Ч.Эрдэнэдалай: Олон нийтийн өр ДНБ-ий 91 хувьтай тэнцэж байна

2016 оны 04 сарын 11

“Mongolia metals and mining”-ийн эрхлэгч, шинжээч Ч.Эрдэнэдалайтай (Dale Choi) ярилцлаа.

-Засгийн газар энэ онд 750 сая ам.долларын зээл авлаа. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Энэ онд зээлсэн 750 сая ам.долларыг нэмбэл манай улсын Засгийн газрын гадаад өр 4.4 ам.доллар тэрбум болж байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 38 хувьтай тэнцэж буй юм. Мөн Хөгжлийн банкны 1.3 тэрбум ам.долларын бондыг Засгийн газрын өрөнд тооцох хэрэгтэй. Үүнээс гадна Худалдаа хөгжлийн банк Засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын бонд гаргаж, бүгдийг нь Монголбанктай солилцсон. Монголбанк ч 1.8 тэрбум ам.долларын өртэй.

Эрх баригчид энэ мэтчилэн байж болох бүх хэлбэрээр зээл авч байна. Ингэснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бараг хэрэггүй болчихлоо. Уг хуульд Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн өр 2016 онд ДНБ-ий 55 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Гэтэл өр энэ хязгаарыг давчихлаа. Тиймээс Засгийн газрынхаас илүү олон нийтийн буюу төсвөөс эргэн төлөх өрийн хэмжээг нарийн тооцох хэрэгтэй гэж үзэж байна.

-Хөгжлийн банк бонд босгож, төсөл санхүүжүүлэн, ашгаасаа зээлээ эргэн төлнө. Төвбанкны хувьд Хятадын Ардын банктай своп хэлцэл хийж буй учир төсвөөс эргэн төлөгдөхгүй гэсэн тайлбар өгч байгаа шүү дээ.

-Хөгжлийн банк олсон ашгаараа бондын төлбөрөө хийнэ гэдэгт эргэлзэж байна. Тухайлбал, зам барихад оруулсан хөрөнгө богино хугацаанд өгөөжөө өгөхгүй. Мөн импорт орлох жижиг төслүүдээс ч их хэмжээний мөнгө олно гэж бодохгүй байгаа.

-Тэгэхээр Хөгжлийн банкны зээл төсвөөс эргэн төлөгдөнө гэж харж байна уу?

-Тийм. Засгийн газрын баталгаатай байна гэдэг нь төсвөөс зээл төлж болзошгүй гэсэн үг шүү дээ. Энэ эрсдэлийг ор тас мартаж болохгүй, заавал тооцож байх ёстой. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангийн аргачлалаар үүнийг public debt буюу олон нийтийн өр гэж үздэг. Худалдаа хөгжлийн банкны бонд ч Засгийн газрын баталгаатай учраас үүнд хамруулна. Миний тооцоогоор манай олон нийтийн гадаад өр 8.3 тэрбум ам.долларт хүрээд байна.

-Засгийн газрын гадаад өрөөс бараг хоёр дахин их болох нь ээ.

-Өнгөрсөн оны эцэст Азийн хөгжлийн банк манай улсын олон нийтийн өр 7.57 тэрбум ам.доллар байна гэж тооцож гаргасан. Үүн дээр 750 сая ам.долларын зээлийг нэмснээр ийм дүн гарч байна. Мөн Засгийн газрын дотоодын бондын өрийг нэмбэл 10.5 тэрбум ам.долларт хүрэх юм. Засгийн газрын өр 2007 онд ДНБ-ий 40 хувьд ч хүрээгүй байсан. Одоо 91 хувьтай тэнцэж байна.

Энэ бол яавч сайн үзүүлэлт биш. Урсгал дансны тэнцэл нь ашигтай байж гэмээнэ улс орон өрөө төлөх чадвартай байна. Харин алдагдалтай байвал тухайн улс гаднаас санхүүжилт авна л гэсэн үг.

-Сүүлийн үед урсгал тэнцлийн алдагдал буурч, гадаад тэнцвэрээ хангах боломж бүрдэж байх шиг байна.

-Тийм. Гэхдээ 2015 онд урсгал тэнцлийн алдагдал ДНБ-ий 4.8 хувьтай байсан. Энэ алдагдлыг өмнө нь хөрөнгийн дансны ашгаар нөхдөг байсан юм. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалт сайн байсан гэсэн үг. Одоо шууд хөрөнгө оруулалт хумигдсан. Дутагдаж буй ам.долларыг нөхөхийн тулд зээл авахаас өөр аргагүй болчихлоо. Манай Засгийн газар маш өндөр хүүтэй мөнгө зээлж байна.

Дотоодод ч валютын зээлийг 10 хувийн хүүтэй авахгүй шүү дээ. Би банкнаас долоон хувийн хүүтэйгээр ам.долларын зээл авч болно. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт сэргэхгүй л бол бид улам хүнд байдалд орно. Урсгал тэнцлээс гадна төсөв ашигтай байж өрөө төлөх боломж бүрдэнэ.

-Засгийн газар 500 сая ам.долларын бондыг бараг 11 хувийн хүүтэйгээр босголоо. Үүгээрээ дотоодын бондыг санхүүжүүлнэ гэсэн. Энэ нь хэр зөв алхам гэж бодож байна вэ?

-Засгийн газар дотоодын банкуудаа мөнгөжүүлэхийн тулд бонд босгосон. Дотоодын бондын дийлэнхийг Худалдаа хөгжлийн банк эзэмшдэг. Худалдаа хөгжлийн банк бол том, цөөн зээлдэгчтэй. Уул уурхай болон барилгын томоохон компаниудад голчлон зээл өгдөг. Эдийн засаг хүндэрсэн үед эдгээр компани зээлээ төлөх боломжгүй болж байна.

Тиймээс хүнд байдалд орсон энэ банкийг мөнгөжүүлэхийн тулд бонд гаргасан гэж хардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар дотоод зээлээ хаахын тулд маш өндөр хүүтэй мөнгө гадаадаас авч байгааг буруу гэж бодож байна.

-Гадаадаас зээл авахаас өөр ямар арга байгаа юм бэ?

-Манай дотоодын бондын зах зээл бага учир хугацаа нь богино байдаг. Тиймээс олон улсын зах зээлд урт буюу 10 жилийн хугацаатай төгрөгийн бонд гаргах хэрэгтэй. Засгийн газар урт хугацааны бондоор богино хугацаат зээлээ дарах ёстой. Манай эрх баригчид урт хугацааны төгрөгийн бондоо олон улсын зах зээлд зарах арга хаймаар байна.

-Төгрөгөөр гаргасан бонд худалдаж авах газар олдох уу?

-11 хувийн хүүтэй ам.долларын зээл авч байснаас үүнийг оролдож үзэх л хэрэгтэй. Өмнө нь “Чингис” бондыг 4.125 хувийн хүүтэй гаргаж байсан. Одоо Засгийн газрын бондын хүү 11 хувь хүрлээ. Зөрүү нь 6.6 хувь байна. Зөвхөн хүүгийн зөрүү нь жилийн 33 сая, таван жилийн 166 сая ам.доллар болж байгаа. Энэ бол бидний хариуцлагагүйгээс болж салхинд хийссэн мөнгөний дүн юм. Үүгээр хэдэн цэцэрлэг, сургууль байгуулж болох байсан бэ гэдгийг бодох хэрэгтэй.

-Засгийн газар бондын өрөө төлөх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа гэсэн. Гэхдээ одоогоор олон нийтэд танилцуулаагүй байна. Өрөө төлөхийн тулд хэрхэн төлөвлөх хэрэгтэй вэ?

-Манай улс ирэх оноос “Чингис” болон Хөгжлийн банкны бондын төлбөрийг хийж эхэлнэ. Тиймээс Хөгжлийн банкны, “Чингис”, “Самурай”, “Дим сам” болон энэ онд гаргасан бондын төлбөр буюу зардлаа нэг талд нь жагсаагаад, нөгөө талд нь хөрөнгө оруулалт, экспорт, валютын нөөцөө нэмж, жинлэж үзэх хэрэгтэй. Гарах урсгал орлогоосоо илүү байвал нэмж өр тавихаас өөр арга байхгүй.

Өөрөөр хэлбэл, урсгал тэнцлийн орлого болон валютын нөөц, нөгөө талд урсгал тэнцлийн зарлага болон өрийн төлбөрийн зөрүүг тодорхойлох хэрэгтэй. Үүнийг сайн тооцохгүй бол бид алсдаа дампуурна. Ингэснээр ханш огцом өсөж, нэг ам.доллар 5000, 10.000 төгрөгтэй тэнцэнэ.

-Урсгал тэнцэл болон төсөв алдагдалтай байгаа үед нэмж зээл авахаас өөр аргагүй. Энэ тохиолдолд бондуудын хугацааг сунгах боломж бий юү?

-Өмнөх бондын төлбөрөө хааж байж дахин зээл авна.

-Зарим эдийн засагч Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг авах хэрэгтэй гэж байна.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Ингэснээр импорт өснө. Зэсийн үнэ унаж буй учир экспорт буурах болов уу. Үүний үр дүнд урсгал тэнцлийн алдагдал улам бүр нэмэгдэнэ. Харин манай улсын төсөв байнга алдагдалтай явж ирлээ. Мөн экспорт энэ жил 600 сая ам.доллароор буурч магадгүй. Ийм шалтгаанаас болж манай эдийн засаг энэ онд нэг хувиар агших болов уу гэж бодож байна. Энэ бол эдийн засгийн муу бодлого хэрэгжүүлсний л үр дүн.

Н.САНЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД