ДЭЛХИЙ АЗИД ТӨВЛӨРӨХ НЬ. БИД ҮҮНД БЭЛЭН ҮҮ

2015 оны 12 сарын 09

АНУ-ын “McKinsey Global Institute”-ийн хоёр жилийн өмнө хийсэн судалгаанд дэлхийн хөдөлмөрийн зах зээлд 2020 он гэхэд өндөр боловсролтой 38-40, техникийн боловсролтой 45 сая хүн дутагдана хэмээн дурджээ.

Харин бага боловсролтой 95 сая ажиллах хүчний илүүдэл бий болох гэнэ. Өөрөөр хэлбэл, бага боловсролтой ажиллах хүчний эрэлт энэ зах зээлд эрчимтэй хумигдаж буй бөгөөд цаашид улам бүр багасах бололтой.

1970 оны үед дунд боловсролтой хүн дээд сургууль төгссөн хүнтэй адил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан бол үүнээс хойш техник, технологи хөгжин, илүү боловсронгуй болж 1990 он гэхэд тэдэнд гэрийн ажлаас өөрийг хийх боломж олдохоо байж буй талаар уг судалгаанд дурджээ.

Технологи хөгжихийн хэрээр ажиллагсдаас илүү мэдлэг, боловсрол, бүтээмжийг шаардаж болсон нь энэ аж. Судалгааны өөр нэгэн сонирхолтой дүн байна.

АНУ-ын “High scope” судалгааны байгууллагынхан багаасаа чанартай сургуульд суралцан, чадварлаг багшаар хичээл заалгасан болон ийм боловсрол эзэмшиж чадаагүй хоёр бүлэг хүүхдүүдийн амьдралыг 40 жилийн хугацаанд судалжээ.

Үр дүнд нь тэдний амьдралын түвшин нэлээд зөрүүтэй байсан гэнэ. Тухайлбал, багаасаа чанартай боловсрол эзэмшсэн хүмүүс дунджаар 21.000 ам.долларын цалин авч байхад жирийн сургуульд суралцсан хүүхдүүдийнх үүнээс 5-6 мянган ам.доллараар доогуур байжээ. Энэ мэтчлэн тэдний орлогоос эхлээд амьдралын түвшин, байр сууц гээд бүгд их зөрүүтэй болсон байсан гэнэ.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн боловсролын салбарын менежер Харри Патринос өнгөрсөн сард Монголд уншсан “Боловсролын эдийн засаг ба үр өгөөж” лекцийн үеэр “Хүний боловсролын түвшин дээшлэхийн хэрээр бүтээмж, орлого нь нэмэгддэг.

Харин өндөр боловсрол эзэмшиж чадаагүй бол нас ахих тусам орлого, бүтээмж нь буурсаар байдаг. Ерөнхий болон дээд боловсролтой хүмүүсийн цалин орлого, бүтээмжийн ялгаа нэмэгдсээр байна” гэлээ.

Гэхдээ дэлхийн улс орнуудад боловсролд оруулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх тусам нийт өгөөж нь буурах хандлага ажиглагдах болсон гэнэ. Харин хөгжиж буй орнуудын хувьд эсрэгээрээ буюу хүний суралцах хугацаа, боловсролд оруулж буй хөрөнгө нь өсөхийн хэрээр цалин сайжирч, орлого олох боломж нь нэмэгдэх болжээ.

Ингэхдээ эрэгтэйг бодвол эмэгтэй хүмүүсийн дундаж орлого, бүтээмжийн хэмжээ ялимгүй өндөр байгаа аж. Харри Патриносын судалгаагаар хувь хүний боловсролын өгөөж нь 10 хувь байгаа гэнэ.

Манай улсад боловсролд оруулсан хөрөнгө оруулалт эзэнд нь ямар өгөөж үзүүлж буйг харах тооцоо судалгаа одоогоор байхгүй байна. Тэр ч бүү хэл дээд боловсрол эзэмшсэн хэрнээ бага, дунд боловсролтой хүмүүстэй адил, эсвэл бага цалин авдаг тохиолдол бий.

Үүнийг Их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөртэй холбон БСШУЯ-ны мэргэжилтэн тайлбарлаж буй юм. Өмнөх нийгмийн үед оюутнууд их, дээд сургуульд үнэгүй суралцдаг байсан. Нийгэм солигдсоноос хойш оюутны сургалтын төлбөрийг төрөөс даах боломжгүй болж, зах зээлийнхээ жамаар хөгжиж эхэлсэн.

Их, дээд сургуулиуд бие даан хөгжих болж олон оюутан татаж, их мөнгө олохын тулд мэргэжлийн чиглэлүүдийг задалж ирсэн байдаг. Тухайлбал, зөвхөн менежментийн чиглэлийг гэхэд 20 хуваасан аж.

Менежментийн чиглэлээр суралцсан оюутан ямар ч чиглэлийн компанид менежер хийх боломжтой байхад аялал жуулчлалын менежмент, чөлөөт цагийн менежмент зэрэг мэргэжлийн шинэ чиглэл бий болгосон байдаг.

Гэтэл аялал жуулчлалын менежментийн чиглэлээр суралцсан оюутан жуулчны бааз, аялал жуулчлалын компани зэрэг цөөн байгууллагад ажиллахаас өөр сонголтгүй аж. Манай их, дээд сургуулиуд нэг мэргэжлийг 20 хуваасан нь мэргэжлийн үнэ цэнийг бууруулдаг байв.

Мөн энэ хүрээнд манай зарим их, дээд сургууль дэлхийд байхгүй мэргэжил зохион оюутан элсүүлж байсан тохиолдол ч гарсан байна. Дэлхийд дунджаар 200 орчим мэргэжлийн чиглэл байдаг бол манай улсад 800 хүрч байжээ.

Харин 2014 оноос энэ олон мэргэжлийн чиглэлийг цөөлж 817 мэргэжлийг 181 хөтөлбөр болгосон юм. Үүнээс үүдэн хөтөлбөрийн чанар сайжирч буй гэнэ. БСШУЯ-ны гол зорилго нь боловсролын чанарыг дээшлүүлэхэд чиглэж буй бөгөөд энэ хүрээнд олон чухал өөрчлөлт хийж буй гэв.

Япон улсын ДНБ 1960 онд 44.3 тэрбум ам.доллар байсан бол боловсролын салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийснээр 125 дахин өсгөж чадсан аж. Үүнтэй адил дайны дараах БНСУ тухайн үед ердөө гурван тэрбум ам.долларын ДНБ-тэй байсан бол 50 жилд 365 дахин нэмэгдсэн байдаг.

1960 онд БНСУ болон Бразил улсын хөгжил бараг нэг гараанаас эхэлсэн гэдэг. Харин 2000 он гэхэд Бразилийн нэг хүнд ногдох ДНБ 3500, БНСУ-ынх 15.000 ам.доллар болжээ.

Судлаачид Бразил улс баялгийн хөрөнгө оруулалтаас шалтгаалан эдийн засаг нь өссөн гэж тайлбарлаж буй бол БНСУ боловсролын салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийсэн нь өнөөгийн хөгжлийн гол суурь болсон гэдэг.

Өөрөөр хэлбэл, улс орны судалгаа, хөгжилд зарцуулсан хөрөнгө урт хугацаанд 15 дахин өсөж, өгөөжөө үзүүлдэг аж. Тиймээс өндөр хөгжсөн улс орнууд орлогынхоо тодорхой хувийг судалгаа, хөгжилд зарцуулж байдаг бөгөөд энэ нь эргээд үр ашгаа өгдөг гэнэ.

Дэлхийн томоохон компаниуд ч ашгийнхаа 10- 30 хувийг судалгаа, хөгжлийн ажилд зарцуулдаг гэсэн тоо бий. Тэд ингэж байж удаан хугацаанд оршин тогтнох бат бөх сууриа бэлддэг аж.

Манай улсад боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн үед нэмэгдэж байна гэдэг сайн мэдээ бий. Тухайлбал, өнгөрсөн жилийн байдлаар их засвар, сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт гурав, тоног төхөөрөмжийнх 20 дахин өссөн байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургуулиудын сургалт, судалгааны дэд бүтцийг сайжруулах зорилгоор 20 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.

Үр дүнд нь МУИС, ШУТИС зэрэг сургуулийг дэлхийн шилдэг хүрээлэнгүүдэд байдаг лабораториор тохижуулжээ.

2050 он гэхэд дэлхийн эдийн засаг 380 их наяд ам.долларт хүрэх бөгөөд үүний 50 хувь нь Азид төвлөрөх тооцоо бий. Эндээс манай улс өгөөж хүртэх боломжтой. Үүний тулд боловсролын салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэж эдийн засагчид ярьж байна.

Н.САНЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.5.196.113 Дэлхий Азид төвлөрөх тэр үед Монгол улсад Шинжлэх Ухааны Хот байгуулагдсан байх бөгөөд энэ хотын Их сургуулиудад дэлхийн шилдэг оюутнууд, профессорууд ажиллаж суралцаж байх болно.