ЭДИЙН ЗАСГИЙН “ХОРТ ХАВДАР” газар авах вий

2015 оны 12 сарын 07

Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар чанаргүй зээлийн хэмжээ 855.5 тэрбум төгрөгт хүрч, арилжааны банкуудын олгосон нийт зээлийн 7.2 хувийг эзэлж байв. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 41 хувиар өссөн үзүүлэлт юм.

Монголын банкны холбооныхны үзэж буйгаар зээлийн чанар цаашид ч муудах бөгөөд оны эцэс гэхэд 10 хувиас ч давж магадгүй гэнэ. Энэ нь 2008-2009 оны санхүү, эдийн засгийн хямралаас хойших өндөр үзүүлэлт юм.

Тухайн үед банкуудын олгосон зээлийн чанар эрс муудан 17-18 хувьд хүрч байсан бөгөөд “Анод” банк дампуурснаас эхлээд санхүүгийн системд сөрөг үзэгдлүүд гарч байв.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар уул уурхайн салбар нийт зээлийн 24.2, худалдааных 10.3, боловсруулах 6.7, ХАА болон ойн аж ахуй 6.1, барилга 5.2, үл хөдлөх хөрөнгө 1.4 хувийг тус тус эзэлж байна.

СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Чанаргүй зээлийн хэмжээ цаашид нэмэгдэх хандлагатай байна” гэж таамаглаж буй гэнэ.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ӨСӨХ НЬ ЮУНД ХҮРГЭХ ВЭ

Манай улсын санхүүгийн зах зээлийн 90-ээс дээш хувийг банкны салбар дангаараа эзэлж байна. Тиймээс банкны салбарын үзүүлэлтүүд манай улсын санхүүгийн системийг илэрхийлэх гол индикатор нь болдог гэж эдийн засагчид үздэг.

Өөрөөр хэлбэл, банкны салбарт хүндрэл гарвал манай эдийн засаг бүхэлдээ эрсдэлд орно гэсэн үг. Тийм ч учраас гадаад, дотоодын шинжээчид энэ салбарын үзүүлэлтүүд, тэр дундаа зээлийн чанарт нэлээд ач холбогдол өгдөг аж. Зээлийн чанар муудахын хэрээр банкууд зээлээ хумьж эхэлнэ.


Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс гурван хувиар буурсан дүнтэй байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжил сул манай оронд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө босгох ганц зам нь банкны зээл.

Гэтэл арилжааны банкууд зээлээ хумиад эхлэхээр олон компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй болж, улмаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Эдийн засаг хумигдахын хэрээр ажлын байр багасаж, иргэдийн орлого буурна. Улмаар иргэдийн худалдан авах хэмжээ буюу хэрэглээ ч хумигдах юм.

Өөрөөр хэлбэл, чанаргүй зээл бол эдийн засаг дахь “хорт хавдар”-тай л адил зүйл аж. Хавдрыг эхэн үед нь илрүүлж, шалтгааныг нь зөв оношилж чадвал эмчлэх боломж бий.

Харин нэгэнт оройтсон үед нь оношилбол эдгэрэх найдлага тун бага. Үүнтэй адил чанаргүй зээлийн өсөлтийн эсрэг зөв бодлого хэрэгжүүлж чадвал энэ нь тийм ч эмээх зүйл биш аж.

Гэтэл даарин дээр давс гэгчээр эдийн засгийн өсөлт саарч, идэвхжил нь суларч байхад мөнгөний болон төсвийн бодлогоор эдийн засгаа дэмжих боломж хомс байгаа нь байдлыг улам хүндрүүлж магадгүй гэж зарим эдийн засагч үзэж буй юм.

Тухайлбал, УИХ ирэх оны төсвийг батлахдаа хөрөнгө оруулалтын шинэ төсөл бараг тусгаагүй. Төвбанкны хувьд шинэ тэнцвэрийн бодлогоо танилцуулж, УИХ төсвийг алдагдалгүй баталбал мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх орон зай гарч, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар хувийн хэвшлийнхнийг дэмжих боломж бий гэж мэдэгдэж байсан.

Гэвч эцсийн дүнд төсвийн алдагдал 940 тэрбум төгрөг байхаар батлагдсан. МУИС-ийн багш, доктор Л.Оюун “Эдийн засгийн өсөлт саарч буй энэ үед Төвбанк зөөлөн бодлого хэрэгжүүлэх замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй.


Дэлхийн олон орон сульдсан эдийн засгаа ингэж л хөл дээр нь босгодог. Манайд мөнгөний хатуу бодлого хэрэгжиж, төсөв хумигдах нь бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байна.

Үүнээс үүдэн чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж болзошгүй. Эдийн засгийн салбаруудаа дэмжихгүй байвал иргэд, аж ахуйн нэгжүүд авсан зээлээ төлөх боломжгүй болно” гэлээ.

Төсөв, мөнгөний хумьсан бодлого хэрэгжүүлэх нь цаашид арилжааны банкуудын олгосон зээлийн чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй. Монголбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж буйтай уялдан эдийн засаг дахь нийт мөнгөний хэмжээ буурч, аж ахуйн нэгжүүдийн мөнгөн гүйлгээ багасаж байна.

Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн салбаруудад бартерийн буюу барааг бараагаар солилцох арилжаа ихсэж байгаа гэдэг мэдээлэл бий. Гэхдээ эдийн засаг дахь мөнгөний хэмжээ буурч байгаагаас чанаргүй зээл цаашид өснө гэж шууд хэлэх боломжгүй гэж эдийн засагчид үзэж байна.

АРИЛЖААНЫ БАНКУУДАД ДАРХЛАА БАЙНА УУ

Төвбанкны тавьдаг төлбөр түргэн гүйцэтгэх болон хөрвөх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг арилжааны бүх банк хангаж буйг статистик тоон мэдээллээс харж болно. Тухайлбал, Монголбанкны шалгуур үзүүлэлтүүдийг банкууд гурваас дээш, зарим нь 15 орчим хувиар хангаж буй аж.

Энэ нь банкуудын эрсдэл даах чадвар боломжийн хэмжээнд байгааг харуулж буй юм. Нөгөө талаас нийт зээлийн хэмжээ багассан нь үүнд эзлэх чанаргүй зээлийн хувийг өсгөж буй хэрэг. 2008-2009 болон 2014-2015  оны чанаргүй зээлийн өсөлтийг харвал өөр хэв шинж харагддаг.

2008-2009 онд чанаргүй зээл 4-6 улирлын дотор огцом өссөн байдаг. Харин одоо бол зээлийн чанар аажмаар муудаж байна. Тиймээс банкууд үүнд бэлтгэлтэй байж, эрсдэлийг хянах боломжтой гэнэ.

Мөн банкны системийн хэмжээнд Засгийн газрын болон Төвбанкны үнэт цаасны хэмжээ өнгөрсөн аравдугаар сард 2.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараасаа 170 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Арилжааны банкны эрсдэлгүй активын хэмжээ ийнхүү нэмэгдэж буй нь мөн л эерэг үзүүлэлт аж. Үүнээс гадна манай улсын банк санхүүгийн системийн нэг онцлог нь олгож буй зээл үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцаатай байдаг. Энэ нь банкны систем тогтвортой байх нэг хөшүүрэг болдог аж.

Зээл чанаргүйтвэл зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр банкны өрийг барагдуулах боломжтой. Өмнө нь өр барагдуулах ажил нэлээд хугацаа шаарддаг байсан. Одоогоор арилжааны банкуудын дархлаа муугүй, Төвбанкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байна.

Гэхдээ эдийн засгийн өсөлт цаашид саарсаар байвал банкны систем үүнээс илүү эрсдэлтэй учрах нь мэдээж юм. Тиймээс доктор Л.Оюун “Том төсөл, хөтөлбөрүүдээ дэмжих хэрэгтэй байна.

Үүнд Засгийн газрын зөв бодлого хэрэгтэй. Мөн мөнгөний бодлого зөөлөн байж, үйлдвэрлэл рүү чиглэсэн санхүүжилт хийх, төсвөө тэлэх хэрэгтэй. Цар хүрээтэй, ирээдүйтэй хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй.

Үүнээс өөр аргаар хямралаас гарахгүй. Гэтэл манайд улс төржилт их байгаа учир Засгийн газрыг ч, Монголбанкийг ч хөдөлгөхгүй байна” гэв.

Н.САНЖААСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД