Д.Хүрэлчулуун: 5000 гаруй иргэн, аж ахуйн нэгж ТАЙЛАНГАА ИРҮҮЛСЭН

2015 оны 12 сарын 14

Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Хүрэлчулуунтай Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн талаар ярилцлаа.

-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд татварын байгууллага хэрхэн оролцож байна вэ?

-ТЕГ, НДЕГ, ГЕГ, УБЕГ, Сангийн яам гэсэн төрийн таван байгууллага энэ хуулийг хэрэгжүүлэхэд оролцож байна. Үүнээс Татварын ерөнхий газар голлох үүрэгтэй ажиллаж байгаа.

Өөрөөр хэлбэл, бусад байгууллагад ирсэн мэдээллийг нэгтгэж, хөрөнгө орлого ил болгох, сургалт, сурталчилгаатай холбоотой цахим хуудсыг манай байгууллага ажиллуулж буй юм.

-Хууль хэрэгжих хугацаа дуусах дөхөж байна. Одоогийн байдлаар хэчнээн иргэн, аж ахуйн нэгж хөрөнгө, орлогоо ил болгосон бэ?

-Хуулийн хугацаа дуусахад 20 хүрэхгүй хоног үлдлээ. Өнгөрсөн сард иргэн, аж ахуйн нэгжүүдийн идэвх сул байсан. Энэ сар гарснаас хойш ирүүлсэн тайлангийн тоо нэмэгдэж байгаа.

Татварын байгууллага өнгөрсөн хугацаанд 5000 гаруй тайлан хүлээн авсан. Тиймээс хууль хэрэгжих хугацаа дуусах дөхсөн үед хэт олон иргэн, аж ахуйн нэгж манай цахим хуудаст хандвал систем ачааллаа даахгүй байх магадлалтай.

Ийм тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжүүд тайлангаа харьяа дүүргийнхээ татварын хэлтэст цаасаар өгөх хэрэгтэй. Арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш нэг ч тайлан хүлээн авахгүй. Тиймээс улсаас олгосон энэ боломжийг ашиглах хэрэгтэй.

Мөн одоогоор ихэвчлэн хуулийн этгээд буюу компаниуд хандаж байна. Иргэд энэ хуулийн талаар мэдээлэл багатай байх шиг байна. Хувь хүмүүс цэнхэр дэвтэр авч татварын албанд орлогоо бүртгүүлдэг.

Гэтэл тайлангаа ирүүлээгүй татвар төлөгч маш олон байна. Энэ хүмүүс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг ашиглан өмнөх үйл ажиллагаанд нь ногдох татвар, алданги, торгуулиас чөлөөлөгдөх боломж бий.

Иргэд хувиараа бизнес эрхлэх, өөрийн эзэмшлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө нэг байгууллагад түрээслүүлсэн орлогоо суутгахгүйгээр цэнхэр дэвтэр дээрээ бичүүлж авах тохиолдол байдаг.

Эдгээр иргэний мэдээлэл татварын албанд ирдэг. Тэд орлогоо татварын албанд тайлагнаж, татвараа төлөх ёстой байтал төлдөггүй. Тиймээс энэ хуульд хамрагдах хэрэгтэй. Хувь хүн, хуулийн этгээд хууль хэрэгжих хугацаанд тайлангаа өгөөгүй нөхцөлд дахин ийм боломж олдохгүй.

Тухайлбал, хувь хүн хоёр гурван жилийн хугацаанд гаалиар бараа оруулж ирж борлуулсан хэрнээ татвараа төлөөгүй байдаг. Харин мэдээлэл нь татварын байгууллагад ирдэг. Ингээд алданги, торгууль ногдуулах боломжтой.

-Алданги, торгуулийн хэмжээ ямар байдаг вэ?

-Ашгийнхаа 10 хувиар татвар төлдөг бол алданги, торгуультайгаа нийлээд 18 хувь болно.

-Иргэн, аж ахуйн нэгжийн гаргасан тайлан хаа нэгтээ ил болчих вий гэсэн болгоомжлол байгаа нь хөрөнгө, орлогоо мэдүүлэхэд нь нөлөөлж байна гэсэн. Энэ хандлага нь өөрчлөгдөж байна уу?

