Я.БЯМБАДОРЖ: Төмрийн хүдрийг эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортод гаргана

2015 оны 12 сарын 10

“Бэрэн” группийн ерөнхий инженер Я.Бямбадоржтой ган боловсруулах үйлдвэрийн төслийнх нь талаар ярилцлаа.

-Танай компани Орхон аймагт ган боловсруулах үйлдвэр барихаар ажиллаж байна. Гангийн үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ?

-“Бэрэн” групп Орхон аймгийн Баян-Өндөр суманд жилд 200 мянган тн ган үйлдвэрлэх төслийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Одоогоор барилгын ажлын явц 70 хувьтай байгаа.

Энэ үйлдвэр нь ширэм үйлдвэрлэх, ган боловсруулах, цутгах, ган бөмбөлөг, барилгын арматур цувих гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Манай үйлдвэрийн эхний хэсэг өнгөрсөн онд ашиглалтад орж төмрийн хүдэр гүн боловсруулан Монголд анх удаа ширэм гаргаж авсан.

Энэ жилийн хувьд барилгын суурь болон ган хайлах цех, тоног төхөөрөмж угсрах зэрэг ажлыг хийж байгаа. Ирэх оны тав, зургадугаар сарын үед ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

-Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын гангийн хэрэглээний хэдэн хувийг танайх дангаараа хангах тооцоо байгаа бол?

-Манай улс жилд 500 мянган тн ган бүтээгдэхүүн хэрэглэдэг. Ойрын жилүүдэд энэ нь 800 мянгаас нэг сая тн-д хүрнэ гэсэн судалгаа бий. Тиймээс Орхон аймагт барьж буй энэ үйлдвэр дотоодын гангийн хэрэглээний 30 орчим хувийг нийлүүлнэ.

-Боловсруулах үйлдвэр ямар технологитой вэ?

-Технологийн хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй адилхан. Мөн зарим давуу тал бий. Тухайлбал, төмрийн хүдэр боловсруулаад ширэм үйлдвэрлэж байгаа.

Үүнийгээ хүчилтөрөгчийн аргаар боловсруулж ган гаргаж авна. Үндсэн тоног төхөөрөмжүүдээ Япон улсаас нийлүүлж буй юм.

-Танай үйлдвэрлэх арматур импортын бүтээгдэхүүнээс хямд байж чадах уу?

-Импортын арматуртай ойролцоо үнэтэй байна гэж төлөвлөсөн. Одоогоор барилгын арматурын үнэ буурч байна. Бид эх орныхоо түүхий эдийг ашиглаж буй учраас цаашид үнэ буурах бүрэн боломжтой гэж хардаг.

-Нүүрс, төмрийн хүдрийн үнэ унаж байна. Олборлогч компаниудын үйл ажиллагаа хумигдлаа. Гангийн шинэ үйлдвэр ашиглалтад орсноор энэ компаниудын үйл ажиллагааг ч давхар дэмжиж байна.

-Тийм. Энэ үйлдвэрийн үндсэн түүхий эд нь төмрийн хүдэр, баяжмал юм. Манай улс жилд зургаан сая орчим төмрийн хүдэр экспортолж байсан.

Энэ үйлдвэр ашиглалтад орсноор жилд 400-500 мянган тн төмрийн хүдэр дотоодын олборлогчдоос худалдан авч бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

-Гангийн үйлдвэр хэдий хэмжээний өртгөөр босож байна вэ?

-ТЭЗҮ-д зааснаар 70 сая ам.доллараар барих тооцоо бий. Одоогоор нийт хөрөнгийн дийлэнхийг зарцуулаад байна.

-Оруулсан хөрөнгөө хэдий хугацаанд нөхнө гэж төлөвлөж байгаа вэ. Энэ хэмжээний хөрөнгийг яаж босгов?

-Нийт хөрөнгийн 30 орчим хувийг манай компани гаргасан. Мөн “Чингис” бондын хөрөнгөөс 22 сая ам.долларын зээл авсан. Үлдсэн хэсгийг нь банк санхүүгийн байгууллагаас зээлсэн.

-Үйлдвэр ашиглалтад орсноор хэдэн хүн ажлын байртай болох вэ?

-Одоо ширэмний үйлдвэрийн нэг шугам ашиглалтад ороод байна. Энд 160 хүн ажиллаж байна. Үйлдвэр бүхлээрээ ашиглалтад орсноор нийт 600 орчим ажлын байр бий болно.

-Түүхий эдийн үнэ унаж буй нь үйлдвэрлэл эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа байх, тийм үү?

-Тийм. Түүхий эдийн үнэ хямдарч буй нь бүтээгдэхүүний өртөгт шууд нөлөөлж байгаа. Өмнө нь түүхий эдээ 100 орчим ам.доллараар худалдан авдаг байсан бол одоо хоёр дахин хямдарсан.

Тиймээс бид зах зээлийн энэ үеийг ашиглаад бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлье, технологийн туршилт судалгаагаа сайн хийе гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Танай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг импортынхтой харьцуулбал чанар хэр байх бол.

-Манай үйлдвэрийн технологи Япон улсынх. Олон үйлдвэрт ашиглаж буй технологи учир бүтээгдэхүүний чанар сайн байх юм.

-Үйлдвэрийн байршлыг Орхон аймагт сонгосон нь дэд бүтэцтэй холбоотой юу?

-Гангийн үйлдвэр барихад цахилгаан болон усан хангамж, түүхий эдийн байршил, хүний нөөц зэрэг асуудлаа сайн шийдэж байж ашигтай ажиллах боломжтой.

Түүхий эдээ бага зардлаар ойроос татах, ажиллах хүчний чадвар сайн байх хэрэгтэй гэх мэтчлэн шаардлага бий.

Орхон аймгийн цахилгаан хангамжийн систем сайн. ОХУ-ын эрчим хүчний системд холбогдсон, мөн удахгүй Эгийн голын цахилгаан станцыг энд барих гэж байна.

-Сүүлийн жилүүдэд төмрийн хэрэглээ барилгын салбарт нэлээд өслөө. Үүнээс гадна аль салбарын хэрэглээ нэмэгдэж байна вэ?

-Барилгын салбарт төрөл бүрийн металл хийц үйлдвэрлэж байна. Мөн уул уурхайн салбарт ган бөмбөлгөөс эхлээд төмрийн хэрэглээ өндөр. Сүүлийн үед эрчим хүчний салбарын төмрийн хэрэглээ өсөх хандлагатай байна.

Тухайлбал, цахилгаан дамжуулах агаарын шугамыг металл хийцээр хийдэг. Мөн зам барилгын гүүр барихад төмрийн хэрэглээ их.

-Танай компани цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Бид Монголын тэргүүлэх зэргийн ган үйлдвэрлэгч болох зорилготой. Төмрийн хүдрийг эцсийн бүтээгдэхүүн болгож экспортод гаргах төлөвлөгөө бий.

Тухайлбал, барилгын арматур зэргээс гадна өндөр чанартай, машин үйлдвэрлэлд зориулсан ган бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд анхаарч байна.

Манай улс дотооддоо машин үйлдвэрлэдэггүй ч гадаадын томоохон үйлдвэрлэгчдэд их хэмжээний, өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой.

Н.САНЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.41.102 Улсаас бүтээн байгуулалтын ийм хөтөлбрүүдийг дэмжих хэрэгтэй шүү. Амжилт хүсье.