Шинэ боломж буюу ГЭР БҮЛИЙН МОРГЭЙЖ

2016 оны 04 сарын 08

Батаа, Цэнгүүн, Элбэгээ гурав их сургуулийн нэг ангийн найзууд. Тэд сургуулиа хоёр жилийн өмнө төгссөн. Гурван найз төгсөлтийн баярынхаа үеэр нэгэндээ амлаж байсан ажил, тогтмол орлоготой болно гэсэн үгэндээ хүрчээ. Одоо тэдний өмнө өрх тусгаарлаж, өөрийн гэсэн байр сууцтай болох дараагийн даваа бий. Батаа их сургуулийн хоёрдугаар курсэд байхаасаа ангийнхаа охинтой үерхэж дотносон, хүүтэй болжээ. Батаа эхнэр, хүүтэйгээ аавындаа толгой хоргоддог тул орон сууцны зээл авч, тусдаа гарахыг ихэд хүснэ. Ингээд залуу хос орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувиа өөрсдөө цуглуулахаар шийдэв.

Тэдний цалин нийлээд 1.4 сая орчим болно. Батаа өөрийнхөө цалинг хадгалж, эхнэрийнхээрээ амьдрал ахуйгаа залгуулахаар тохирчээ. Мөн нэгэнт урт хугацаатай зээл авч буй тул хоёр өрөө шинэ байртай болохоор шийдэв. Одоогийн ханшаар бол хоёр өрөө 40 ам метр талбайтай орон сууцны урьдчилгаа төлбөрт бараг 24 сая төгрөг цуглуулах шаардлагатай. Гэтэл тэднийх жилд тав орчим сая төгрөг хуримтлуулж чадна. Энэ байдлаараа бол таван жил хүлээж байж орон сууцтай болохоор байна.

Харин өнгөрсөн онд төрөөс Зээлийн батлан даалтын сан байгуулж, иргэдэд орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд дэмжлэг үзүүлнэ гэсэн мэдээлэл гарахад ихэд баярлан хүлээн авсан билээ. Гэвч энэ мэдээлэл тэгсхийгээд замхарсан юм. Тиймээс мөнгөө хуримтлуулж, урьдчилгаа төлбөр бүрдэхийг тэвчээртэй хүлээхээс өөр сонголт Батаад үлдсэнгүй.

Элбэгээ ээжтэйгээ амьдардаг. Тэр нэг компанид жил орчим ажиллаж байгаа тул ипотекийн зээл авах үндсэн шалгуурыг хангана гэж үзэв. Ингээд ээжтэйгээ хамтран зээл авахаар болж, хашаа байшингаа заран, байрны урьдчилгаа төлбөрөө хийхээр шийдсэн байна. Ийнхүү Элбэгээ харилцдаг банкиндаа ханджээ. Гэтэл орон сууцны зээл авахын тулд тухайн байгууллагадаа хоёр жил ажиллаж, нийгмийн даатгал тасралтгүй төлсөн байх шаардлагатай гэсэн хариу авчээ. Үүнээс гадна ээж нь дараа жил тэтгэвэрт гарах тул хамтран зээлдэгч байх боломжгүй гэж банкны эдийн засагч хэлсэн аж.

Харин Цэнгүүнд гэрийнхэн нь урьдчилгаа төлбөр цуглуулж өгсөн. Тэр байраа сонгож, ипотекийн зээл авах гэтэл заавал хамтран зээлдэгчтэй байхаас гадна тэр хүн нь хандсан банкных нь харилцагч байх ёстой гэдэг шалгууртай тулгарсан байна. Цэнгүүн аав, ээжээсээ тусдаа, байр хөлсөлж амьдардаг бөгөөд хаяг нь ч нэг дор биш аж. Гэтэл харилцагч банкны эдийн засагч нь эцэг эхээсээ тусдаа амьдардаг бол тэднийг хамтран зээлдэгчээр тооцохгүй гэжээ.

Батаа, Цэнгүүн, Элбэгээ гуравт тохиолдсон шиг зүйлтэй олон залуу нүүр тулж байгаа. Засгийн газар Монголбанктай хамтран Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд гурван жилийн нүүр үзлээ. Өнгөрсөн хугацаанд 80 шахам мянган өрх энэ хөтөлбөрийн үр шимийг хүртжээ. Гэхдээ цаана нь 204 мянган өрхөд орон сууцтай болох хэрэгцээ байна. Гэвч үүнээс 60 орчим мянга нь л орон сууцны зээлд хамрагдах боломжтой гэсэн судалгаа гарчээ.

Гурван найзын үе тэнгийнхний орон сууцтай болох замд тээглэдэг гол саад нь зээлийн урьдчилгаа төлбөр. Хоёр өрөө байр авахын тулд сард 400-500 мянган төгрөг хуримтлууллаа гэхэд багадаа 5-6 жил хүлээх шаардлагатай. Урьдчилгаа төлбөрийн 20 хувьд хөнгөлөлт үзүүлэх зээлийн батлан даалтын сан байгуулна гэж Засгийн газар олон хүний хулхин дээр цэцэг ургуулсан. Төсвийн орлого буурч, алдагдал өссөн үед жил бүр 200 тэрбум төгрөгийн нэмэлт зарлага гаргах боломж хомс. Тэгвэл зарим эдийн засагч урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх дэмжлэгийг хавтгайруулалгүй, эхний ээлжинд тодорхой зорилтот бүлэг рүү чиглүүлэх нь оновчтой гэж ярьж буй юм.

 

... Батаа, Цэнгүүн, Элбэгээ гуравт тохиолдсон шиг зүйлтэй олон залуу нүүр тулж байгаа. Засгийн газар Монголбанктай хамтран Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд гурван жилийн нүүр үзлээ. Өнгөрсөн хугацаанд 80 шахам мянган өрх энэ хөтөлбөрийн үр шимийг хүртжээ. Гэхдээ цаана нь 204 мянган өрхөд орон сууцтай болох хэрэгцээ байна ...

Тухайлбал, урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж буй залууст дэмжлэг үзүүлэх боломж байж болох юм гэж байв. Хамгийн гол нь дэмжлэг авах хүн урьдчилгаа төлбөрийнхөө тодорхой хэсгийг цуглуулчихсан, арилжааны банкуудын тавьж буй шаардлагыг хангасан байх ёстой. 200 биш 50 тэрбум төгрөгийн хуримтлалтай Зээлийн батлан даалтын сан байгууллаа гэхэд л нэг жилд 2500 хүнд дэм болно. “Мастер пропертис” компанийн захирал Ц.Дашцэрэн “Энэ бол 500 хувийн ашигтай хөрөнгө оруулалт юм. Тиймээс төр батлан даалтын сан байгуулах боломжтой” хэмээн ярьж байв.

Үүнээс гадна түрээсэлсэн орон сууцаа тодорхой хугацааны дараа зээлээр авах боломжийг зарим орнууд иргэддээ олгож байна. Барилга, хот байгуулалтын яамныхан ч энэ талаар судалж байсан. Түрээсийн орон сууцанд орсон залуу гэр бүл сар бүр 500 мянган төгрөг төлнө. Үүнээс 200 мянга нь түрээсийн төлбөрт, 300 мянга нь орон сууцны урьдчилгаа байдлаар хуримтлагдах юм. Ийнхүү сар бүр 300 мянган төгрөг хуримтлуулсаар таван жилийн дараа гэхэд 18 сая төгрөг цуглуулж дөнгөнө. Ингээд таван жил түрээсэлсэн орон сууцаа ипотекийн зээлээр авах боломж нээгдэх юм.

Орон сууцны таван хувийн хүүтэй зээлийг өнгөрсөн сарын 15-наас олгож эхэлсэн. Монголбанкны мэдээгээр 20 гаруй хоногт 445 хүн таван хувийн хүүтэй зээл авчээ. Энэ нь төдийлөн их тоо биш юм. Учир нь таван хувийн хүүтэй зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлт, нийслэлийн алслагдсан дүүргүүд болон шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутагт баригдсан орон сууц худалдан авахад олгож буй. Харин энэ бүсэд орон сууцны нийлүүлэлт бага байгаа учир эрэлт бий ч борлуулалт төдийлөн өсөхгүй байгаа аж.

“Актив зууч” компанийн захирал Б.Янжиндулам “Таван хувийн хүүтэй зээл олгох сургаар орон сууцны зах зээлд хүлээлт үүсээд байсан. Гэхдээ өнгөрсөн сараас зээл олгож эхэлсэн ч олон хүн хамрагдаагүй байна” хэмээн ярив. Урьдчилгаа төлбөрөө төлөх боломжтой иргэд өнгөрсөн гурван жилд зээл авч, орон байрандаа орсон. Таван хувийн хүүтэй зээл авахад тодорхой бүс заасан учир одоогоор төдий л олон хүн хамрагдахгүй байгаа аж. Тиймээс энэ зах зээлийн эрэлтийг дэмжихийн тулд төр дараагийн хөзрөө дэлгэх хэрэгтэй гэнэ. Б.Янжиндулам “Манайх олон улсын жишгийг дагаад моргэйжийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулахад анхаарч байгаа. Гэтэл иргэд арилжааны банкуудын тавьж буй шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй байна.

Зарим банк тухайн зээлдэгч аав, ээжээсээ тусдаа амьдардаг бол тэднийг нь хамтран зээлдэгчид тооцдоггүй. Харин хамт амьдардаг бол орлогынх нь 30, эсвэл 50 хувийг л тооцох боломжтой гэдэг. Үүнээс болж олон хүн орон сууцтай болж чадахгүй байгаа юм. Гадаадын орнуудад моргэйжийн зээлийн олон төрлийг нэвтрүүлсэн байдаг. Тухайлбал, гэр бүлийн моргэйж байж болно. Аав, ээж, ах, дүүтэйгээ нийлээд нэгийгээ моргэйжид хамруулдаг хэлбэр шүү дээ. Манайд хандаж буй иргэдийн талаас илүү нь гэр бүл дундаа нэг байр авах хүсэлтэй байна” хэмээн ярив.

Мөн гадаадын орнуудад хөрөнгө оруулалтын моргэйжийн төрөл байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хоёр найз зээлийн урьдчилгаа төлбөрөө дундаасаа босгоод, хоёр өрөө орон сууцанд хөрөнгө оруулах боломжтой. Ингээд байрны гэрчилгээнд хоёулангийнх нь нэр бичигдэх бөгөөд зээлээ ч хувааж төлнө. Одоогоор манай улсад ийм хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа аж. Ямартай ч иргэдэд энэ мэт хэлбэрийг санал болговол орон сууцны зээлд хамрагдах боломжтой хүн олон байгааг энэ зах зээлд оролцогчид хэлж байна.

Арилжааны банкууд зээлдэгчид тавих шалгуураа өндөрсгөсөөр байна. Одоо энэ өндөр босгыг давах хүн тун цөөн байгаа аж. Тухайлбал, зээлдэгч болон хамтрагч нь хоёул тухайн банкны харилцагч байх зэрэг нарийн шаардлага тавьдаг болжээ. Эдийн засаг хүндэрсэн учир арилжааны банкууд эрсдэлээ тооцож, зээлийн босгоо нэмж байна. Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ өдий хүртэл олгосон 3.4 их наяд төгрөгийн орон сууцны зээлийн 98.2 хувь нь сайн зээл байгаа. Орлого нь багассан ч иргэд хамгийн түрүүнд орон сууцны зээлээ төлдөг. Тиймээс энэ салбарыг хөдөлгөөнд оруулж, эрэлтийг дэмжих дараагийн ажлаа эхлэх хэрэгтэй аж.

Н.САНЖААСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.23.97 Ah duugeeree niilj bair avahiig ch demjih heregtei.bairand orson l bol ali boloh toloj duusahiig husehees aldahiig husehgui shu dee
103.10.23.97 Bair awahad hamgiin hund ni 30.20 huv shu de.bairand orno gesen ail olon bgaa.er ni bol uridchilaa 0 boloh estoi .
103.10.20.80 Байр авахад хамгийн том хүндрэл нь 30% н урьдчилгаа л байгаа. Иймд тодорхой хувийг төрөөс батлан даах эсвэл урьдчилгааны хувийг бууруулвал ард иргэд, барилгынхандаа ч хэрэгтэй
103.10.20.80 Байр авахад хамгийн том хүндрэл нь 30% н урьдчилгаа л байгаа. Иймд тодорхой хувийг төрөөс батлан даах эсвэл урьдчилгааны хувийг бууруулвал ард иргэд, барилгынхандаа ч хэрэгтэй
103.10.20.80 Байр авахад хамгийн том хүндрэл нь 30% н урьдчилгаа л байгаа. Иймд тодорхой хувийг төрөөс батлан даах эсвэл урьдчилгааны хувийг бууруулвал ард иргэд, барилгынхандаа ч хэрэгтэй
103.10.20.80 Байр авахад хамгийн том хүндрэл нь 30% н урьдчилгаа л байгаа. Иймд тодорхой хувийг төрөөс батлан даах эсвэл урьдчилгааны хувийг бууруулвал ард иргэд, барилгынхандаа ч хэрэгтэй
27.123.214.102 Mkv chuluulj tuviin bvsee 5%-8%oruulj uguuchee 90mkv orson alich hungulultud hamarsangui 1”,6% tulultei mash hvnd bolloo yah we
27.123.214.114 U
202.9.41.92 Hudal sudalgaagaaraa huurhii Barilgiinhniig hulhidahaasaa icheech. 60.000 hun hudaldan awalt bitgii hel 6000 hun ch alga
150.129.143.242 yamar muuhai oilgomjgui bichdeg gar ve,minii uruusun duguinuud ih l baigaa baih da
104.228.158.165 bair avahguigeer BARILGIINHANIIG DAMPUURUULAH HEREGTEI.