-Хувь хүн, хуулийн этгээдийн ирүүлсэн тайлан, мэдүүлсэн орлого, хөрөнгө, үйл ажиллагааны талаарх мэдээллийг нууцална гэж заасан нь энэ хуулийн давуу тал юм. Мөн тайлан, хөрөнгө, үйл ажиллагааг шалгах, нотлох баримт болгон ашиглах, гүйцэтгэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байгаа.

Тиймээс энэ хуулийг ашиглаж нуусан орлого, үйл ажиллагаагаа ил болгох хэрэгтэй. Татварын албаны хувьд тусгай сургалтад хамрагдсан, нууцын баталгаа гаргасан байцаагч нар ажиллаж байгаа.

Мөн энэ хуулийн дагуу ирүүлж буй бүх тайлан, мэдээлэл арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болж, нууцлалын дардас дараад, архивт шилжүүлнэ.

Татварын албанд ч мэдээлэл нь үлдэхгүй. Тиймээс иргэд үүнээс болгоомжлох хэрэггүй.

-Иргэн, аж ахуйн нэгжийн гаргасан тайланг ил болгох нөхцөл бий юү?

-Хувь хүн, хуулийн этгээд шүүхэд өөрийнх нь талд шийдвэр гаргах боломжтой болсон үед хүсвэл тайлангаа ил болгож болно.

Тухайн хувь хүн өөрөө хүсээгүй тохиолдолд тайланг нь ил болгох боломжгүй. Тухайлбал, 2008 онд батлагдсан Татварын өршөөлийн хуулийн хүрээнд ил болгосон тайлан одоо хүртэл нууц хэвээр байгаа.

-Хууль хэрэгжүүлэхэд ямар саад гарч байна вэ?

-Хууль хэрэгжүүлэхэд гарах хүндрэл бага байна. Гэхдээ иргэд орлогоо санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайландаа хэрхэн тусгахаа сайн мэдэхгүйгээс хугацаа алдах зүйл гарч байх шиг байна.

-Нуусан татварын орлогоо ил болгохыг хүссэн хүн эхлээд хаана хандах вэ?

-Хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлогоо ил болгоё гэж буй бол харьяа дүүргийнхээ татварын албанд хандаж татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Дараа нь манай цахим хуудаст нэвтрэх нууц үгээ авна.

Ингээд цахим хуудсаар дамжуулан татварын тайлангаа илгээнэ. Дахин баримт бүрдүүлэх, санхүүгийн баримтуудыг нягтлах гэх мэт асуудал үүсэхгүй.

Хамгийн гол нь 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө олсон орлогыг тайлагнаагүй бол мэдүүлэх хэрэгтэй.

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх НӨАТ-ын шинэ хуультэй хэрхэн уялдаж байгаа вэ?

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь ижил гараанаас эхлэх боломжийг олгож буй юм. Үүнээс хойш иргэн, хуулийн этгээд хөрөнгө, орлогоо үнэн зөв тодорхойлж, татвараа төлөн, өмнө нь тайлангаа буруу гаргасан бол цэгцэлж байна.

Аж ахуйн нэгжийн орлогын, нэмэгдсэн өртгийн, хувь хүний орлогын, үл хөдлөх хөрөнгийн, онцгой албан татвар зэрэгт энэ хууль үйлчилнэ. Үүнээс хойш бүх орлогоо зөвөөр тайлагнах боломжийг нь олгож байна.

Мөн НӨАТ-ын шинэ хууль ирэх оноос хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор иргэд буюу эцсийн хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг НӨАТ орсон үнээр худалдан авсан бол татварынх нь 20 хүртэлх хувийг буцаан олгохоор болсон.

Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж худалдан авагчдад баримт гаргаж өгөх шаардлагатай болж байгаа. Мөн дээрх мэдээлэлд үндэслэн татварын тайлангаа үнэн зөв гаргах хэрэгтэй.

Татварын алба ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэн, хуулийн этгээдийг 100 хувь татварт хамруулах зорилготой байгаа. Өөрөөр хэлбэл, татварын албанд иргэн, аж ахуйн нэгжийн талаарх бүх мэдээлэл ирдэг учраас татвараа үнэн зөв төлөх хэрэгтэй гэж анхааруулмаар байна.

Н.САНЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД