондын өгөөж нэмэгдсээр буй тул энэ нь өрийн дарамтыг өсгөх эрсдэлтэй гэж эдийн засагчид үздэг. Үүнээс гадна Олон улсын валютын сангийн (ОУВС) “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гарц бий.

ОУВС-гаас манай улсад хоёр тэрбум ам.долларын хэлцэл хийе гэсэн санал тавьсан гэх мэдээлэл гарсан. “Стэнд бай” хөтөлбөрийг сонгох нь эерэг болон сөрөг талтай. Эдийн засагч Б.Дөлгөөн “ОУВС-гийн энэ хөтөлбөрт эдийн засаг нь хүндэрсэн орнууд хамрагддаг. Манай улс энэ байдлаараа байвал бондын төлбөрөө хийж чадахгүйд хүрнэ. Тэгэхээр заавал цагийг нь тулгаж байж уг хөтөлбөр рүү орох уу, одоо орох уу гэдгээ бодох хэрэгтэй” гэсэн юм. Манай улсын Засгийн газар гадаад, дотоод бондын хүүгийн төлбөрт 2013-2016 онд 2.2 их наяд төгрөгийн зээлийн хүү төлсөн байна.

Энэ бол төсвийн нийт хөрөнгө оруулалтаас ч давсан дүн. Мөн Сангийн яам сар бүр 150 тэрбум төгрөгийн хүү төлж байна гэдэг мэдээлэл бий. Хэрэв цаашид илүү хямд өртөгтэй, урт хугацаатай зээл авахад анхаарахгүй, 10 хувийн хүүтэй, богино хугацааны бондоор аргацаасаар байвал төлбөрийг нь төсөв даахгүй. Тиймээс урт хугацаатай, хямд мөнгө олох л гол зорилго болоод байна. Шинжээч Ч.Эрдэнэдалай “Манай улс 10, 20 жилийн хугацаатай, бага хүүтэй төгрөгийн бондоо олон улсын зах зээлд дэлгэн тавих хэрэгтэй. Олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудад ч хандаж болно” хэмээн ярьсан юм.

Засгийн газар ч урт хугацаа, өртөг багатай мөнгө олох гэж эрэл сурал болж буй. Улс орон өрөө төсвөөсөө л төлөх ёстой. Төлбөрийн тэнцэл эерэг, төс өв ашигтай байвал өрөө төлөх боломж өснө. Тиймээс шаардлагагүй зардал, халамжаа танаж, төсвөө шинэчлэх хэрэгтэй гэж эдийн засагчид сануулдаг. Дэлхийн банкны судалгаагаар манай халамжийн мөнгөний тал орчим хувь нь л зорилтот бүлэгтээ хүрч байгаа гэнэ. Харин үлдсэн хэсэг нь хамаатан садан, танил талаа ашиглан халамж хүртдэг аж. Үүнийг өөрчилж, дотоод нөөцөө шавхах нь өрөө төлөхөд нэмэр болох юм.

 Н.САНЖАА 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
211.157.180.66 good!